Сонгуулийн Ерөнхий Хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн албан ёсны дүнг танилцуулав.

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн "Хоёр дахь санал хураалтын дүнгийн талаар авч хэлэлцэн, хоёр тогтоол гаргалаа. Нэгдүгээрт, сонгуулийн дүнг батлах тухай тогтоолыг баталлаа.

Сонгуулийн тухай хууль, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн хоёр дахь санал хураалтад оролцож, саналаа өгсөн нийт 1,207,787 сонгогчоос МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 497,067 буюу 41.16 хувь, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 611,226 санал буюу 50.61 хувийн санал авсныг баталсугай гэх тогтоолыг баталлаа.

Санал хураалтын дүнг гаргаж, Сонгуулийн Ерөнхий Хорооны цахим хуудаст байршуулсан байгаа. 

Нийт нэрийн жагсаалтад орсон сонгогч 1,990,797 байлаа. 

Санал өсгөн 1,207,787, ирц 60.67 хувьтай гарсан байна" гэсэн юм. 

Хоёрдугаарт, "Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-д өргөн мэдүүлэх талаар хэлэлцэж, тогтоол гаргалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн хоёр дахь санал хураалтад оролцсон сонгогчийн олонхын саналыг авсан нэр дэвшигч Халтмаагийн Баттулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж, бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлсүгэй гэсэн тогтоолыг гаргалаа.

10:00 цагт Сонгуулийн Ерөнхий Хороо УИХ-д тогтоолоо өргөн мэдүүлнэ" гэж мэдээллээ. 

ШУУД ҮЗЭХ: