Тусгай хяналтын дэд хороо гишүүдийн “аазгайг” хөдөлгөж байна
2017/11/28
Өнгөрсөн долоо хоногт Тусгай хяналтын дэд хороонд өөрчлөлт оруулах асуудал багагүй маргаан дагуулав. Учир нь Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.8 дахь хэсэгт “Дэд хорооны бүрэлдэхүүнд орсон гишүүн харьяалагдах Байнгын хорооны бүрэлдэхүүнээс гарвал тухайн дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлөгдсөнд тооцно” гэж заасны дагуу Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнээс УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Д. Цогтбаатар нар чөлөөлөгдсөн. Үүнээс үүдэлтэй дэд хороонд багтах хүсэлтэй гишүүд илд далд байр сууриа илэрхийлж, багагүй маргаан өрнөсөн юм.
Гишүүдийг ийнхүү хуйлруулсан тухай хяналтын дэд хороо ямар чиг үүрэгтэй ажилладаг вэ?
УИХ-ын Тусгай хяналтын дэд хороо нь хуульд зааснаар, төрийн нууцын хадгалалт, хамгаалалт, тагнуул болон гүйцэтгэх ажлын талаарх хууль тогтоомийн биелэл, улсын хил хамгаалалт, төрийн тусгай хамгаалалтын асуудлыг дагнан хариуцаж бодлогын баримт бичиг, асуудал боловсруулах буюу санал, дүгнэлт гаргаж, түүнийг харъяалагдах байнгын хороонд, шаардлагатай бол байнгын хороогоор уламжлан УИХ-д өргөн барих мэдүүлэх, түүнчлэн хариуцсан асуудлын хүрээнд хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх эрхтэй юм. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд Тусгай хяналтын дэд хороо харьяалагддаг.
Энэ асуудлыг хэлэлцэх үеэр гишүүд дараах байдлаар байр сууриа илэрхийлж байв?
УИХ-ын гишүүн ХЗДХ-ийн Ц.Нямдорж: Ойрын үед гишүүдийг яаж айлган сүрдүүлж, танхайрч, нууц мэдээллийг цацаж чадаж байна. Ийм асуудлыг шийдэх газар нь дэд хороо байх ёстой. Аймхай хүмүүсийг дэд хорооноос гарга. Айдаггүй хүмүүсийг оруулж шалга. Бүр шаардлагатай бол байнгын хорооны статустай болгоод, гишүүдийн тоог нь нэм.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: Өнөөдрийн улс төрийн нөхцөл байдлаас үүдэж хоёр квот дээр таван хүн өрсөлдөж байх жишээтэй. Дэд хороо бол төрийн нууц, гүйцэтгэх ажиллагаа, хил хамгаалах хуулийн хэрэгжилтийг үнэн зөвөөр ашиглаж байна уу үгүй юу гэдгийг шалгадаг.
УИХ-ын гишүүн С.Батболд: Тусгай хяналтын дэд хорооны зарчим, үйл ажиллагаа хангагдаж ирсэн. Ямар нэг улс төрийн өнгө аяст тохируулж хөдлөх ёсгүй. Яагаад гэвэл үүрэг нь тийм биш. Дэд хороо бол улсын нууц, төрийн нууц, хил хамгаалалтын асуудлыг зохицуулсан хуулийн хэрэгжилтийг хэлэлцэнэ. Түүнээс биш хүний эрх болон бусад асуудлыг хэлэлцэх эрх байхгүй. Өмнө нь 2004 онд гурав, 2008 онд гурав, 2012 оноос дөрөв, 2016 оноос таван гишүүнтэй болсон. Ингээд хоёр гишүүн дэд хорооноос гарсан учраас квот дээр нь өрсөлдөж байгаа асуудал юм.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Энэ дэд хорооны бүрэлдэхүүнд туршлагатай, тулхтай, ёс зүйтэй улс төрчдийг оруулах ёстой. Мэдээж хэрэг гишүүн болсон хэн ч эрх зүй талаасаа орох эрхтэй. Гэхдээ бид нар үүнийг ёс зүй талаасаа зохицуулж ирсэн. Одоо тийм биш болжээ. Хараад байхад том түрийвчтэй хүмүүс орж байна.
Ийнхүү тус хорооны бүрэлдэхүүнийг батлах асуудал багагүй маргаан дэгдээв. Үүнээс үүдэн Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүний тоог нэмэх хүртэл асуудал яригдсан юм. Учир нь тус хороонд багтах хүсэлтэй гишүүд олон байв. Улмаар Д.Оюунхорол, Л.Болд нар энэ хорооны бүрэлдэхүүнд багтаж, асуудал намжив. Тэд бол гишүүдийн Ц.Нямдорж гишүүний хэлснээр аймхий биш, Ц.Даваасүрэн гишүүнийн тодорхойлсон “Том түрийвчтэй” гишүүд аж.