УИХ-ын гишүүн С.Бямбацогт Төрийн ордон дахь өрөөнийхөө үүдэнд гацуур мод засч, түүнийгээ тун сонирхолтойгоор чимэглэжээ.

Тодруулбал, гацуур модоо өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг энэ оны долдугаар сарын  болон өнгөрөгч арваннэгдүгээр сарын үнэтэй харьцуулсаныг хадсан зургаар  чимэглэжээ. Энэхүү гацуур мод олон хүний сонирхлыг татсан бөгөөд ордонд ёстой олны анхаарлын төвд байж чадсан. Тус гацуурын дэргэд зургаа авахуулах гэсэн хүмүүсийн тоо ч олширчээ.

Ордонд орж ирсэн иргэд, сэтгүүлчид, гишүүдийн туслахууд, гишүүд ч энэ модны дэргэд тасралтгүй зургаа авахуулсаар байсан билээ. Энэ нь ордны хамгаалалтынханд ихээхэн чирэгдэл учруулж байгаа бололтой.

Энэ оны үнийн өсөлтийн гэрч болсон тус гацуурын дэргэд зургаа авахуулах нь хожим эл нийгмийн чухал үеийн гэрч болсны илрэл болно гэдэгт итгэлтэй байна.

Чимэглэлийн утгын заримаас дурдвал, өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд гурилын үнэ 20 хувиар, "Атар" талх 27 хувиар, цагаан будаа 30 хувиар, сүү 27 хувиар, тараг 25 хувиар, өндөг 70 хувиар, орон сууцны нэг метр кв-ийн үнэ 100 хувиар өссөн тухай бичжээ.

Гацуур модоо ийн чимэглэсэн талаараа МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт: "Эдгээр тоо баримт бол эрх баригчдын ард түмэндээ барьж байгаа энэ оны "бэлэг" юм" гэж хэлсэн юм.

Д.Ана