Засгийн газарт намаа төлөөлж байгаа сайд нарыг намынх нь даргын эхнэр загнаад л. Загнасных нь зоргоор нэг сайд нь албан тушаалаа хүлээлгэж өгнө гэж гүйгээд л. Амар ч юм уу.

Энэ бол өнгөрсөн ням гарагт болсон МАХН-ын Гүйцэтгэх товчооны хурлын үеэр өрнөсөн жүжиг. МАХН-ын Гүйцэтгэх товчооны хуралдаанд экс тэргүүн хатагтай О.Цолмон намын даргын үүрэг гүйцэтгэсэн юм байх. Тэр үеэр экс тэргүүн хатагтай МАХН-аас сонгогдсон Засгийн газрын сайд нарыг толгой дарааллан загнажээ. Тэрбээр сайд нарт хандан “Шударга үнэний төлөө тэмцэж явсан хүн хэлмэгдчихээд байхад та бүхэн юу ч хийсэнгүй. Та бүхнийг өдий зэрэгтэй болгосон хүн бол Н.Энхбаяр. Түүний биеийн байдал маш хүнд байна. Оношийг нь зөв тодорхойлохгүйгээр эмчлэх бололцоо алга. Ийм хүнд үед та бүхэн гадаадад эмчлүүлэх арга тал бодолцож, хөөцөлдөх ёстой. Бүр бүтдэггүй юм бол гадаадаас эмч авчирч үзүүлж, оношийг нь тодруулах чиглэлээр сэтгэл гаргах ёстой” хэмээсэн гэнэ.

Харин энэ бүхний дараа Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян албан тушаалаа хүлээлгэж өгөх хүсэлтээ намынхаа Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбад өгөх гээд гүйж байсан юм байх. Дээрх мэдээллийг Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян өөрөө үгүйсгэж байгаа ч түүнийг өргөдлөө өгсөн гэдгийг эх сурвалжууд баталж байгаа юм. Уг нь Э.Эрдэнэжамъян намынхаа даргыг улаан цээжээрээ хамгаалдаг хүмүүсийн нэгд яах аргагүй багтдаг. Улс төрийн албан тушаалд очсоныхоо дараа “Даргыгаа суллуулахын төлөө юу ч хийсэн чадна” гэсэн утгатай зүйл ярьж, олны эгдүүцлийг хүргэж байсан удаатай хүн шүү дээ. Гэтэл ямар учраас ийм үйлдэл хийв гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Түүнийг намынхаа удирдлагуудын дарамтыг тэсэж чадсангүй ийм үйлдэл хийлээ гэсэн утгатай мэдээлэл гарч байгаа ч харин ч эсрэгээрээ зохион байгуулалттайгаар хийж буй үйл ажиллагаа ч байж болох талтай. Учир нь МАХН-ынхан МАН-тай эвсэх тухай асуудал яригдаж эхэлсэн энэ үед Засгийн газрыг аль болох тогтворгүй болгох нь хэнд ашигтай вэ. Мэдээж МАХН-д. Тиймээс МАХН-ын сайд нартай холбоотой иймэрхүү мэдээллүүд тун удахгүй газар авахыг үгүйсгэх аргагүй юм. Аль эсвэл Н.Энхбаяртай холбоотой. Тухайлбал, өчигдрийн байдлаар л гэхэд экс Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын биеийн байдал муудаж, сахиур авахаас өөр аргагүй болсон гэдэг мэдээлэл гарч эхэлсэн байх аа. Нөгөөтэйгүүр, сайдыг намаас биш Засгийн газраас томилдог, томилгоог цуцлах эсэхийг ч Засгийн газар шийднэ гэдгийг МАХН-ын сайд нар тэр дундаа хуульч мэргэжилтэй Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян мэдэж л баймаарсан. Сайдын албан тушаал бол хэн нэгэн экс тэргүүн хатагтайд загнуулсандаа хүлээлгэж өгчихдөг тоглоом биш, намын даргын эрх ашигт нийцүүлж, гишүүдийн хүслийг харгалзсаны үндсэн дээр ажлаа хийдэг юм биш гэдгийг МАХН-ын сайд нарт сануулахад илүүдэхгүй биз ээ. МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба намынхаа ээлжит Бага чуулганы наймдугаар хуралдааны үеэр “Засгийн газарт хамтарч ажиллаж байгаа намын хувьд төрийн албан хаагчдын орон тоо манай намд байна. Харамсалтай нь манай намын гишүүдээс шаардлага хангах хүн тун ховор байна” гэж байсныг ч санах хэрэгтэй болов уу.

Мөн экс тэргүүн хатагтай О.Цолмонд хандаж МАХН-ыг “Н.Энхбаярын гэр бүлийн” гэсэн тодотголтой нам болговол ямар вэ гэсэн саналыг хэлэх гэсэн юм. Яг л хүүхдүүдээ загнаж байгаа юм шиг сайд нараа загначихдаг юм чинь. Тэр нь дээр ч байж мэдэх юм. Өнгөрсөн ням гарагт болсон шиг үйл явдал болох юм бол хэн ч дахиж юу ч хэлж чадахгүй шүү дээ.

 

Р.Сарангоо