Захирагддаггүй засаг дарга нар-1
2013/12/22
“Аймаг орон нутгийн Засаг дарга гэж хэнд ч захирагддаггүй дур зоргоороо авирласан нөхөд байдаг” гэсэн ойлголт нийгэмд газар авлаа. Гүйцэтгэх засаглалын танхим нь дан биш, давхар дээлтэй сайд нараар дүүрснийг Төрийн тэргүүн ч жич шүүмжилсэн нь бий.
Төрийн алба нь төрлийн алба болж, төрийн албанд ажиллаж үзээгүй хүмүүс орон нутгийг удирдаж байгаа нь яах аргагүй энэ засгийн нэгэн дүр зураг. Тиймээс “Монголын үнэн“ сонин “Захирагддаггүй Засаг дарга нар“ хэмээх цувралыг уншигчдадаа хүргэхээр шийдлээ.
Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь хятадуудаас хахууль авсан уу
Захиргаагүй Засаг ноёдын тоонд тэрбээр зүй ёсоор багтана. Орон нутгийн 2012 оны сонгуулиас өмнө түүний хууль бус үйлдэл хэрээс хэтэрснийг нутгийн иргэд цөөнгүй мэдээлж, тэр ч бүү хэл АТГ-т шалгуулахаар хандаж байсан ч намын даргынх нь халаасанд орсон хууль, шүүхийнхэн энэ асуудалд төдийлөн фокус тааруулалгүй байсаар сонгуультай золгосон. Нэгэнт орон нутагт эрх мэдлээ тунхагласан тэрбээр дахин сонгогдсонд гонсгор иргэд олон байна. Учир нь Ж.Батсуурь өнөөх л орд газрын хэрүүлээ үргэлжлүүлэн, аж ахуйн нэгж, иргэдийн газрыг дээрэмдэхээ болиогүй байгаа нь ийнхүү нутгийн иргэдэд ад үзэгдэхэд хүргээд байгаа аж. Сүхбаатар аймагт 2008 оноос хойш эзэн суугаад буй Ж.Батсуурийг орд газрын наймаачин гээд хэлчихвэл нэг их хол зөрөхгүй. Учир нь энэ эрхэм аймагтаа байрлах хэд, хэдэн орд газрыг зарж үрсэн, гадныханд өгсөн гэх мэт асуудлаас холдож үзээгүй гэвэл хилсдэхгүй. Ингээд баримт дурдъя.
Баримт 1
Сүхбаатар аймгийн төвд байрлах иргэн Ц.Батболдын эзэмшил газар, Баруун-Урт сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэрт орших /газар эзэмших эрхийн 0028917 тоот, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн 000070050 тоот гэрчилгээ, аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн 3672271 тоот гэрчилгээтэй/ үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн газрыг Засаг дарга Ж.Батсуурь хууль бус шийдвэр гарган авто зогсоол барих нэрийдлээр хэрмэн ханыг нь буулгажээ. Энэ аж ахуйн нэгж 11 ажлын байртайгаар үйл ажиллагаа явуулдаг байсан аж. Гэтэл Засаг дарга энэ газрыг чөлөөлж өгөх нь бүү хэл худалдааны төв барьж эхэлсэн бөгөөд Ц.Батболдоос өөр иргэний нэр дээр газрын гэрчилгээг нь шилжүүлсэн байжээ. Ц.Батболд аймгийн ИТХ-ын гаргасан хууль бус шийдвэрийг няцааж, Дээд шүүхэд хүртэл хандаж байж, Засаг даргаа буулгаж авсан удаатай. Харин Засаг ноён Дээд шүүхээс ирсэн албан бичгийн хариуд “Ерөнхийлөгчтэй уулзаж байж болно”, “Ерөнхий прокурортой яриад үзье л дээ” гэх зэргээр эрх мэдлийн ялгаа зааг гаргаж байсан нь бий.
Баримт 2
Иргэдийнхээ газарт шунасан эхний алхам нь бүтэлгүйтсэн ч Засаг ноён дахин бага сургуулийн газар руу дайрсан байх юм. Ингээд асуудал үүссэн ч хамтран эзэмших гэрээгээр аргалсан талаар эх сурвалж хэлж байна. Сүхбаатар аймагт 2010 оны аравдугаар сард шүлхий өвчин гарч хөл хорио тогтоох үед Засаг дарга Ж.Батсуурь Баруун-Урт сумын төвд орших бага сургуулийн дэргэдэх газрыг тоглоомын талбайн хамт “Эх-Ундарга” компанид мөн оны аравдугаар сарын 25- ны өдөр шилжүүлсэн аж. Аймгийн ИТХ дээр газрын асуудлаа зөвшөөрүүлж чадсан түүний эсрэг сургуулийн удирдлагууд босоод ч тусыг эс олжээ. Харин Засаг дарга Ж.Батсуурь сургуулийн удирдлага “Эх-Ундарга” хоёрын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулж өгснөөр асуудал түр зуур намжсан байна. Гэвч сургуулийн өмчид маш бага газар үлдсэн нь өдгөө хүртэл хэл ам дагуулсаар байгаа аж. Ямартай ч аймгийн Засаг дарга нь хувийн компанид газар авч өгснийхөө төлөөсөнд багагүй мөнгө халаасалсныг мэдэх хүн нэгээр тогтдоггүй юм билээ.
Баримт 3
Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутагт байх гөлтгөнийн орд газарт хятадуудыг ажиллуулах гэрээ байгуулжээ. Нэгэнт гэрээ байгуулсан учраас хятадууд ч тоног төхөөрөмжөө оруулаад ирсэн байна. Засаг ноён эндээс багагүй мөнгө халаасалсныг бичиж үлдээсэн нь хэвлэлийн шарласан хуудаснаа одоо ч бий. Тус орд газар нь 10 тэрбум ам.доллараар үнэлэгдэх бөгөөд Засаг дарга Ж.Батсуурь аймгийн ИТХ дээр олонхийн хүчээр зүтгүүлж байгаад “Орон нутгийн хэрэгцээнд” гэсэн шийдвэр гаргуулж чадсан гэдэг. Энэ ордыг эзэмших эрхийн гэрчилгээ Монголын талд байдаг ч Засаг дарга Ж.Батсуурь зүтгүүлсээр шийдвэр гаргуулжээ. Харин тун удалгүй орд газрын албан ёсны эзэд хэлсэн амнаасаа буцсан Засаг ноёнтой шүүхдэлцэж, гурван шатны шүүхээр яваад мөн л Засаг дарга ялагдал хүлээсэн. Учир нь тэд Засаг даргаар ИТХ дээр дэмжүүлээд тодорхой мөнгөн хаялга өгөх тохироотой байсан ч мань эр тодорхой хугацаанд 50:50 хувь эзэмших гэрээ гаргуулаад өөрийн мэдлийн хувийг Хятадын талд өгчихсөн байсан аж. Ийнхүү гурван шатны шүүхээр ялагдал хүлээгээд толгойгоо салаавчилж хэвтсэн Ж.Батсуурийн хятад түншүүд ажлаа эхлэхээр ирснээр энэ хэрэг мандсан юм. Орд газарт хөрөнгө хаяж, техник технологи авахад 710 сая төгрөг зарцуулчихсан, мөн Засаг даргад өгсөн хахуулийн мөнгө гээд тэрбум давчихсан өрөнд орсон түүх энэ. Энд хамгийн чухал нь Ж.Батсуурь дарга хятадуудад төлөх ёстой 710 сая төгрөгөө ямар аргаар, хаанаас төлөх вэ гэдэг асуулт өнөө ч хариулт нэхсээр буй.
Баримт 4
Сүхбаатар аймаг газар зүйн байршлаараа Хятадтай хил залгадаг бөгөөд газрын баялаг ихтэй аймгийн тоонд багтдаг. Тийм ч учраас уул уурхайн компаниуд олноор үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр компани сум, орон нутаг хөгжүүлэх, ард иргэдэд өгөх зорилгоор дээд тал нь 10 сая төгрөг хандивласан гэдэг. Харин Ж.Батсуурь энэ мөнгийг өөртөө завшсан тухай маргаан одоо ч яригдсаар байгаа. Энэ асуудлаар нутгийн иргэд Засаг даргадаа мэдэгдэл хүргүүлж, уул уурхайн компаниудаас авсан мөнгөө нэхэмжилсэн аж. Харин Засаг ноён нийслэл хотод зохион байгуулсан “Сүхбаатар аймгийг хөгжүүлэх форум”-д зарцуулсан гэсэн хариу өгсөн нь бий. Уг нь энэ арга хэмжээнд оролцсон дотоодын компаниас 100, гадаадын компаниас 200 ам.долларын хураамж авсан нь үйл ажиллагааг санхүүжүүлэхэд хангалттай гэсэн дүгнэлтийг сүхбаатарчууд хэлдэг. Түүнчлэн Ж.Батсуурь 2010 оны зургадугаар сарын 12-нд “Петрочайна Дачин Тамсаг” компаниас авсан 15 сая төгрөг бас л ор сураггүй болжээ. Дээрх компаниудаас авсан мөнгө цаасан дээр мөргүй алга болсон бол “Петро Чайна Дачин Тамсаг”-аас авсан мөнгөний баримт өдгөө аймгийн ЗДТГ-т үлдсэн байна. Учир нь тэрбээр аймгийнхаа албаны хүмүүстэй хамт байлцаж энэ мөнгийг авсан гэдэг. Энэ мэтчилэн Ж.Батсуурийн хууль бус үйлдлийг энд хэдийг л бол хэдийг дурдаж болно. Гэвч харамсалтай нь хууль гууль болсон энэ цагт орон нутагт ноёрхлоо тогтоосон Засаг дарга ажилласаар л байна.
Төв аймгийн Засаг дарга Д.Баярбат төрийн албанд ажиллаж үзээгүй
Төв аймгийн шинэ Засаг дарга Д.Баярбат. Шинэ гэсний учир нь өнгөрсөн хугацаанд тус аймагт АН олонхи болсон анхны тохиолдол энэ. Энэ Засгийн газар өшөө авах байдлаар ажиллаж байгаа талаар дээр дооргүй ярьж буйн нэг жишээ нь Төв аймаг. Өшөө авах гэдэг нь “одоо бидний ээлж ирсэн” хэмээн бүхий л зүйлд хүч түрж байгаа талаар нутгийн иргэд ярьж буй. Ямартаа л тамга тэмдгээ хүлээж авсан өдрөө согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж эрүүлжүүлэх байранд орсон гэх. Улмаар хамт явсан хүмүүсээ хэл амаар доромжилж, биеэ хянах чадваргүй болтлоо согтсон учир цагдаа нар эрүүлжүүлэхэд оруулахаас аргагүй болсон байна. “Одоо бидний ээлж ирсэн” ялалтын баяраа тэмдэглэсэн талаар хэвлэлүүд мэдээлж байв. Нөгөөтэйгүүр төрийн албанд ажиллах боломжгүй хүнийг Ерөнхий сайд эрх мэдлээрээ далайлган даргын суудалд зүтгүүлсний нэг жишээ нь Д.Батбаяр. Нэг үгээр хэлбэл, Ерөнхий сайдын ерөнхий шаардлагад нийцсэн нь түүнийг уг суудалд байлгасаар байгаа. Тодруулбал, “АН-ын гишүүн байх ёстой” гэсэн ерөнхий шаардлагад яв цав нийцсэн Д.Баярбатыг Ерөнхий сайд нүдээ аниад батламжилчихсан. Өнөөх нь ч өөрийгөө мэдсээр байж зөөлөн суудалд тухлаад буй. Тэрбээр “Аймгийн Засаг дарга төрийн албанд гурван жил ажилласан байх ёстой” гэсэн шаардлагыг хангах нь бүү хэл, МАН-ынхан бүр нэг жил ч ажиллаагүй гэдэг нь тодорхой болсон. Гэтэл Дорнод аймгийн Засаг даргаар Г.Бадамсүрэнг батламжлуулахаа Ерөнхий сайдад уламжилсан ч түүнийг “Төрийн албанд гурван жил ажиллаагүй” гэх шалтгаанаар Засаг даргаар батламжлахыг хэдэнтээ эсэргүүцсэн. Гэсэн атлаа өөрийнх нь голлож хараад буй шаардлагыг хангахгүй байгаа Д.Баярбатыг Засаг ноёноор өргөмжилчихөөд хэн, хэн нь хэлээ хазаж сууна. Эндээс үзэхэд Дорнод аймгийн Засаг даргыг батламжлах тухай маргаантай холбогдуулан гаргасан дүгнэлтийг Төв аймгийн Засаг даргыг томилсон Ерөнхий сайдын шийдвэртэй харьцуулан харахаар Засгийн газрын тэргүүн хууль зөрчсөн гэдэг нь гарцаагүй болж байгаа юм. Д.Баярбатын намтрыг сонирхвол, Зуунмод хотын уугуул, өдгөө 42 настай. Түүний аав Доржийг Төв аймгийнхан андахгүй. Д.Баярбат аавынхаа мэргэжлийг өвлөж, Багшийн их сургуулийг Зураг, хөдөлмөрийн багш мэргэжлээр төгссөн аж. Их сургуулиа төгсөнгүүтээ төрөлх хотдоо ирж дунд сургуульд багшилжээ. Дөрвөн жил хэртэй багшилж байгаад “BSB сервис” компанид дизайнераар ажиллаад дараа нь барилга архитектурын “Дизарч” компанийн дэд захирал, “Декора” компанийн ерөнхий захирлаар ажилласан байна. 2008-2012 онд аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож, Төв аймгийн Ардчилсан намын дэд даргаар ажилласан тэрээр “Залуу зохион бүтээгч” ТББ-ын тэргүүн, нисэх загварын спортын мастер нэгэн.
М.ӨНӨРЖАРГАЛ
Зочин · 2013/12/23
Alban tasalgaa,amraltiin bolon VIP uruund bairshuulan dasgal surgalt hiij togloj boloh Office Golfiin ij burdeluud zarj bna.Uund:Modon suuritai ni(3m urt 2zamtai zulegtei,bombog butsaagchtai,tsohiuriin taviurtai,putter-n set)-350000tog,ABC suuritai ni(3m urt 2zamtai zulegtei,putter-n set)-260000tog,ABC suuritai(3m urt 1zamtai zulegtei,putter,2sh bombogtei)-180000tog,Dasgal surgaltiin tsohilt hiih tor(3m urt*2.20h*1.80orgon,10sh golf bombogtei)-290000tog,Golf surgaltiin zoolon bombog-2500tog.Tansag saihan beleg shuu.Tanhimiin Mini Golf club.Utas:95000020