​Саяхан Монгол HD телевиз “Macdonalds монголд ирлээ” гэх гарчигтай мэдээг сонин, телевиз, сайтуудад тодорхой тарифийг нь төлж цацуулан улмаар бохир сэтгүүл зүй гэх мэтээр олон нийтэд мэдээллэсэн.

Энэ талаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газрын дарга О.Магнай өөрийн дүгнэлтээ хэлж сэтгүүлчийн асуултад хариулт өгчээ. О.Магнай: “Үнэндээ анх энэ мэдээллийг сонсоод би ч гэсэн итгэсэн. Дараа нь өөр зорилгоор ийм мэдээлэл түгээснийг нь олж мэдсэн л дээ. Монгол Улс зар сурталчилгааны тухай хуультай. Тиймээс тухайн сурталчилгаатай холбоотой хариуцлагыг зар түгээсэн хуулийн этгээд хүлээх ёстой. Надад одоогоор "Макдоналдс ирэх нэгдүгээр сараас эхэлж үйл ажиллагаа явуулна гэсэн ташаа мэдээллээс болж хохирлоо" гэж хэн ч гомдол ирүүлээгүй л байна. 

Магадгүй зарим иргэд дээрх мэдээллээс болж сэтгэл санааны хохирол учирсан гэж үзвэл надад хандаж болно. Мөн нэр хүндэд нь халдсан хэвлэл мэдээллийн аль нэг байгууллага нийтээрээ хохирсон, эсвэл сонины захиалагчид худлаа мэдээллийг тавьснаас болж хохироосон гэж үзэж буй тохиолдолд манай байгууллагад хандаж болно. Хуулиараа Макдоналдс Монголд нээгдэх тухай ташаа зарыг олон нийтэд түгээж, иргэдийг мэхэлсэн "Монгол" НD телевиз хариуцлага хүлээх ёстой.

-Нэр төрд халдах асуудал ч гэсэн хуулиар зохицуулагддаг. Хэрэв тэдгээр нэр бүхий хэвлэл мэдээллийн байгууллага нэр хүндэд нь халдсан гэж үзэж байгаа бол шүүхэд хандаж, асуудлаа шийдүүлэх эрх нь нээлттэй. Тухайн мэдээллийг нийтэд түгээхдээ мөнгөө төлж, зар сурталчилгааны журмаар нийтлүүлсэн бол зар сурталчилгааны хуулиар л асуудал шийдэгдэнэ. Тэгэхээр миний ойлгож байгаагаар зарыг өгсөн байгууллага буюу "Монгол" НD телевиз зартай холбоотой үүссэн нөхцөл байдлыг бүрэн хариуцна. Ер нь ямар ч мэдээллийг нийтэд түгээхдээ эхлээд хуулиа судлах хэрэгтэй гэдгийг сануулах хэрэгтэй байх.

-Мэдээж бүх хариуцлагыг "Монгол" НD телевиз хүлээнэ. Ийм асуудалд цаашид аль аль талдаа бодлоготой, хуулийн дагуу хандаж байх хэрэгтэй”.  А.Алтанзул