Монгол дахь монополь компаниудын нэг бол “Мобиком” корпораци 1996 онд байгуулагдаж, “Siemens”, “Motorolia” гэсэн хоёрхон төрлийн гар утас оруулж ирсэн тэр цагаас хойш даруй 17 жил өнгөрчээ.

Өнөөдөр Монголын зах зээлд үүрэн телефоны дөрвөн компани өрсөлдөж, давхардсан тоогоор гар утас хэрэглэгчид хүн амын тоог гүйцэж түрүүлээд байна. Өөрөөр хэлбэл, 2006 онд 721 мянган хэрэглэгч байсан бол өнөөдөр хоёр сая 750 мянга хол давжээ. Үйлчлүүлэгчдийн тоо олшрох тусам хэрэглээний үнэ буурдаг жишиг дэлхий дахинд бий. Гэтэл Монголд тийм биш ажээ. Монголд ч гэж дээ гадаадын хөрөнгө оруулалттай компанид дээрх жишиг үйлчилдэггүй бололтой. Үүний тод жишээ нь мобиком юм. Энэ компани иргэдийг хулхидахын гайхамшигт жишээ гэхэд хилсдэхгүй. Тэдний луйврын талаархи олон жишээг энд дурьдаж болох юм.. “Card plus” гэдэг хачин үйлчилгээ байна. Иргэдийг ихэд бухимдуулж, шүүхэд хандахад хүргэдэг эл үйлчилгээний зарчим сонин. Өөрсдөө сарын турш сүлжээндээ 15 мянган төгрөгөөр үнэгүй ярих эрхтэй хэмээн рекламддаг атал 20-25 хоноод дуусчихдаг аж. Зарим заргач нэгэн очихоор улайхдаа ичих ч үгүй “Та эрхээ дууссаны дараа мессеж илгээн хоногоо гүйцээ” гэдэг юм гэнэ. Цагаандаа гарсан луйвар гэж үүнийг л хэлэх байх даа. Мэддэггүй нэг нь тэгсхийгээд зальдуулаад өнгөрдөг биз. Тэдний зарласан эсэн бусын саналыг иргэд мөнгөөрөө худалдаж авчихаад, буцаад өрөнд ороод байна гэсэн үг л дээ. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас үүрэн телефоны операторуудын дараа төлбөрт үйлчилгээний барьцаа мөнгөнд хүү тооцох, хэрэглэгчдийн барьцаа төлбөрийг буцаан олгох асуудлыг хөндөж тавьсан. Компаниудын удирдлагууд ч тухайн үед О.Магнай даргатай хамтран энэ ажлыг хэрэгжүүлэхээр тохиролцсон. Гэвч өнөөг хүртэл энэ ажил таг чиг хэвээрээ. Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Чулуунбаатар нэгэн ноцтой зүйлийн талаар өнгөрөгч арван сард ярьж байсан. Тэрбээр “Мобиком” корпораци барьцаа хөрөнгө авдаг явдал. Дараа төлбөрт хэрэглэгч болохын тулд барьцаа мөнгө өгдөг. Тэр нь хэрэглэгчийн дансанд орохгүй, компанийн дансанд ордог.Уг нь барьцааны мөнгө хувь хүний дансанд байрших ёстой. Барьцааны үүргээ биелүүлээгүй тохиолдолд “Мобиком” авна, биелүүлсэн үед хэрэглэгч өөрөө авна. 10 гаруй тэрбум төгрөг барьцаа нэрээр “Мобиком”-ийн дансанд орж байгаа тооцоо гарсан. Ямар ч зөвшөөрөлгүйгээр 10 гаруй тэрбум төгрөгийг ашиглаж, үйл ажиллагаандаа зарцуулж байна гэх гомдлыг хэрэглэгчид тавих болсон” гэсэн юм. Өөрөөр хэлбэл “Тухайн хэрэглэгчийн нэр дээр банкинд данс нээж барьцааны мөнгийг хадгалж тэдэнд хүү тооцож өг” гэсэн үүрэг өгч байсан юм. Гэхдээ энэ данс мэдээж “Мобиком”-ын мэдэлд байх ёстой. Хэрвээ “Моби” хэрэглэгчийн нэр дээр данс нээсэн бол 2-3 жилийн дараа бид үндсэн барьцаа мөнгөн дээрээ хүү бодож авах байсан гэсэн үг. Хүний бэлэн мөнгийг хадгалж байгаа хүмүүс банк шиг л хүү тооцож өгөх нь зүйн хэрэг байх. Тэгвэл барьцаа төлбөрийн асуудлаар тус газрын Оператор Лхагвасүрэнгээс тодруулахад, “Бид дараа төлбөрт хэрэглэгчдийн барьцааны мөнгийг өгч эхэлсэн Гэхдээ найдвартай хэрэглэгчдээ өгч байгаа. 9911-тэй хэрэглэгч болон дараа төлбөрт дугаараа тасралтгүй долоон жил барьсан. Хугацаандаа төлбөрөө төлсөн хэрэглэгчид буцаан олгож байна. Харин нэгж шилжүүлэх үйлчилгээг хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлснийхээ төлөө 10 хувийн шимтгэл авдаг” гэх хариулт өгч байсан юм. Тус компанийн ажилтны бидэнд өгсөн мэдээлэл бол ердөө энэ. Түүнчлэн ШӨХТГ-ын дарга О.Магнай дараа төлбөрт хэрэглэгчийн барьцааны асуудал эд өрнөж байх үед өөрийн твиттер хуудсандаа дараах мэдээллийг оруулж байсан юм. ”Юнител” компани олон жил төлбөрөө хугацаанд нь төлсөн хэрэглэгчдийн болон тэдгээрийн барьцааг үе шаттайгаар чөлөөлөх судалгаа хийж байгаа. “Скайтел” компани нь барьцаа төлбөргүй “Nice” үйлчилгээг нэвтрүүлэн барьцаа төлбөрийг нь хэрэглээний төлбөрт шилжүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Өөрөөр хэлбэл, эхний ээлжинд 10 болон түүнээс дээш жил хэрэглэсэн хэрэглэгчдийн барьцаа хөрөнгийг шилжүүлэх ажил хийж байгаа. Харин “Мобиком” компаниас одоогоор 7000 хэрэглэгч хүүгээ тооцуулан аваад байна. “Жи Мобайл” найдвартай хэрэглэгчдийг шүүж, барьцааг нь буцаан өгч эхэлсэн ба 9311 серийн дараа төлбөрт хэрэглэгчийн 79 хувь нь барьцаагүй болсон байна” гэжээ. 2011 оны эхний хагас жилийн байдлаар “Мобиком”-ын дараа төлбөрт хэрэглэгчийн тоо 153 мянга 368, “Скайтел”-ынх 55 мянга 991, “Юнител”-ынх 54 мянга, “Жи Мобайл”-ынх 38 мянга 846 байгаа гэнэ. Энэ тоо мэдээж өнөөдрийн байдлаар тодорхой хэмжээгээр нэмэгдсэн. Тэгэхээр энэ мэдээллийн мөрөөр үүрэн телефоны дараа төлбөрт дугаарын хэрэглэгчидтэй холбогдлоо.

9911..... дугаартай хэрэглэгчтэй холбогдов. 
-Таны дугаарын барьцаа төлбөр хэд вэ? 

-100 мянган төгрөг байх аа. Би энэ дугаараа бариад дөрвөн жил болж байна. Өмнө нь өөр хүний нэр дээр байсан юм. Гэрээнд нь барьцаа 100 мянган төгрөг гэж байсан санагдана. 

-Дараа төлбөрт хэрэглэгчид барьцааныхаа мөнгөнд хүү тооцуулж буцаан авч байгаа талаар сонссон уу? 
-Сонссон. Гэхдээ “Мобиком”-оос 10 жилээс дээш дугаараа хэрэглэсэн хэрэглэгчдэд мөнгийг нь бодож байгаа гэж сонссон. Үнэн, худлыг сайн мэдэхгүй байна. Хэрвээ ингэж жилээр зааглаж байгаа нь үнэн бол дэмий л юм. Өнөөдөр “Мобиком”-ын ярианы төлбөр хэд байгаа билээ. Хүү бодоод, буцааж олголоо гэхэд бидний нэг сарын утасны төлбөрт л хүрнэ дээ. Иймхэн юманд жил энэ тэр гэж зааглаад онцгүй л юм. Тэгээд бас нэгж шилжүүлэхэд шимтгэл тооцоод, яриагүй байхад автоматаар нэгж унаад байдаг. Монголынхоо эдийн засгийг харийн орон уруу урсгаж байгаа гэдгээ мэддэггүй юм байхдаа. Гадаад эзэнтэй компани. Тэгээд бас байнга луйврын үйл ажиллагааг зохион байгуулсаар байх юм. О.Магнай хариуцлага тооцож байгаа гээд л байдаг. Өөрөө харин харийн хүмүүстэй нийлээд ард иргэдээ шулаад байгаа юм бишүү. Мобиком, Магнай хоёрыг хоёуланг нь хамт Авилгатай тэмцэх газар өгвөл таарна.Би давхар “Жи мобайл”-ын дараа төлбөрт дугаартай. 

9905...тай дугаартай хэрэглэгчээс дараах тодруулгыг авлаа. 
-Та энэ дугаараа хэдэн жил барьж байна вэ? 

-Зургаа дахь жилдээ барьж байна. 

-Таны утасны барьцаа төлбөрт хэдийг төлсөн бол? 
- 200 мянган төгрөг. -Дараа төлбөрт хэрэглэгчийн барьцааны төлбөрт хүү тооцож байгаа талаар сонссон уу? -Тийм үү. Хэрвээ тийм бол сайн л байна. Би барьцааны төлбөр гэж 200 мянган төгрөг төлөөд удаж байна. Тэгсэн мөртлөө сарын утасны төлбөр 35 мянгаас дээш гардаг. Ямар нэгэн шалтгаанаар утасны төлбөрөө төлж чадаагүй бол шууд л хаачихдаг. Миний барьцаа 200 мянга байхад долоо хоног сунгаж байгаад хааж болдоггүй юм уу гээд л зөндөө хэлж байсан. Ямар ч боломжгүй гэдэг. Хэрвээ хүү бодож байгаа бол сайн хэрэг. 

9910... дугаартай хэрэглэгчтэй холбогдов. 
-Та энэ дугаарыг хэдэн жил барьж байгаа вэ? 

-Дугаар анх худалдаанд гарсан цагаас хойш л барьж байна. 

-Барьцаа төлбөрт хэдэн төгрөг тушаасан бол? 
-200 мянган төгрөг

-Дараа төлбөртийн барьцааны мөнгөнд хүү тооцож буцаан олгож байгаа талаар сонссон уу? 
-Сонссон гэвч өнөөдрийг хүртэл авч чадаагүй. Өнгөрөгч гуравдугаар сарын 1-нээс олгож эхэлнэ гээд байсан одоо бүүр таг л байх юм. Гэвч “Мобиком” корпораци ард түмэн бидний барьцааны мөнгийг Монголд хадгалж байна уу, гадаад руу гаргаж байна уу гэдэг нь асуудал болоод байна. ШӨХТГ хэрэглэгчдэд хэрэгтэй шийдвэр гаргасан мөртлөө яагаад тус компанийн удирдлагуудыг шахаж шаардалгүйгээр тэдний өмнө ийм хурдан бөхийж, хэлээ хазсан мэт дуугай болов. Үүний цаана ашиг сонирхолын зөрчил явж байна гэж хардахад ч хүрч байгаа юм.“Мобиком” асар их ашиг олж байгаа хэрнээ хэрэглэгчдийг соёлтойгоор дээрэмдэж байгаа нь жинхэнэ шударга өрсөлдөөн мөн эсэхийг тодорхой эрх мэдэлтэн, албан тушаалтан О.Магнай даргаас асуувал арай илүү оновчтой байх биз. Мобикомынхон өөрсдийгөө Монголдоо номер нэг үүрэн телефоны компани гэж тодорхойлдог. Хэрэглэгчийнхээ тоо, хамрах хүрээгээрээ яах ч аргагүй Мобикомынхны зөв. Гэвч тэдний үйлчилгээг хэрэглэгчид нь лав сайн гэж дүгнэж чадахгүй. Төлбөр дээр төлбөр нэмдэг, нэгж завшдаг гээд тус компанитай холбоотой элдвийн шүүмжлэл олонтаа гардаг. Гэхдээ өөрт тохиолдсоны дараа л үнэн гэдэгт хүн итгэдэг бололтой. Гурав хоногийн өмнө утсаа 2500 төгрөгөөр цэнэглэлээ. Нэгж нь орж ирдэггүй, лавлахаас нь тодруулбал, 10 минутын дараа ахиад нууц дугаарыг нь хийгээд үзэхийг зөвлөж байна. Нэг оролдлоо, хоёр оролдлоо, бас л болдоггүй ээ. Дахиад нөгөө лавлахын ажилтантай холбогдож, юу болоод байгаа нь асуув. “Мобиком”-ын лавлахаас “Манайх технологийн шинэчлэл хийж байгаа. Түүнийгээ дууссаны дараа таны гомдлыг барагдуулах боломжтой”гэв. 

-Боломжтой гэсэн чинь юу гэсэн үг юм бэ. Барагдуулахгүй ч байж магадгүй гэж ойлгох уу? 
-Шалгаж үзээд таны гомдол үнэн байвал, нэгжийг чинь буцааж өгнө. 

-Худлаа бол би чам руу дахин, дахин залгах шаардлага байхгүй шүү дээ? 
-Харин тиймээс би таны гомдлыг бичээд авчихлаа. 

-Танай шинэчлэл хэзээ дуусах вэ? 
-Би сайн мэдэхгүй байна. Технологийн шинэчлэл явагдаж байгаа. 

-Миний гомдлыг яг хэдэн хоногт барагдуулах вэ. Танайд надаас өөр хүмүүс ийм асуудлаар хандаж байгаа биз дээ? 
-Хандаж байгаа. Гэхдээ биднээс шалтгаалаагүй. 

-Тэгээд хэнээс гэж? 
-Технологийн шинэчлэлээс л болоод…. 

Лавлахын ажилтан бүсгүй бид хоёрын дунд нэг иймэрхүү яриа болоод өнгөрлөө. 2500 төгрөг их мөнгө биш л дээ. “Мобиком”- ын лавлахын ажилтнууд бараг л ямар сүртэй юм гэх нь холгүй байна лээ. Тэдний хувьд ийм гомдол өдөртөө хэдэн арваараа ирдэг болоод л дөжирчихсөн юм болов уу гэж ойлгосон. Хамгийн гол нь хэчнээн харилцагчийнхаа итгэлийг энэ мэтээр алдаж, хэчнээн хүний нэгжийг “технологийн шинэчлэл” нэрээр завшиж байгааг хэлж мэдэхгүй болохоор тус компанийнхантай зарга хийхийг хүссэн юм. Ямарч байгууллага үйл ажиллагаагаа сайжруулж, техник технологийн шинэчлэл хийдэг. Түүнийг нь хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ техникийн шинэчлэлээр далимдуулж хэрэглэгчээ хохироох ёсгүй гэдгийг “Мобиком”-ынхонд анхааруулах нь зөв болов уу. Алдаа гарлаа гэхэд гурав, дөрвөн хоногоор алга болчихдог, уучлаарай бидний буруу гэдгээ хүлээн зөвшөөрдөггүй ийм үүрэн телефоны үйлчилгээний газар байгаад ч яах юм бэ. Үүнийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар анхааралдаа авах биз ээ. Муу л бол захын хар овоохой гэгчээр алдаа гарахаар түүнийгээ технологийн шинэчлэл рүү чихдэг, хэд хоногоор таг чиг болчихдог энэ шударга бус байдлаа Мобиком корпориаци халж, хэрэглэгчдийнхээ эрхэнд хэтэрхий халдахаа болисон билээ. Үнэхээр л техникийн шинэчлэлийн явцад алдаа зааж, түүнээс нь болоод хэрэглэгчид нь хэдэн арваараа хохироод байгаа юм бол ядаж л утас нэгжээр цэнэглэхдээ анхаар гээд сануулчихаж болмоор доо. “Манай компани шинэчлэл хийж байна. Энэ хугацаанд утсаа нэгжээр цэнэглэх хэрэггүй” гээд хэлчихбэл илүү шударга, илүү амар баймаар. Урьдчилсан төлбөр дээр ийм асуудал үүсч байхад, төлбөрөө байнга хянаад байдаггүй дараа төлбөртийнхний хувьд хэдий хэрийн мөнгөө технологийн шинэчлэлд идүүлж байгааг хэн мэдэх вэ дээ. Яадаг ч байсан, Мобикомынхон, би нэгжээ авья. Техникийн шинэчлэл нэрээр алдаа гаргасан ажилтандаа хариуцлагаа тооцдог л юм байгаа биз, би лав хохирлоо барагдуулмаар байна. Эцэст нь хэлэхэд хүний хүүхэд хүрэн бөөртэй гэдэг үнэн үг. 2008 оны их хямралын жил ноён доллар хаданд гарах үеэр “Моби”- гийн боссууд ам.долларыг хэдэн зуун саяар нь Япон руу аваад талийсныг ард түмэн мартаагүй байгаа биз ээ.
 

С.ИЧИНХОРЛОО