Дархан уул аймаг дахь АН-ын хороог “Бурхан халдун”-аас чөлөөлье
2013/12/23
Дархан-Уул аймгийн АН-ын хорооны 16 гишүүн өлсгөлөн зарлачихаад байна. Гэтэл тус намын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг чихээ таглаад нүдээ анин суусаар. Тэрбээр завгүй байгаа байх л даа. Гэхдээ түүнд нам нь үлдэх үү, Ерөнхий сайдын суудал мөнх үлдэх билүү гэдгийг бодох л хэрэгтэй.
Хэрэв яг ийм үйл явдал өөр нэгэн намд тохиолдсон бол намын дарга нь яавч дуугүй суухгүй байсан биз ээ. Үнэн хэрэгтээ тус намд чухам юу болоод байгааг Ардчилсан намын эд эс болсон 16 гишүүн нь өлсгөлөн зарлан эсэргүүцэл илэрхийлж буй явдал, мөн тус аймаг дахь АН-ын шинэчлэлийн хөдөлгөөний тэргүүн Л.Наранбаатарын ярилцлага нотолж байна. Тэр тусмаа Л.Наранбаатарын ярьснаар бол Дархан дахь АН-ыг “Бурхан халдун” гэдэг нэг группийн удирдлагууд л ээлжилж удирдаад байгааг намын хорооны гишүүдийн олонх буруушааж байгаа аж.
Тэрбээр энэ талаараа “Дархан-Уул аймгийн Ардчилсан нам бол “Бурхан халдун” группын өмч болчихсон шүү дээ. Үүнээс нь болоод Дархан-Уул аймгийн Ардчилсан нам ямар ч нэр хүндгүй болж, сонгуульд байнга ялагдал хүлээдэг болсон гэхэд болно. Намайг албан тушаалаа өгсний дараа “Бурхан халдун” группын захирал Н.Мөнхдаш миний оронд очиж Дархан-Уул аймгийн Ардчилсан намын дарга гэсэн нэрийн дор Хонгор суманд болсон нөхөн сонгуульд оролцож ялагдал хүлээсэн нь ч үүний илрэл биз. Намын даргын албан тушаалаа хүлээлгэж өгсний дараа намын гишүүд дэмжигчид намайг “Хар амиа бодож явлаа. Гишүүд дэмжигчдийн итгэлийг алдаж байна. Дархан-Уул аймгийн Ардчилсан намыг хэн шинэчлэх вэ” гэж маш их ярьсан” хэмээж. Тэгвэл тус аймгийн Ардчилсан намын гол асуудал болоод байгаа Н.Мөнхдаш гэгч нь хэн бэ. Энэ асуултын хариу болох хамгийн энгийн баримт бол зодоон. Тэрбээр УИХ-ын 2008 оны сонгуульд нэр дэвших эрхийг Ардчилсан намаас авч, нэр дэвшигчийн мандат гардчихсан байхдаа буюу тавдугаар сарын 29-ний орой өөрийн төрсөн ахтай нийлэн тус аймгийн Засаг даргын орлогч О.Баярсайханыг гэрийнх нь үүдэнд зодон танхайрч байсан нэгэн. Үүнийхээ улмаас О.Баярсайхан нь тухайн үедээ сэхээн амьдруулах тасагт хүргэгдэж байсан. Улмаар Ардчилсан нам УИХ-д нэр дэвшигчдийнхээ жагсаалтаас Н.Мөнхдашийн нэрийг татаж, уучлал гуйж байв. Энэ бол бодит баримт.
Тэгвэл энэ удаад ч тэр Н.Мөнхдаш тэргүүтэй “Бурхан халдун” группын ардчилагчид хүч хэрэглэж, Л.Наранбаатарыг Дархан-Уул аймгийн Ардчилсан намын даргын албанаас буулгасан гэх яриа бий. Энэ талаар Л.Наранбаатар “Тухайн үед намайг “Центрпойнт” дахь ажлын байран дээрээ аваачиж, дарамтлан намын даргаас буух өргөдлийг минь хүчээр бичүүлсэн. Би тэр үед айж, тодорхой хэмжээнд дарамтад орсон учраас гарын үсгээ зурсан” хэмээн ярьсан байна билээ. Үүнийг нь ч Ардчилсан намын Хяналтын ерөнхий хорооны шалгалт тогтоож “Л.Наранбаатарыг дарамтанд оруулж намын даргаас нь унагасан байна” гэдэг дүгнэлт гаргасан аж.
Энэ бүхнээс харахад дээрх үйл явдал ер нь Ардчилсан намын удирдлагуудад хамаагүй юу, эсвэл хамаарах гэсэн ч “Бурхан халдун”-ын Н.Мөнхдашид халдаж чадсангүй юу гэдэг нь эргэлзээтэй байгаа биз. Уг нь сүүлийн 20 гаруй жилд өөрийн овгоосоо илүүтэй “Бурхан халдун” группээрээ танигдсан Н.Мөнхдаш өнгөрсөн орон нутгийн сонгуулиар Дарханд ялалт байгуулж болохоор байсан. Монгол даяар танигдсан гэхэд ч хилсдэхгүй түүнийг Дархан Уул аймгийн Хонгор сумынхан дэмжээгүй гээд бодохоор ямар нэг асуудал, тэр тусмаа дургүйцлийн хүч хуримтлагдсан байж мэдэх талтай.
Ямартай ч Дарханы уугуул иргэн Л.Наранбаатар Ардчилсан намд элссэнээрээ, тус намын удирдлагад ажилласнаараа нэгэн хувийн компанийнханд рекетлүүлээд байна гэсэн ойлголтыг түүний хэвлэлд өгсөн ярилцлага илэрхийлчихлээ. Үүний дараа буюу өнөөдрийг хүртэл Ардчилсан намын 16 гишүүн өлсгөлөн зарласан хэвээр байна. Гэтэл Ардчилсан намын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг Буйр нуурын уснаа хөгжилдөн тоглож, “нүцгэн биеэ алдаршуулан” жаргасан бичлэгээ олон нийтэд өөрийн хаягаар цацаж суугаа нь хэр зохимжтой вэ. Тэр дундаа намынх нь үйл амьдрал ийм эгзэгтэй байгаа цаг үед “Өлсгөлөн зарласан гишүүдтэйгээ үг хэлээ ололцъё” гэж бодсонгүй юу. Дархан-Уул аймгийн Ардчилсан намын хороог “Бурхан халдун” группээс цэвэрлэж авах ямар нэг оролдлого хийх нь намын даргын хувьд түүний яаралтай ажил нь биш гэж үү. Эсвэл тус группт хувьчлаад өгчихсөн юм уу.
Нэгэн үе тамга авч зугтан хөөцөлдөж тоглодог байсан АН-ынхан одоо бүр хүчээр ажлаас нь татгалзах өргөдөл бичүүлж цэл залуухан эрийг айж бэргэтэл дарамталдаг болоо юу. Үүнийгээ тэгээд ардчилал гэх гээд байгаа юм байх даа гэхчлэн бухимдсан гишүүд, дэмжигчдийнхээ үгийг нэгэнтээ сонсоход илүүдэхгүй гэдгийг намын дарга, Ерөнхий сайдад уламжилъя. Ямартай ч Дарханы ардчилагчид “Бурхан халдун” группийнхэнд дарамтлуулах учиргүй. Хэрэв Н.Алтанхуяг дарга Та хүчин үл мөхөстөх аваас 16 гишүүнээ, түүний цаадах олон зуун гишүүнээ тайтгаруулж “Ардчилал амьд” гэдгийг харуулан өлсгөлөн зарлахыг нь болиулаач гэж сануулъя.
АН · 2013/12/24
Энэ нөхдүүд байгаа цагт дарханд АН нам ялах байтугай нэр хүнд нь үргэлж шалан дээр бөөлжистэй хамт байна харин МАН-ханд ашигтай эрүүгийн хулгайч нар хэзээ ялахгүй зөвхөн намаа л хорлох учраас