2013 он улиран одох хугацаа дөхсөөр... Хоёр оны зааг дээр шилдгүүд тодордог “уламжлалтай”. Тэгвэл мэдээллийн хөтөч www.Dorgio.mn сайт 2013 онд Улс төрчдийн гаргасан алдаа дутагдал буюу гутамшигт үйл явдлыг нэрлэж байна.

1. Ууланд төөрдөг сайд, үрээ тэврээд урссан эх ижил эрхтэй.

Монгол улсын иргэн, Ерөнхий сайд маань 70 бараа бологчийнхоо хамт найман сарын өмнө Бурхан халдун ууланд гарсан боловч цасан шуурганы улмаас төөрч Тагнуул, Онцгой, цагдаа, Ерөнхийлөгчөө , Шадар сайдын хамт сандаргаад авсан. Өөрөөр хэлбэл Ерөнхий сайд болон түүний бараа бологчдыг аврах гэж 200 хүнийг хээр хооллохоос гадна, унаа тос, нисдэг тэрэг зэргийг ашиглаж нийт 100 гаруй сая төгрөг зарцуулсан байдаг. Харин Ерөнхий сайд үүндээ огт санаа зовохгүй байгаа бололтой "Би шүтээн ууландаа авирдаггүй, харин хүндэтгэл үзүүлдэг. Энэ удаа Ерөнхий сайдын хувьд олон түмнээ даатгаж мөргөсөн. Монголчууд улам их хийморьтой явна." хэмээн тайлбарлаж байсан. Тэгвэл “Найман сартай хүүхдээ тэврээд урссан ээжийн хойноос Ерөнхий сайдыг эрдэг шиг ингэж шуурхай ажилласан бол... Үнэн хэрэгтээ үрээ тэврээд урссан эх, Ерөнхий сайд Н.Алтанхуяг хоёулаа Монгол улсын иргэн, ижил эрхтэй гэдгийг бодох л асуудал шүү...

2. Чингис хаан дэлхийн хамгийн их өртэй хүн:

Монголчууд эзэн богд Чингис хаанаа үеийн үед дурсан санаж, хүндэтгэл үзүүлж ирсэн. Харин сүүлийн үед Чингис хаанаа хүндлэх биш харин доромжлоод байгаа дүр зураг ажиглагдаж байна. Өнөөдөр Чингис хааныхаа нэрийг бариад 5 тэрбум ам.долларын бонд гаргахаас эхний ээлжинд 1.5 тэрбум ам.долларын бонд гаргаж, жилдээ 106 тэрбум төгрөгийг жилдээ хүүнд нь төлнө. Өдөрт 260 сая төгрөг төлж байгаа гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл Монгол улсын нийт өрийн хэмжээ өнөөдрийн байдлаар 18 тэрбумд хүрээд байгаа. Үүний 8.2 нь Засгийн газрын өр. Тэгвэл зөвхөн Засгийн газрын өрийг Монгол улсын иргэнд хуваагаад, нэг иргэний өрийг тооцох юм бол өнөөдөр Монгол улсын нэг иргэн гурван сая төгрөгийн өртэй болж байгаа юм. Өнөөдөр засгийн газар бондын хөрөнгөөс өдгөө дөнгөж 930 тэрбум төгрөгийг ашигласан бөгөөд энэ мөнгөнийхөө 10 гаруй хувьтай тэнцэх буюу бараг 110 гаруй тэрбум төгрөгийг зөвхөн хүүндээ энэ жил төлөхөөр байгаа юм. Өнөөдөр бондын мөнгийг хэрхэн юунд зарцуулж байгааг жирийн иргэн та бид битгий хэл УИХ-ын гишүүн ч мэдэхгүй байна. Хамгийн гутамшигтай нь Монголчууд талийгаачийн “ясыг өндөлзүүллээ” хэмээн цээрлэдэг бол бид эзэн хааныхаа ясыг өндөлзүүлээд зогсохгүй дэлхийн хамгийн их өртэй хүн болгочихлоо.

3. Тавьтаргүй Н.Номтойбаяр Монгол төрийн бас нэгэн гутамшиг.

Хүчин, танхай, хууль бус ан хийсэн гээд олон хэрэгт УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт холбогддог. Харин тэр бүх хэргүүд мөнгөөр зодуулдаг юм уу, үнэхээр шударгаар шийдэгдсэн үү мэдэхгүй юм, намжаад л өнгөрдөг. Тэгвэл УИХ-ын гишүүний үйлдсэн байх магадлалтай гэмт хэрэг олны анхаарлыг татаад байгаа. Өөрөөр хэлбэл Төрийн ордны хойно байрладаг "Le Triskell" бааранд УИХ-ын гишүүн найзынхаа хамт өнгөрөгч есдүгээр сарын 25-26-нд шилжих шөнө алжаалаа тайлж байсан бөгөөд энэ үедээ эртний танилтайгаа таарч, ам мурийж хутга шөвгөндөө тулж бие хамгаалагчаа маслоны хутгаар гэмтээсэн явдал. Үүнийг Мунзуй хочит Г.Нямдорж болон "Le Triskell" баарны бичлэг баталдаг. Өдгөө энэ хэрэг прокурорт шилжээд байгаа. Монгол ардын зүйр цэцэн үгэнд биеэ засаад гэрээ зас. Гэрээ засаад төрөө зас гэдэг бол эрхэм гишүүн маань биеэ засаагүй бололтой юм.

 

4. Р.Амаржаргал, Ч.Улаан, Н.Батбаяр нарыг УИХ, Засгийн газраас явуулалгүй авч үлдсэн АН-ынханд ичих булчирхай алга.

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал: “Одоогийн төр, Засгийн газар үнэхээр хариуцлагагүй ажиллаж байна. Би хариуцлагыг нь хүлээж УИХ-ын гишүүнээсээ татгалзъяа” гэхэд нь парламентад олон суудал авсан намын нөхөд нь түүнийг УИХ-ын гишүүнээс нь чөлөөлөөгүй авч үлдсэн. АН-ынхан ичих булчирхайгаа ажиллуулсангүй, улс төрийн соёлоос суралцахыг ч хүссэнгүй. Үүнийг Ч.Улаан, Н.Батбаяр сайдуудыг авч үлдэх гэж байгаа явдал нь харуулж байгаа юм. Үнэн хэрэгтээ Ч.Улаан, Н.Батбаяр нар өнөөдөр Монгол улсын эдийн засгийг элгээр нь хэвтүүлж, бондын мөнгийг хэрхэн зарцуулж байгаагаа хүртэл нууж байгаа. Хэрэв манай улс энэ эрчээрээ байвал дараа жилийн 6-р сар гэхэд Украйн шиг дампуурлаа зарлах хэмжээнд хүрэх юм. Үүний баталгаа нь: Өнөөдөр төгрөгийн ам.доллартай харьцах ханш 30 орчим хувиар суларсан. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ бодит амьдрал дээр 30 орчим хувь өсөж, улмаар иргэдийн худалдан авах чадвар эрс муудаж, ард иргэдийн амьдралд хүндээр тусаж байна. Хэдийгээр өргөн хэрэглээний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах 3 их наяд төгрөг, “Чингис” бондын 1,5 тэрбум ам.долларын хөтөлбөр, Хөгжлийн банкны 580 сая ам.доллар гээд улсын төсвөөс дутахааргүй их мөнгийг төсвийн гадуур ямар ч хяналтгүйгээр эргэлдүүлсэн боловч өнөөдөр ард түмний амьдралд наалдан, үнэ тогтворжиж, ач тусаа өгсөнгүй. Байдал ийм байхад сайд нараа сайн ажилласан хэмээн авч үлдэж байгаа нь улс төрийн соёлгүй АН-ынхан Монгол төрийн гутамшиг.

5. Том, тэнэг төр Монголын гутамшиг.

Ерөнхийлөгч улс орны өнөөгийн байдал хүнд байгаа нь төрийн бүтэц хэт данхайж, үргүй зардал их гаргаж, иргэдэд чирэгдэл учруулж байгааг хэлсэн. Үүнийг бүх нийтээрээ хүлээн зөвшөөрсөн явдал байлаа. Харин үүнийг ганц эсэргүүцэж байгаа нь Засгийн газар болж таарлаа. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад удаагүй байх үед Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэрэгтэй, хэрэггүй төрийн агентлаг, газар, хэлтэсийн тоог цөөлөхөө мэдэгдэж байлаа. Харамсалтай нь түүний хэлсэн, хийсэн хоёр зөрж байгаа юм. Хэдийгээр 40 гаруй агентлагийн тоог 28 болгон бууруулсан ч 11 яамыг 16 болгосон. Мөн Төр засгийн үйлчилгээ эрхлэх газар, Авто замын хяналт, эрдэм шинжилгээ, судалгааны төв, Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газар, Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв гээд үүрэг, чиглэл нь адилхан, нэг нь нөгөөгөөсөө ялгарах юмгүй улсын үйлдвэрийг цөөнгүй байгуулсан. Улсын төсвийн нийт зарлагын 60 хувийг захиргааны зардал эзэлдэг бөгөөд төр данхайхын хэрээр эдийн засагт асар том ачаалал ирж байгаа юм. Ядаж байхад тэдгээр дарга нар эрх ямбаа эдлэхээ мэдэхээс бусдыг мэддэггүй бөгөөд УИХ-ын гишүүдээсээ том толгой гаргаж байгаа. Энэ бол өнөөгийн том төрийн жинхэнэ нэг эмгэнэл мөн юм.

6. Хятад өнгө аясыг цухалзуулсан Ц.Цолмон гишүүний элийрэл.

УИХ-ын гишүүн Ц.Цолмон өдөр тутмын хэрэгцээг харгалзан латин үсгээр Монгол хэлийг бичих хувилбарыг боловсруулж зохиогчийн эрх авсан. Тэрбээр энэхүү батлагдсан хувилбарыг өдөр тутмын хэрэглээндээ ашиглаж байхыг УИХ-ын гишүүддээ санал болгосон билээ. Мөн санал болгож буй хувилбарын шинэлэг давуу тал нь Ө, Ү үсгийг оновчтой тэмдэглэж байгаа бөгөөд , криллийн Ө-г ойролцоо дуудагддаг латины Q үсгээр, Ү-г ойролцоо дуудагддаг болон төстэй харагддаг V үсгээр тэмдэглэх юм байна. Жишээ нь, Хөдөө тал минь малаар дүүрэн гэдэг өгүүлбэрийг Hqdqq tal mini malaar dvvren гэж бичих аж. Харин Ш үсгийг SH үсгээр биш Хятад аялгаар буюу X-ээр тэмдэглэсэн нь олон нийтийн дургүйцлийг ихэд хүргэсэн. Өөрөөр хэлбэл Хятадууд ханзыг криллээр давхар бичдэг бөгөөд ингэхдээ Ш үсгээр дуудагдах үгийг Х үсгээр бичдэг ажээ. УИХ-ын гишүүн дээр нь Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга хүн ийм зүйлээр хөөцөлдөн яваа нь энэ оны шилдэг гутамшигийн нэгд зүй ёсоор тооцогдоно. УИХ-ын гишүүн, Байнгын хорооны даргад хэл шинжлэлээс хийх өөр зүйл баймаар...

7. Агаарын бохирдол буурсан гэж худал мэдээлж байгаа нь Монгол төрийн бас нэг гутамшиг.

Улаанбаатар хотын утааны 60 хувь нь гэр хорооллын яндангаас гарч байгаа утаа, 20 орчим хувь нь авто машины утаа, 10 орчим хувь нь нам даралтын зуух, дөрвөн хувь нь шороо тоостой холбоотой, үлдсэн зургаан хувь нь дөрвөн том цахилгаан станцийн яндангаас агаарт цацаж байгаа утаанаас ялгарч байна.

8. Бенз “S500” –гаараа гайхуулсан гишүүн нэг гутамшиг:

Сонгинохайрхан дүүргээс УИХ-ын гишүүнээр сонгогдсон “Монос”-ын гэгдэх намтартай Л.Эрдэнэчимэг  ”Бенз S500″ маркийн авто машинтай болсноо  твиттэртээ  магтан жиргэсэн билээ. Тэрбээр “Бенз S500″ чинь үнэхээр догь машин юм. Гражинд орохдоо өөрөө замаа сканнердаад орчихдог. Дээрээс нь домакрат байдаггүй ээ. Германы “Бенз машинууд нь Дэлхийд   аюулгүй байдалыг 1-р тавьдагаараа онцлог байдаг бөгөөд Бензны дугуйнд “Мөнгөн ус” байдаг учир ямарч нөхцөлд онхолддоггүй гэдэг. Гэлээ гээд ард олны төлөөлөл хүн болон сонгогдчихоод “Эд”-ээрээ гайхуулна гэдэг гутамшиг.

 

9. Эрүүл мэндийн сайд Н.Удвал эмнэлгийн захирлын асуудлыг шийдэж чадахгүй байгаа нь нэг гутамшиг:

 Монгол улсад ганц байдаг Гэмтэл согог судлалын үндэсний төв болох энэ эмнэлгийн захирлыг сольсноос болж эмч, ажилтнууд удаа дараа ажил хаялт зарласан. Үүний хариуд ард иргэд нь яаралтай хагалгаанд орж чадахгүй өвчиндөө шаналж, эмч нарыг ажил хаялтаа зогсоохыг хүлээж суусан юм. Гэтэл энэ эмнэлгийн даргын асуудал өнөөг хүртэл шийдэгдэж чадахгүй байсаар л байгаа.

 

10. Монгол банк болон Засгийн газар инфляцийг нэг оронтой тоонд барин хэмээн ард түмэндээ амласандаа хүрээгүй төр нэг гутамшиг:

Ард иргэдийн дуу хоолой болон сонгогдсон 76 гишүүн он гарлаа ч гэсэн инфляцийн нэг оронтой тоонд багтаан барьж чадна гэж хэлж байсан удаатай. Тэгвэл шинэ он гарч амжаагүй байхад инфляци 12 хувь болж өсчихлөө.

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс сэргийлэх зорилгоор  “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” гээчийг хэрэгжүүлж байгаа. Гэтэл бодит амьдрал дээр өнөөдөр өргөн хэрэглээний барааны үнэ өссөөр байгаа үүнийг би ч, иргэд ч хэлнэ. Тэгээд бүүр нөгөө инфляци нь 12 хувь хүрчихсэн гэдгийг эрхэм 76-ийн ангийн ахлагч Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдэж л баймаарсан даа.

11. Засгийн газрын бас нэгэн гутамшиг:

Монгол улсын Засгийн газраас “Зөв бичгийн дүрмийг сайжруулж, толь бүтээх” ажлын хэсгийг томилон ажиллуулж байгаа. Энэ ажлын хүрээнд хэсэг эрдэмтэд Монгол хэлний цагаан толгойн “й,щ,ь,ъ” үсгүүдийг хасах шийдэлд хүрч, түүнийгээ биелүүлэхээр улайрч байсан. Тэгвэл  энэ асуудалд Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Цагаан толгойн дөрвөн үсэг хасах ямар ч асуудал надад ирээгүй байна. Тийм зүйл огт байхгүй” хэмээн албан ёсны мэдээлэл өгч, энэхүү асуудалд цэг тавьсан.
Эрдэмтэд нь хүртэл хасах болсон хэмээн ярилцлага, тодруулга хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд өгч байсан билээ. Дээрх дөрвөн үсгийг хасна, хасахгүй гэсэн яриа гарган ард иргэдийг төөрөгдүүлсэн Засгийн газар гутамшиг.

12. Өндөгний үнэ нэмэгдсэнийг үнийн өсөлт гэдэггүй Ерөнхий сайд Н.Алтанхуяг гутамшиг:

 Засгийн газрын үнэ тогтворжуулах хөтөлбөрийн үр дүн хаана байна вэ гэсэн сэтгүүлчийн асуултад Ерөнхий сайд Н.Алтанхуяг: “Өндөг 500 төгрөг болсныг үнэ өссөн гэдэггүй. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, хувцас зэрэг 230 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлж нэг сагсанд хийгээд дундаж үнийг тооцоолж гаргадаг. 230 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах ямар ч боломжгүй. Гарын таван хуруунд багтах мах, гурил, шатахуун, цементийн үнийг тогтворжуулах хөтөлбөр амжилттай хэрэгжсэн.  Бүх юмны үнийг  тогтвортой байлгадаг Засгийн газар хаа ч байхгүй. Будааны үнэ өндөр байгаа бол гурил идчих хэрэгтэй шүү дээ” хэмээн хариулт өгсөн юм.

 

13. Орон сууцжуулах хөтөлбөр нь бэл бэнчинтэй хүмүүст зориулагдсан нь Монгол төрийн бас нэгэн гутамшиг:

Орон сууц санхүүжилтийн корпорацийг бага, дунд орлоготой иргэд гэсэн тодорхой зорилтот бүлгийг орон сууцаар хангах зорилготой байгуулсан. Нийслэл хот болон бүх аймгуудад орон сууцны барилгажуулалт болон зээлийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг үндэсний хэмжээний төрийн өмчит компани. Засгийн газрын “100,000 орон сууц” хөтөлбөрийн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй. Гэтэл энэхүү хөтөлбөрийн хүрээнд 8 хувийн эпотикийн зээлд хамрагдсан 20 мянган хүний зөвхөн 10 хувь нь л шинээр орон сууц худалдан авсан байна. Өөрөөр хэлбэл үлдсэн 18000 хүн нь хоёр, гуравдахь байраа авсан бэл бэнчинтэй хүмүүс байсныг судалгаагаар тогтоосон байна.