2012 оны парламентын сонгуулиар ялалт байгуулсан АН-ын засаглалд “АХ” эвслийн үнэр илт орж байна. 1996-2000 онд засагласан МҮАН, МСДН-ын “Ардчилсан холбоо” эвсэл дөрвөн жилд гурван Засгийн газраа огцруулж, дөрөв дэх нь дөнгөж сонгуультай золгоод тахимаа өгсөн билээ.

Тэгэхэд УИХ-д 50 суудал авсан эвслийн эрхэм гишүүд засаг барих хорхойгоо дарж чадалгүй М.Энхсайханы танхимыг 1998 оны дөрөвдүгээр сард хуйвалдааны замаар унагаж, улмаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулан УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болохоор баталгаажуулсан юм. Ийнхүү суурь үнийг чөлөөлж, орон сууцыг хувьчлан банкны реформ хийсэн “АХ” эвслийн ууган Засгийн газар огцорсноор МҮАН-ын дарга Ц.Элбэгдорж Ерөнхий сайд болж, эрхэм гишүүд засагт ээлж дараалан багтах оочероо хүлээж эхэлсэн.

1997 онд МАХН-ын дарга Н.Багабанди Ерөнхийлөгчөөр сонгогдож, түүний нөхөн сонгуулиар Н.Энхбаяр Завханд ялалт байгуулан намын дарга, УИХ дахь цөөнхийн бүлгийн дарга болсноор эвслийн Засгийн газрыг дараалан унагах хорыг амжилттай найруулж чадсан билээ. Үүний үр дүнд М.Энхсайханы араас Ц.Элбэгдорж, Ж.Наранцацралтын танхим огцорч, С.Зоригийн амь насыг Ерөнхий сайдад нэр дэвшсэнийх нь үдэш хэрцгийгээр бүрэлгэж, Р.Амаржаргал засгийн сүүлчийн ачааг татсан юм. Ялсан намын дарга Ерөнхий сайд байна гэсэн логикийн дагуу МҮАН-ын дарга ч дараалан солигдож байлаа.

Одоо Н.Энхбаярын бие илааршиж, Сөүлээс ирэх дөхөж байна. Хэрэв МАХН-ын дарга УИХ-д орохыг хүсвэл “Шударга ёс” эвслийн нэрээр эрхэм гишүүний сэнтийд заларсан Ц.Оюунбаатар юм уу, З.Баянсэлэнгийг ч хамаагүй татаад оронд нь тухлахыг байг гэхгүй. Гэхдээ тэр хэзээ ч сул гишүүн байхыг хүсэхгүй. Бүлгийн дарга төдийгүй бүр байнгын хорооны дарга ч болно. Тэгээд тэртэй тэргүй хэл амны бай болсон Н.Алтанхуягийн Засгийн газрыг АН-ын хоолондоо орохыг хүссэн хоёрдугаар ээлжийнхэнтэй хавсайдаад унагахыг байг гэхгүй.

Н.Энхбаяр тэр үед УИХ-ын булган сүүлтэй гишүүн байлаа. Түүний араас хоёр ч нөхөн сонгуульд МАХН-ын нэр дэвшигч ялж, цөөнхийн бүлэгт бүл нэмсэн юм. Одоо Р.Амаржаргал УИХ-ын гишүүнээс татгалзах өргөдлөө өгөөд байгаа нь ёсоор болговол АН нэг суудлаа үг дуугүй алдана гэсэн үг. Тэрийгээ ч мэдэж байх шиг бололтой. Хэрвээ Р.Амаржаргал Д.Муратыг бодвол намдаа жигүүр байгуулбал тун амархан өдөлнө. 2014 он гарангуут ирэх сонгуулийн амьсгал орж, 2015 онд намаасаа нэр дэвших шаансгүй нөхөд нам байгуулдаг урьдын түүх ч давтагдаж магадгүй. Тэгэхэд эрхэм гишүүн С.Билэгсайхан, Д.Хувьтөгөлдөр, Х.Дашзэвэг болон МҮАН-ын нийслэлийн зөвлөлийн дарга С.Эрдэнэ нар намаасаа гарч, МоАН-ыг байгуулж байсан.

Одоо парламентын тогоон дотор Үндсэн хуульд гар дүрж, УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байхыг хуульчилсан урьдын нүглээ наминчлах яриа ид өрнөж байгаа нь цаагуураа 16 эрхэм сайдтай шинэчлэлийн Засгийн газрыг хөнтөрнөө л гэсэн үг. 2008 онд АН-ын дарга болонгуутаа Ц.Элбэгдоржийн үгийг тоолгүй С.Баяртай хамтсарсан засагт дэр нэгтгэсэн Н.Алтанхуягийн хөнгөн явдлыг Ерөнхийлөгч мартаагүй л байгаа. Хоёр сайдыг нь огцруулахаар өргөх бичиг барьсан Ховдын фракцынхны уухай даамжирвал төрийн тэргүүн маань яах ч юм билээ.

“АХ” эвслийн парламент казиногийн хэргээр гурван гишүүнийхээ бүрэн эрхийг түдгэлзүүлж, тухайн үедээ л авилгалын хэргээр дээлийг нь толгой дэгүүр нь нөмрүүлж байсан гашуун практик бий. Энэ УИХ-ын дотор өндөг шиг өөгүй хүн тун цөөхөн. Зарим нь бүтэн нойртой хонохын тулд халдашгүй эрхээр халхавчлуулах гэж үхэн хатан зүтгэсэн нь нууц биш. Хэрвээ АН Увсын хоёроор ихээхэн оролдоод байвал Өвөрхангайн хоёр ч мөрөөрөө орж ирээгүй. Удтал шүүхдсэний эцэст тангараг өргөсөн Г.Батхүүг дөрвөн тэрбум төгрөг тараасан гэх аман яриа ч явдаг. Тэр өмнө нь чуулганы танхимд дүүрэн мөнгөтэй том хар цүнхээ таг мартчихаад үйлчлэгч олж өгч байсныг бодвол АПУ-ны боссд тэр дайны мөнгө сайндаа л хэдэн өдрийн саалийн хишиг байлгүй.

“Чингис” бондын мөнгөөр ихээхэн хүүдэгнэж байсан шинэчлэлийн Засгийн газар найман хувийн хүүтэй моргейжийн зээлээ хямгадаж, яам тамгын газрууд нь хуучин оноо даржин байдлаар үдэж байна. Цалин тэтгэврээ тавьж чадахгүй байсан тэр цаг алс хоцорсон ч юмны үнэ хөөрөгдөж, олны түрийвч хоосорч, олигархиуд нь олон түмнээр даажигнаад эхлэхээр санал хураалтын дүн цагаасаа эрт гарчихдагийг түүх мартаагүй. 2000 онд ард түмэн “Үүрд баяртай. “АХ” эвсэл” гэсэн дүн тавьсан юм шүү.

Х.Аянга