​2013 он улирч, 2014 он хаалга тогшиж байна. Мон­голчууд бидний өдөр тутмын амьдралд ха­чир­хал­тай, ха­рамсалтай, бахархалтай зүйл олон тохиолдлоо.

Гишгэсэн замаа эргэн харж, гишгэх шатаа төлөвлөж буй энэ өд­рүүд бидний хувьд чухал. Хэвлэл мэдээллийн хэрэгс­лүүд 2013 оны онцлох үйл явдал, алдартнууд, шилдэг бүтээн байгуулалт, онцлох шийдвэрүү­дийг нэрлэж байна. Харин бид арай өөр зүйлийг 2013 оноос ажигла­лаа. Яагаад ч юм улирч буй оныг бэрх­шээлтэй, барцадтай замаар алхаж өнгөрөөсөн хүмүүсийн нэрний бүтэц “баяр”-тай бай­жээ. Хурдан морины урал­даанд сүүлд­сэн хүлгийг ирэх жил түрүүлээрэй хэмээн “баян ходоод” гэж цолло­дог. Үүний адилаар “баяр”-уудын барцад ирэх 2014 онд ари­лаасай хэмээн үүнийг бичлээ.

 

САЯ ДОЛЛАРАА “МАРТСАН” С.БАЯРЦОГТ

Швейцарийн банкинд байгаа нэг сая ам.доллараа зүгээр л “мартсан” хүн бол УИХ-ын гишүүн С.Баярцогт. Хөрөнгө орлогын мэ­дүү­лэгтээ офшор бүсэд байгаа их хэм­жээ­ний хөрөнгөө огт мэдүү­лээгүй түүнийг АТГ-аас шал­гаж чадаагүй. Шалгая гэтэл УИХ-ын дэд даргын албан тушаалаа өгч амыг нь хаасан түүнийг барцад дайрсан гэхээс яах билээ. УИХ-ын гишүүн С.Ган­баа­тарт 20 мянган хувь­сагчийн талаар “хичээл” зааж “томор­сон” С.Баярцогт нэг сая ам.доллараа “мартсан байсан” нь гайхалтай. Нэг сая ам.дол­лараа “Миний найзуудын гур­ван сая төгрөг”, Хята­дын иргэн хэмээн өөрийгөө бүртгүүлж эрхийг нь авсан “Legend Plus Capital Limited” компаниа бусдынх гэж гүрий­сэн нь сонин. Тэрээр Монголын таг­нуул, цагдаа­гийн мэдэж чадаагүй нууц данс, ком­панийг нь илрүүлсэн гадаад сэтгүүлч­дэд өнөө хэр тунирхдаг л байх. Гэхдээ эр хүний замын хүзүү урт юм чинь ирэх онд алдаанаасаа суралцах байлгүй дээ.

ҮГЭЭ “САЛААВЧ”-ААР ИЛЭРХИЙЛСЭН Ц.ШИНЭБАЯР

-2013 оныг бүтэл муутай эхлүүл­сэн эхний хүн бол УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр. Түүнийг АТГ-ын Мөрдөн байцаах албаны дарга Э.Амарбатын ахар сүүлийг гэмтээж, тусгайгийнхан руу “салаавч” гаргасан хэмээн шалгаж эхэлсэн. Улмаар энэ оны нэгдүгээр сарын 16-нд анхан шатны шүүхээс тэнсэн харгалзах ял ногдуулсан юм. Тэрээр МАХН-ын дарга Н.Энхбаярыг 2012 оны дөрөвдүгээр сарын 13-нд баривчлахад гэрт нь байж таарсан. Энэ үедээ бухимдлаа “салаавч”-аар илэр­хийлсэн хэрэг. Энэ талаар өөрөө “Ту­хайн үед АТГ-ынхан орж ирээд шууд буйдангаар намайг дарж унагасан. Хоо­лой боосон учраас хэлэх үгээ салаав­чаар илэрхийлэхээс өөр арга олдоогүй. Хэн ч үзэл бодлоо чөлөөтэй илэрхий­лэх эрхтэй байдаг. Тэд УИХ-ын гишүү­ний завьжийг язалж, шүдийг нь хугалж, насан турш сөөнгө хоолойтой болгос­ныхоо төлөө ял сонсох ёстой. Ц.Шинэ­баярын салаавчнаас болж сэтгэл гут­ралд орсон гэж зарга үүсгэж болохгүй” гэж байв.

ГҮҮРЭН ДЭЭР БУСДЫГ “РЕКЕТЛҮҮЛСЭН” Ё.ОТГОНБАЯР

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр со­шиал медиа орчны идэвхтэй оролцогч­д­ын нэг. Тэрээр өөрийн эхнэр О.Эрдэ­нэ­солонгыг цагдаагийнханд баригдсан гэдгийг твиттерээс анх мэдсэн. Эхнэр О.Эрдэнэсолонгынх нь дөрвөн банкны 26 дансаар нийтдээ 323 сая ам.доллар, 13.9 тэрбум төгрөгийн мөнгөн дүнтэй гүйлгээ орж, гарсан гэдэг мэдээлэл бий. Энэ мөнгө Ё.Отгонбаяртай хол­боо­той гэдэг. Үүнээс гадна Ё.Отгон­баяр гишүүн БСШУ-ны сайдаар ажил­лаж байхдаа Налайхад сургууль барь­сан иргэний барилгыг хүлээж авахгүй 230 сая төгрөг хахуульд нэхсэн. Өгөх­гүй болохоор нь Энхтайваны гүүрэн дээр өнөөх компанийн захирал залууг машинтай залуучуудаар зодуулсан хэрэгт холбогдоод авсан. УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг прокурорын байгууллагаас тавьсан боловч УИХ-аас буцаасан байдаг. Гэр бүлийн хоёрын холбогдсон хүн дарамталсан, онц их хэмжээний мөнгө угаасан гэх хэргийг одоогоор УМБГ шалгаж байна.

ЖАСТЫН Ш.БАТХҮҮГ “ХУЛХИДСАН” Ц.МЯНГАНБАЯР

“Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаяр олон жил цагдаагийн байгууллагад шалгуулж байна. Ц.Мян­ган­баярт өмнө нь “Монгол газар” болон охин компаниудынхаа нэрээр барьцаа­ны хөрөнгө давхардуулан 169 тэрбум төгрөгийн зээл залилж авсан гэсэн үндэслэлээр шалгуулж байсан. Дараа нь Орхон голыг бохирдуулсан хэргээр шалгуулсан удаатай. Сүүлд “Жаст”-ын Ш.Батхүү “Хадгаламж”, “Жаст агро”, “Жаст-Ойл” зэрэг өөрт байсан бүх биз­несээ алдсаныхаа дараа “Ц.Мянган­баяр­тай нөхөрлөсөн минь миний ал­даа байж” хэмээн буруугаа үүрүүл­сэн. Ц.Мянганбаяраас авсан “Олон овоот” төсөл ашгаа өгөөгүй учраас энэ бүх дампуурал эхэлсэн гэж тэрээр хэлсэн. Одоо Ш.Батхүүг УМБГ-аас хуурамч би­чиг баримт бүрдүүлж, “Эрдэнэт” үйлдвэрт хохирол учруулсан хэргээр шалгаж байгаа. Харин Ц.Мянганбаярыг өөр нэг хэргээр УМБГ-т шалгаад удаж байна. Энэ удаад Ц.Мянганбаярыг Өвөр­хангай аймгийн Уянга сум дахь Бөөрөлжүүт, Өлт голыг бохирдуулсан, нөхөн сэргээлт хийх үүргээ биелүү­лээгүй гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн сэжигтнээр тооцсон гэнэ.

“ДАЛАН ТАВААР” БУУЖ ӨГСӨН Ч.ДАВААБАЯР МҮОНТ-ийн захирал асан

Ч.Даваа­баяр ерөнхий захирал М.Наранбаатар болон Үндэсний зөвлөлөө ажлаас нь үндэслэлгүй халсан гэх шалтгаанаар Баянгол дүүргийн шүүхэд өгөөд бай­сан билээ. Тэгвэл Ч.Даваабаяр шүүхэд гар­гасан өргөдлөө хэд хоногийн өмнө­хөн буцааж татжээ. Түүнийг МҮОНТ-ийн захиралаар томилоод удаагүй байхад ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн 100 гаруй уран бүтээлч нь га­рын үсгээ зурж ажлаас нь чөлөөлөх хү­сэлтийг Ерөнхий захиралдаа улам­жилж байв. Гэвч Ч.Даваабаяр суудал­даа тогтож үлдэхийн төлөө өөрийн эс­рэг зогссон ажилчдадаа аудитын шал­галт оруулж байсан нь саяхан. Үүнээс зарим нь одоо ч шалгуулж буй. Бүр сүүлдээ ажлаа өгөхгүй хэмээн эгдүүц­с­эн тэрээр Ерөнхий захирал, Үндэсний зөвлөлөө хүртэл шүүхэд өгч байв. Гэхдээ түр хугацаанд эзгүйрсэн суудал нь эзэнтэй болоход Ч.Даваа­баяр өргөдлөө буцааж татсаныг хү­мүүс нь олон янзаар тайлбарлаж байна. АН-ын ялалтын бялуунаас гэхэд УИХ-ын дарга З.Энхболдын фракцид МҮОНТ захирлын квот очсон гэдэг. Тиймдээ ч УИХ-ын спикер өөрийн фракцын Ч.Даваабаярыг МҮОНТ-ийн захирлаар томилсон гэж ярьдаг юм билээ. Гэтэл З.Энхболд даргын хүн явж, З.Энхболд даргын хэвлэлийн албаны хүн ирснээр Ч.Даваабаяр өргөдлөө татчихав уу гэсэн бодол хөвөрнө. Эвсэл МҮОНРТ Ерөнхий захирал М.Наранбаатартай тохиролцов уу. Хамгийн гол нь ингэж өр­гөдлөө татах байсан юм бол Ч.Да­ваабаяр захирал олон уран бүтээлчийг хууль хяналтын байгууллагад өгч шал­гуулахаас эхлээд өөрийн хэрүүлийн­хээ хөлд чирэх хэрэг байсан юм уу.

УИХ-ЫН ДАРГЫН “ХАМААТАН” Ц.ЭНХБАЯР

“Ачтан элит” эмнэлгээс Гэмтэл, согог судлалын үндэсний төвд захир­лаар ирсэн Ц.Энхбаяр эмч өнөөдөр маш хүнд байдалд байгаа. Салбарын сайд нь түүнийг Гэмтлийн эмнэлэгт шууд томилсноос улбаалж эмч нар түүний эсрэг босоод байгаа. Эмнэлэгт олон жил ажилласан ахмад эмч нар Ц.Энхбаяр захиралтай хамтран ажил­лаж чадахгүй гэдгээ мэдэгдэж, ажил хая­сан удаа ч бий. Энэ утгаараа эмнэл­гийг салбар дахь хамгийн барцадтай яваа хүнээр Ц.Энхбаяр эмчийг нэрлэж болох юм. УИХ-ын дарга З.Энхболдын ха­маатан л гэнэ, тагнуулд ажилладаг ахаа­раа эмч нарыг дарамтлуулсан л гэнэ, салбартаа танигдаагүй л гэнэ. Ху­дал үнэн аль нь мэдэгдэхгүй хов жи­вийг эцэстээ сонгон шалгаруулалтаар цэгцлэх гэж байна. Ямартай ч эмнэлэг даяараа өмнөөс нь босч байхад тэсвэр, хатуужилтайгаа харуулан ажлаа хийж яваа эмэгтэй захирал бол Ц.Энхбаяр. Эрүүл мэндийн яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлд ГССҮТ-ийн захирлын албан тушаалд өрсөлдөх хүмүүс мате­риалаа бүрдүүлж өгөөд байгаа юм.

МЭРГЭЖИЛТНЭЭ “АЯАРХАН” ЗОДСОН Х.БАТБАЯР

Дэлхийн багш нарын өдөр буюу аравдугаар сарын 5-нд Улаанбаатарын багш нар Богд ууланд авирсан. Энэ үйл ажиллагааг Нийслэлийн боловсролын газраас зохион байгуулсан юм. Гэтэл нийслэлийн Боловсролын газрын дэд дарга Х.Батбаяр мэргэжилтэн Г.Амар­са­наагийн толгойг архины шилээр цохиж гэмтээжээ. Олон жил ажилласан Г.Амарсанаа шинэ даргаа архи аягалж өгсөнгүй хэмээн томорч байгаад жавтий хүртсэн нь тэр юм билээ. Богд уулан дээр болсон энэ явдал тэр даруйдаа улсын хэмжээнд тарсан. Х.Батбаяр дарга сүртэй юм болоогүй, аяархан л цохьсон хэмээн гүрийдэг бол мэргэжилтэн Г.Амарсанаа би зүгээ­рээ, миний толгой эдгэрсэн хэмээн учирласан нь бий. Өндрөө авсан энэ асуудлын мөрөөр хотын мээр Э.Бат-Үүл Х.Батбаярыг ажлаас нь хал хэ­мээн холбогдох хүмүүст үүрэгдсэн байдаг. Энэ асуудал олны анхааралд өртөхөд БШУ-ны дэд сайд Б.Ургамалцэцэг, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Булга-Эрдэнэ нарын хийсэн зодоон нөлөө үзүүлсэн нь лавтай.

“ХУТГА БАРЬЖ ДАЙРСАН” ГЭХ Н.НОМТОЙБАЯР

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа. Тэрээр өөрийн найз “Мунзуй” хочит Г.Нямдоржийг хутгалахыг завдсан, танхайрсан хэргээр 2014 оныг барцад­тай угтаж байгаа хүмүүсийн нэг. “Ле Трискел” зоогийн газарт болсон хэр­гийн дараа Н.Номтойбаяр гишүүн ойр ойрхон хэвлэлийн бага хурал хийж өөрийгөө өмөөрөх болсон. Байцаан шийтгэх ажиллагааны явцад мань эр өөрөө эхэлсэн болж таарч байгаа юм билээ. Харин өөртөө нь ойр харил­цаатай байсан Г.Нямдорж УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын талаар хэвлэлд таагүй мэдээллүүдийг өгч байна. Тэрээр, “Н.Номтойбаяр Цагаан шонхорын Ч.Энхтайваны цүнхийг барьж яваад өдий зэрэгт хүрсэн. “Женко” Х.Баттулга, “Эрэл”-ийн Эрдэ­нэ­бат, О.Чулуунбат, Батж.Батбаяр, Ө.Энхтүвшин, Д.Бадамдамдин нарын хүүхдүүдийг зодсон танхай этгээд” гэсэн байдаг.

ДОТООДЫН “ТЕРРОРИСТ” Ц.МӨНХБАЯР

“Гал үндэстэн” холбооны удирдах зөвлөлийн гишүүд болох Ц.Мөнхбаяр нарын найман хүнийг ТЕГ-аас шалгаж, прокурор хэргийг нь шүүхэд шилжүүл­сэн. Онги голынхоо төлөө тэмцэж олон улсын хүндтэй шагнал авсан Ц.Мөнх­баярт яагаад ийм барцад тохиолдов. Урт нэртэй хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг эсэргүүцэхдээ Төрийн ордоны цэцэр­лэг рүү гранат шидэж, хоёр газарт тэсрэх бөмбөг суурилуулах шаардлага байсан уу. Шүүх энэ хэргийг нээлттэй байдлаар хэлэлцэх учраас удахгүй тодорхой болно. Ямартай ч Ц.Мөнх­баяр нар Зэвсэгт хүчин, Дотоодын цэр­гийн ангиудаас гранат, тротел худал­даж авсан нь тогтоогджээ. Нутаг усаа хам­гаалж, гол мөрөн сүйтгэж буй тэд­ний шударга тэмцэл эцэстээ өөр тийш эргэсэн бололтой. Тагнуул, цагдаагийн байгууллагаас Ц.Мөнхбаяр нарыг гаднын хөрөнгө оруулалттай компа­ниу­даас мөнгө нэхдэг, рекетлэдэг, болохгүй бол буу зэвсэг хэрэглэн буулгаж авдаг байсныг тогтоосон гэнэ. Тагнуулын байгууллага Ц.Мөнхбаяр нарын өдүүлсэн хэргийг “дотоодын терроризм” гэж үзэж байгаа юм.

 Г.Тулга