Монголын 1, 3, 5-тын мөнгөн дэвсгэртүүдийг урд хөрш рүү гаргах явдал сүүлийн үед ихэссэн тухай хууль хяналтынхан хэлж байгаа. Түүнчлэн Монгол Улсын хил гаалиар ил далд хэлбэрээр хоёр сарын хугацаанд 50 гаруй сая төгрөгтэй тэнцэхүйц мөнгөн дэвсгэртүүд гарсан гэх мэдээлэл хүртэл ирээд байгаа аж.

Хилээр гарч буй мөнгөн дэвсгэртүүд голдуу 1,3,5,20-тынх байдаг болохоор хил гаалийнхан төдийлөн анзаардаггүй байсан бөгөөд мөнгөнийх нь хэмжээ их биш учраас урд хөрш рүү ганзагын наймаа хийдэг иргэдийг хилээр авч гарахыг хориглодоггүй байсан бөгөөд юань авч явахаасаа илүүтэйгээр монгол мөнгөн дэвсгэрттэй явахыг илүүд үзэх болсон иргэдийг гаалийнхан анхааралдаа авч, шалгаж эхэлжээ. Хамгийн сонирхолтой нь хилээр гарч буй мөнгөн дэвсгэртүүд бүгд шинэ байдаг аж. Өнгөрсөн наймдугаар сарын 26-ны өдрийн Улаанбаатар-Эрээний гарах чиглэлийн галт тэргэнд зорчиж явсан Монгол улсын иргэн Н нэг төгрөгийн дэвсгэрт 1900 ширхэг, таван төгрөгийн дэвсгэрт 100 ширхэг, арван төгрөгийн дэвсгэрт 2100 ширхэг, хорин төгрөгийн дэвсгэрт 1700 ширхэг, 50 төгрөгийн дэвсгэрт 390 ширхэг, зуун төгрөгийн дэвсгэрт 100 ширхэг нийтдээ долоон зуун жаран нэгэн мянга есөн зуун төгрөг хилээр нэвтрүүлэх гэж байсныг нь тогтоосон. Тэрбээр "БНХАУ-ын Эрээн хотод аваачиж хятадуудад өгдөг. Тэд монгол мөнгөөр бэлэг дурсгалын зүйлс хийдэг гэж сонссон" хэмээн мэдүүлсэн байдаг. Он гарсаар нэг, тав, арав, хорь, тавь, зуун төгрөгийн мөнгөн дэвсгэртүүдийг улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан үйлдлүүд хэд хэдэн удаа бүртгэгдээд байгаа ажээ. Тухайлбал, 2013 оны тавдугаар сарын 18-нд Монгол Улсын иргэн У 50 төгрөгийн дэвсгэрт 8000 ширхэг, 100 төгрөгийн дэвсгэрт 200 ширхэг мөн л хилээр нэвтрүүлэх гэж байгаад баригдсан гэв. Мөн энэ сарын 18-нд иргэн Б таван төгрөгийн дэвсгэрт 20000 ширхэг, нэг төгрөгийн дэвсгэрт 20 ширхгийг тус тус улсын хилээр нэвтрүүлэхийг завджээ. 

Өнгөрөгч есдүгээр сард буюу хамгийн сүүлд гэхэд Улаанбаатар-Эрээн чиглэлийн 686 дугаар галт тэргээр БНХАУ руу зорчиж явсан манай улсын нэр бүхий хоёр иргэн иргэн 50-т, 100-тын мөнгөн дэвсгэрт тус бүр 15 мянган ширхгийг хилээр нэвтрүүлэх гэж байсныг илрүүлсэн байна. Тэднийг Замын-Үүдийн хилийн 0108 дугаар ангийн хилчид илрүүлжээ. 

Эдгээр иргэд мөнгөн дэвсгэртийг 2008 оноос хойш их, бага хэмжээгээр хил давуулж, БНХАУ-ын иргэдэд худалдаж байгаа бөгөөд ихэнх нь бэлэг дурсгалын зүйлс хийх зориулалтаар гаргаж байна гэж тайлбарладаг байна. Гэвч Хятадууд манай мөнгөн дэвсгэртээр бэлэг дурсгалын зүйл хийдэггүй бөгөөд өөр зорилгоор ашигладаг байна. Эрүүгийн цагдаагийн газрынхнаас авсан мэдээллээр "Ийм тохиолдол багагүй гарч байна. Нөгөөтэйгүүр хуурамч юань, монгол мөнгөн тэмдэгтүүд хуурамчаар үйлдэгдэх нь сүүлийн үед ихэссэн. Хуурамч ам.доллар урд хөршөөс орж ирэх болсон нь нууц биш. Иймд монгол мөнгөн тэмдэгтээ урд хөрш рүү гаргахгүй байхад иргэд анхаарах хэрэгтэй. Энэ нь их хэмжээгээр үйлдэгдэж буй хэрэг биш ч гэсэн мөнгөний нийлүүлэлтэд бодит аюул учруулж болзошгүй учир сэрэмжлэх хэрэгтэй. Хятадын гэмт бүлэглэлийнхэн Монгол, Вьетнам төдийгүй Зүүн Азийн мөнгөн дэвсгэртүүдийг авч хууль бус зүйлд ашигладаг болсон нь тогтоогдсон" хэмээгээд буй. Ийм учраас Хилийн тагнуулын албаныхан энэ асуудлаар шалгалт хийж зарим зүйлсийг тогтоосон байна. Тодруулбал, Хятадууд монгол төгрөгийг бэлэг дурсгал хийх бус харин тусгай уусмалд хийж, зураг, дүрсийг нь арилгаад үнэт цаасыг нь хуурамч валют хийхэд ашигладаг байсан аж. Өөрөөр хэлбэл 1, 3, 5, 20-тын дэвсгэртүүдийг хятадууд худалдан аваад үнэт цаасны түүхий эд болгодог тул манай улсын ТЕГ-аас гүйлгээнд гаргахыг хориглосон байна. Түүнчлэн манай хил гаалийнхан хяналтаа сайжруулж, мөнгөн тэмдэгт их хэмжээгээр авч яваа хүмүүсийг саатуулан шалгаж, хурааж авах болсон байна. Мөн жижиг дэвсгэртүүд богино “настай” буюу 2-3 жил болоод дахин хэвлүүлэх шаардлага гарна. Гэтэл дээрх дэвсгэртүүдийн өртөг хэвлэх зардлаасаа ч доогуур байдаг. Жишээ нь, АНУ-ын нэг ам.долларын дэвсгэртийг хэвлэх зардал 5.7 цент байдаг аж. Монгол мөнгөн тэмдэгтүүд ч үүнтэй төстэй биз, ядаж л 10 төгрөгийг хэвлэх зардал 10 төгрөгөөс үнэтэй л байж таарна. Нэгэнт тухайн мөнгөн тэмдэгтээр худалдан авах бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ байхгүй тохиолдолд гүйлгээнээс гаргадаг жишээ хаа ч бий хэмээн ярих нэгэн ч байна. Юутай ч энэ асуудал Монголбанк болон ТЕГ-ынхны хараанд өртөж, хэдийнээ анхааралдаа авч эхэлсэн байна. 


Б.МЯГМАР