Хурдны зам хувьсал дагуулах уу, эсвэл “үхэл” тээвэрлэх үү
2013/03/14
Зам тээврийн осол, гэмтлийг бууруулахад дорвитой ажил өрнүүлэхгүй бол горьгүй нь. НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас 2011-2020 оныг замын хөдөлгөөний аюулгүй байдлын жил болгон зарласан байдаг.
Ихэнх улс орнуудын хүмүүс зам тээврийн осол гэмтлийг өдөр тутам тохиолддог жирийн үзэгдэл мэт хүлээн авдаг. Гэтэл тийм биш гэдгийг шил шилээ дарсан ослууд гэрчилж байна. Манай улсын тухайд зам тээврийн осол нь нийт нас баралтын гурав дахь шалтгаан болдог гэх дүн ч бий. Зам тээврийн осол гарч байгаа шалтгаан нь хайхрамжгүй жолоодлого, жолооч нарын дадлага хандлага, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, явган зорчигч нарын замбараагүй хөдөлгөөн, замын эвдрэл гэмтэл зэргээс үүдэлтэй.
Тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэх тусам авто замын осол ихсэх хандлагатай байдаг. Гэхдээ чанартай зам, чансаатай жолооч авто замын ослыг бууруулахад чухал нөлөөтэй. Тэгвэл жилийн жилд хийсэн ажлаасаа болж хэл аманд өртдөг авто замынхан арай өөр шийдлээр ажиллах гэнэ. Нийслэлд хэд хэдэн газарт шинээр авто зам барина. Бүүр цаашлаад орон нутгийг холбосон хурдны зам тавихаар шийджээ. Хурдны зам тавигдах ажил ирэх тавдугаар сараас эхлэн хоёр жилийн хугацаанд үргэлжилнэ.
Стандарт хангасан, бусад орны жишигт хүрэхүйц хурдны замтай болвол сайхан л юм. Гэхдээ энэ бол сэрүүн зүүд. Хурдны зам тавих чадвартай компани хаана байна. Үүнийг дагаад авто замын чиглэлээр ажиллах мэргэжилтнүүд хэрэгтэй. Ингээд бодохоор итгэхэд бэрх ч сайхан зүүд байна. Хотын замаа энхэл доголтой барьчихдаг манайхан хурдны замыг барина гэдэг юу л бол. Зам бол хөгжлийн толь гэх. Аливаа улс орны хөгжил авто замаасаа харагддаг. Манай улсад 16 мянга орчим км зам байдгаас 2000 гаруй нь хатуу хучилттай аж. Үүнээс 420-430 км нь Улаанбаатарт байдаг гэсэн судалгааг одоогоос хэдэн жилийн өмнө гаргаж байв. Үүнээс хойш хэдий хэр хугацаа өнгөрөв. Өнөөх л авто замын асуудал үе үеийн сайд нарын толгойн өвчин болсон хэвээр байна.
Хурдны зам гэж мэдэх билүү
Хурдны зам гэж юу байдгийг монголчууд мэдэхгүй. Үнэндээ бол “Нарны зам”, “Насны зам”, “Мянганы зам” гэхээс цаашгүй шүү дээ. Тэгвэл “Энэ олон салаа замын алинаар нь явах вэ” хэмээн хошигнодог үе ард үлджээ. Орон нутгийн замууд шинэчлэгдэж одоо удахгүй хурдны зам тавигдана. Овоо доо шинэчилсэн засгийн буянаар хурдны замаар тоос татуулан давхих нь. Гэхдээ одоо ашиглагдаж байгаа орон нутгийн замуудыг “хурдны зам” гэхгүй. Энэ мэт зам барьчихаад хурдных гэвэл олон улсад төдийгүй орчлон ертөнцөд онигоогоо чирэх байлгүй. Замын хөдөлгөөний дүрэмд автомашиныг хэдэн км цагийн хурдтай явахыг тусгаж өгсөн байдаг.
Хот доторх болон орон нутгийн замд өөр өөр хурдтай явна. Тухайлбал, хөдөө орон нутагт суудлын авто машин 80, ачааны машин 60, механикжсан тээврийн хэрэгсэл 40 км цаг явах журамтай. Харин хурдны зам бол өөр. Монголын нөхцөлд 100-гаас дээш км цагийн хурдтай давхих хурдны зам байхгүй. Байлаа гэхэд эрсдэл өндөртэй. Хурдны замд огцом хурдаа авах, гэнэт тоормослох нь бензин үрэгдэхэд нөлөөлөхөөс гадна осолд өртөх өндөр магадлалтай байдаг. Тэгэхээр хурдны замаар давхиж буй жолооч хурд хасах эрхгүй гэсэн үг. Ингэхээр хурдны замаар явах жолооч ур чадвартай байх ёстой.
Чанаргүй жолооны курсийг дүүргэсэн дадлагчид хурдны замаар явах нь байтугай барааг нь хараад сүрдэх биз. Хурдны зам гэдэг эргэлтүүд нь тэгш хэмтэй. Холын замд жолооч нар хурдтай явдаг учраас эргэлтүүд дээр замыг налуулж өгдөг ёстой. Гэтэл орон нутгийн замууд овоолсон шороон дээр суурилуулсан асфалтиас өөр зүйлгүй шүү дээ. Адаглаад тэмдэг, тэмдэглэгээ гэж “оо” заачихсан. Суурин газраас хурдны замд шилжсэн гэх тэмдэглэгээ хэрэгтэй. Гэтэл хаана юуг хатгасан нь тодорхой бус шонгууд бий. Замын тэмдэглэл хэдэн км-т байрлах вэ, ямар учиртай вэ гээд нарийн зүйл олон. Ганцхан жишээгээр гадныхантай барьцъя. Барууны орнуудад хурдны буюу тууш замд зөвшөөрсөн дээд хурд нь 80-100 км цагийн хооронд байх. Гэхдээ эдгээр орнуудад замын стандарт хэр билээ. Манайх шиг муруй, саруй замд 80- 100 км цагийн хурд хэтэрхий их тоо. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмэнд хурдны замд ийм цагийн хурдтай явна гэсэн журам одоохондоо алга.
Чадвартай жолооч бэлтгэхийн тулд Чанартай курсууд хэрэгтэй
Би жолооны курс төгссөн болохоор өөрийгөө “жолооч” гэж боддог. Жолооны дүрмээ сайн мэдэхгүй. Хотын жолоонд ч цөөхөн гарч байсан. Иймээс би өөрийгөө сайн жолооч гэж боддоггүй юм. Хэдийгээр өөртөө итгэлгүй жолооч ч өрөөл бусдын хөдөлгөөнд саад учруулж, хэн нэгэнтэй мөргөлдөж явсангүй. Хотын төвөөр явахдаа хэл ам татлаад байдаггүй болохоор би зөрчилгүй жолооч. Харин хөдөө орон нутгийн замаар явахдаа маруухан. Тэгэхээр хурдны замаар явна гэж мөрөөдөөд ч хэрэггүй биз. Над шиг “мэдлэгтэй” жолооч цөөнгүй бий.
Гэхдээ ихэнх нь ид далд хэлбэрээр, хэн нэгний нөмөр нөөлгөөр жолооны үнэмлэх халааслчихсан байдаг. Энэ бол нууц зүйл биш. Миний тойрон хүрээлэгчдийн дунд ч хулхи жолоочид олон байгаа. Ашиг олж байвал ард нь ямар жолооч бэлтгэгдэж байгаа нь хамаагүй арчаагүй жолооны курсууд авто ослыг өөгшүүлж байна. Ухарч мэдэхгүй атлаа урагшлахаас өөр зүйлгүй дормын сэтгэхүйтэй жолооч нарт дорвитойхон арга хэмжээ авах цаг нь болжээ. Жолооны курст суралцаж байгаа нэртэй жолоо мушгиад явж байгаа залуус ч олон. Баян айлын хүүхдүүд жолоонд суух нь байтугай хэн нэгний халаасанд хэдэн цаас шургуулаад автомашин хүлэглэдэг айхтар жишиг бий. Иймэрхүү маягийн жолооч нар энэ улсад бүртгэгдээд байхад хурдны замыг ярихын хэрэг байна уу даа.
Б.Чанцал