Ганц өдөрт 12 хүүхэд “золиос” боллоо
2013/03/13
Халуун зүрхийг хагацлаар хөлдөөж, эх үр хоёрыг үхлээр заагласан аймшигт хэргүүд ар араасаа гарлаа. Хүний наймаа, зам тээврийн осол, эмч нарын хариуцлагагүй үйлдэл, хүнсний бүтээгдэхүүний чанаргүй байдлаас үүдэж өнөөгийн Монгол орон бяцхан үрсийн дурсамжаар дүүрч, үрээ булшилсан эцэг, эхчүүд амьдын тарчлаанд зовж байна.
Гэсэн ч хууль, дүрмийг өсгийндөө тахалж, дэндүү хайрамжгүй зангаа засаж залруулдаггүйн улмаас хүний амьдралыг оромцоглодог “араатнууд” өдийг хүртэл буурахгүй байна. Үүний нэгээхэн жишээг ганцхан өдөрт гарсан авто замын ослын тоо гэрчилнэ. Тодруулбал, өнгөрсөн өдөр 26 хүн зам тээврийн ослын золиос болсны 12 нь алдрай бяцхан үрс байжээ.
Осолд өртсөн хүүхдүүдийн 11 нь сургуулийн насны хүүхэд бол нэг нь сургуулийн өмнөх насны бяцхан жаал байв. Тухайлбал, Баянгол дүүргийн нутаг дэвсгэр 13 дугаар сургуулийн зүүн хойд замд амины “Toyota Crown” маркийн 88-83 УНА улсын дугаартай автомашины жолооч Н. Болор-Эрдэнэ нь “Toyota Prius” 47-08 УНЦ улсын дугаартай Т.Төгсбилэг жолоочтой автомашинтай мөргөлдсөн байна.
Улмаар дотор нь сууж явсан 93 дугаар сургуулийн хоёрдугаар ангийн сурагч Т.Тэргэл гэмтэл авчээ. Мөн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, Энхтайваны өргөн чөлөө, Мөнгөн завъяа дэлгүүрийн баруун хойд замд “Kia Lotze” 29-51 УНЭ улсын дугаартай автомашины жолооч Ц.Батсүрэн нь явганаар зорчиж байсан тавхан настай Б.Гоомаралыг мөргөж гэмтээсэн байна.
Түүнчлэн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Амгалангийн замд “Hyundai Porter” 96-39 УНЭ улсын дугаартай автомашины жолооч н.Батхуяг нь мөн маркийн 17-13 УНЧ улсын дугаартай Х.Төрбат жолоочтой автомашинтай мөргөлдөж, зорчигч 14 настай Б. Сарантуяа нарын хоёр хүнийг гэмтээсэн хэрэг гарчээ.
Харин бага насны хүүхэд осолд өртөж буй шалтгаан нөхцөлийг авч үзвэл, Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцдог, Авто замд ойр байрлалтай сургуулийн орчимд хүүхдийн аюулгүй байдлыг хангаж тухайн сургуулийн багш нар нийслэлийн боловсролын газар, Замын цагдаагийн газрын даргын хамтарсан 148/90 тоот тушаалын хэрэгжилтийг хангаж ажилладаггүй, хүүхдэд хамгаалах бүс зүүлгэдэггүй зэрэг олон арван зөрчил илэрсэн байна.
Энэ тухай Замын цагдаагийн газраас удаа дараа анхааруулдаг ч осол хэргийн хэмжээ буурахгүй байгаа нь жолооч нарын хариуцлагагүй байдалтай шууд холбоотой юм. Түүнчлэн сүүлийн өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл барьж байгаа жолооч нарын тоо даруй өсчээ.
Тухайлбал, өнгөрөгч 12-13-нд шилжих шөнө зам тээврийн 130 орчим дуудлага ирж, 14 хүн бэртсэн байна. Азаар нас барсан хүн байхгүй ч эд материалын хохиролтой 25, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон журамлагдсан 54 тохиолдол гарсан байна.
Б.Ширнэн
Эх сурвалж: