Чойжавын Цэдэн гэдэг эрхэм хүнтэй 1958, 1959 оны зааг өвлийн цагаар нүүр учран танилцаж, 1984 онд насан өөд болтол нь ойр дотно байсан юм.

Бид ах зах, дүүгийн холбоо сүлбээтэй байсан Ч.Цэдэн гуайн мэлмий гийсний 100 жилийн ой энэ 2017 онд тохиож байгаа учир түүний тухай дурсах нь өөрийн үүрэг гэж үзсэн юм. Монгол нутгийн мөнх хөх тэнгэрийг тольдон цутгал ижий Сэлэнгэ мөрөн тасралт үгүй намуухан урсана.
Одоогоос зуун жилийн тэртээ энэ их мөрний хөвөөнд нэгэн хөвгүүн мэндэлсэн нь хожмоо энэхүү номыг бүтээгч бичгийн хүн, ахмад чекист, дэд хурандаа Чойжавын Цэдэн агсан ажгуу. 
Чойжавын Цэдэн 1917 оны арван нэгдүгээр сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сэлэнгэбүрэн сумын дөрөвдүгээр багийн нутаг Цүүц гэдэг газар ядуу ард Чойжав, Ханд нарын зургаа дахь үр сад болон мэндэлсэн байдаг юм.
Нялх бага байхад эцэг нь нас барж өнчрөн ээжтэйгээ үлдсэн хүүхдүүд ямар өөдтэй байв гэж. Эх нь зургаан хүүхдийн дөрвийг нь хүнд өргүүлж, том хүү Ванчиг, отгон хүү Цэдэн хоёртойгоо аж төрсөн дүр зураг харагдана. Чойжавынхан 10-аад бод малтай байж. Тэр нь ганц нэг чөдрийн морь, бусад нь үхэр байсан биз дээ.
Хориод оны үе байтугай дөчөөд оны үеийн малчдын амьдрал ямар байсныг мэдэх хүн хараахан ховордоогүй дээ. Жилийн дөрвөн цагт, тэр тусмаа өвлийн тэсгим хүйтнээр эсгий гэрийг тулганы галаар дулаацуулна гэдэг амаргүй даваа. Түлш нь аргал хоргол, хөрзөн байсан. Ой хөвчтэй нутагт мод нэмэр болдог байсан байх. Тэр амьдралыг ядуу малчны үр сад Ч.Цэдэн туулсан байжээ.
Ээж Долгорын Ханд нь баян айлын сааль сүү авах, цагаан идээ бэлтгэх, малын үс ноос авах ажил төрөлд нь туслахын хажуугаар хар будаа (энэ нь шар будаа байсан бололтой) тарьж, түүнийгээ хураан авч, тэвшинд хийгээд хөлөөрөө гишгэн хальс хонхруудсыг цэвэрлэсний дараа чанаж болгох, түүнийгээ хуурч хатаагаад уур нүдүүрээр талхалж нунтаглан өрмөнд зууран хүүхдээ тэжээж байсныг Ч. Цэдэн “Үрдээ хайраа зориулсан эх хүний ачлал хайр, жаргаж буй нарны доорхи үзэсгэлэнт байгаль, өнгийн цэцэгсийг яахан мартах билээ” хэмээн бичжээ.
Эцгээ нас барах үед тэр гурав дөрвөн наснаас хэтрээгүй байж дээ. Том ах Ванчиг эрийн цээнд хүрч, эхнэр авч амьдралаа бодох болсон үеэс хойш ээж Ханд нь отгон Цэдэнгээ хүн болгожээ. Цэдэнг багад тэднийх одоогийн Сэлэнгэ аймгийн нутаг Холтос нуга гэдэг газар байсан сүмийн ойр нутагладаг байжээ. Цэдэн цээжин биедээ ямар нэгэн эмгэгтэй болоод зовоосон учир ээж нь дээрх сүмийн лам багш Цэгмэд гэдэг хүнд үзүүлэхэд анх өгсөн Ёндонжамц нэрийг нь Цэдэн болгон өөрчилсөн байжээ. Үүнийг бичигч миний бие андуураагүй бол төвд хэл болон шарын шашны номоор Цэдэн гэдэг нэр бол монголоор Батнасан гэсэн утгатай юм. Тэхлээр лам багш нь бие султай Ёндонжамц хүүг бат наслахыг бэлгэдэж шинэ нэр хайрлаж дээ гэлтэй байна.
Ч.Цэдэн арван нас хүрээд Сэлэнгэ аймгийн Баруунтуруун сумын бага сургуульд оржээ. Барагцаалбал 1927 оны намар юм байх. Тэр үед хүүхдүүд цагаан сараар гэртээ харьдаг байсан бөгөөд айл хэсэж боов боорцог бэлгэнд авдаг байж. Морьтой хүүхдүүд айлд орж удаж саатахгүйн тулд гадна нь очоод мориноосоо буулгүй шууд “Боов” гэж хашгирахад айлынхан гарч ирээд бэлэгний боов өгдөг журамтай байжээ. 1930-аад онд ийм л бүдүүлэг байж билээ хэмээн Ч.Цэдэн гуай дурсамждаа бичжээ. 
Ээж нь отгон хөвгүүн Цэдэнг Дорноговь аймгийн Дотоод яамны хэлтсийн даргаар ажиллаж байхад дунд хөвгүүн Бат-Очирынхоо гар дээр байгаад 1945 онд өнгөрсөн гэдэг. Бие нь муу байхад нь Цэдэнг дуудуулъя гэж хэлэхэд ээж маань “Хэрэггүй ээ, хүү минь айж цочно” гэж хэлсэн гэдэг хэмээн хожим нь Цэдэн гуай дурсчээ.
1940-өөд оны дунд үе хүртэл манай улсад Халх голоор Япон заналхийлж, баруунтаа дэлхийн хоёрдугаар дайны гал дүрэлзэж байсан цөвүүн цагт хүн бүр эрхэлсэн ажилдаа хичээн зүтгэж, эх орноо батлан хамгаалах ажил амин чухал байсныг дурдалтай. Хэнд ч буруу санах боломжгүй байсан цаг байсныг эхийнх нь сүнс өршөөх байлгүй дээ гэж бодохоор байгаа юм. 
Ч.Цэдэн гуайн дурсамжаас үзэхэд эх Д.Ханд нь хүнтэй эвтэй, ажилч хичээнгүй, цэвэрч нямбай, уур уцааргүй хүн байжээ. Үүнийг тэрлэгч би-вээр 1958-1959 оны заагаар дэд хурандаа Ч.Цэдэнтэй танилцах үед тэр 40 орчим насны тос даасан бор царайтай залуу байж билээ. Ч.Цэдэн гуайг өөрөө ээжийнхээ тухай тодорхойлон дүрсэлсэнтэй нь харьцуулан ойлгож болох эрхэм хүн байлаа. Тэр нүүрэндээ инээмсэглэл дүүрэн сайхан зантай, бор царайндаа тохирсон яралзсан цагаан шүд, нүд хөмсөг болсон, уур уцааргүй, их нээлттэй, хүнийг их бага гэж ялгадаггүй, ихэмсэг дээрэнгүй зан авиргүй, хэнтэй ч инээмсэглэж, инээж байж хуучилж хөөрдөг нэгэн байсан юм. Түүний гар бичмэлээр үлдээсэн гэрэл зурагтай цомог дурсамжинд нь ээжийнхээ байр байдлыг бичсэнтэй нь өөрийнх нь зан байдалтай яв цав нийлж буй нь мэдрэгдэнэ. Эндээс харахад миний бие Цэдэн гуайн тухай гүехэн мэдлэгтэй байжээ. Бид хоёр анх нүүр учрах үед Цэдэн ах дэд хурандаа мөрдэс бүхий Зөвлөлт улсын цэргийн дүрэмт хувцастай байсан бөгөөд Зөвлөлтөд Дотоод яамны дээд сургуулийн сонсогч (оюутан) байв. Харин намтартаа ЗХУ-д хуулийн дээд сургуульд суралцсан гэж даруухан дурдсан нь ажлын онцлогтой холбоотой байсан биз ээ. Төгссөн сургууль нь яах аргагүй цэрэг, хүчний байгууллагын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг яг үнэндээ Зөвлөлт Улсын Аюулаас хамгаалахын дээд сургууль болох нь сүйхэлжин (ромбо)-гээс тодорхой байсан юм. Ч.Цэдэн гуай Зөвлөлтөд сургуульд явахаас өмнөх он жилүүдэд Сэлэнгэ аймгийн Сэлэнгэбүрэн суманд бичээч болсноор хөдөлмөрийн гараагаа эхэлсэн байжээ. Улмаар унаган аймагтаа дотоодыг хамгаалах ангид бичээч, төлөөлөгч зэрэг бага албан тушаалын гүйцэтгэх ажил хийж явсан байна. Сумандаа бичээч хийхдээ сард 25 төгрөгийн цалин авдаг байжээ. Тэр үед нэг шил монопол архи гурван төгрөг 60 мөнгө, папирос тамхи хайрцаг нь тав, зургаан мөнгөний үнэтэй байснаас үзэхэд төгрөг ханш сайтай байж л дээ.
Ч.Цэдэнг 1936 оны нэгдүгээр сарын эхээр Алтанбулаг хотын Дотоодыг хамгаалах ангид бичээчээр дэвшүүлэн ажиллуулсан байна. Улмаар 1938 оны тавдугаар сараас Сүхбаатар аймгийн Дотоодыг хамгаалах ангид төлөөлөгч болгосон байна. Тэр үеэс 1962 он хүртэл НАХЯ- нд дэд хурандаа, чекист, хэлтэс, газрын даргаар ажиллаж, МҮЭ-ийн Төв Зөвлөлт, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл, Цэргийн ерөнхий дээд сургууль, ШУА, Улсын Прокурорын газар, Олон Улсын Найрамдал зуслан зэрэг газруудад 1982 оны дунд үе хүртэл багш, прокурор, хуульч зэрэг алба хашиж байв.
Ч.Цэдэн улс нийгмээс хүлээлгэсэн ажлыг идэвх зүтгэлтэй биелүүлж байсныг нь үнэлж “Алтан гадас” одон, “Байлдааны гавъяаны” одон, Байлдааны болон Бид ялав медалиар шагнагдаж байжээ. Мөн ЗХУ-аас “Улаан таван хошуу” одон, “За победу над Японией” медалиар шагнаж байсан бол БНСЧУ-аас “Хүндэт ажилчин” тэмдгээр шагнасан байдаг юм. Энэчлэн олон шагналаар шагнуулж байсныг нурших нь илүүц биз ээ. 
1950 онд тухайн үеийн сайхан бүсгүйчүүдийн нэг Ц. Тогтохтой (Улаанбаатарт байгаа миний аав киноны гол дүр Долгор) гэр бүл болж таван хүүхэд төрүүлж өсгөсөн нь одоо бүгд эрдэм боловсролтой, ажил үйлс нь өөдрөг сайхан хүмүүс болж энх тунх байгаа ээжийгээ баярлуулж, энэрэлт сайхан аавынхаа гүйцээж амжаагүй буянтай ажлыг үргэлжлүүлэн нэрийг нь мөнхжүүлж явна.
Ч.Цэдэн бичиг үсгийн чадвар сайтай, ажил амьдралын баялаг дадлага туршлагатай хүн байв. Монгол хэлний хуучин, шинэ бичгээр баруун солгойгүй бичдэг. Бас орос хэл бичиг сайтай байсан юм. Маш нямбай байсныг ганцхан баримтаар хэлж болно. Зөвлөлтөд суралцаж байсан үеийн хичээлийн дэвтрийг нэгэнтээ хальт харахад их эмх цэгцтэй, дэвтрийн хажуу захад нэмэлт тайлбар хийсэн нь олонтой бөгөөд эрдэм ном сурахын төлөө хичээн чармайж байсныг төвөггүй ойлгохоор байж билээ. Хойч үеэ бодож ухамсартай байсан баримт ч байх юм. Тухайлбал, өөрийнхөө аав ээж, ахан дүүсийнхээ намтар түүх, мөн өөрийн амьдрал ахуй, ажил хөдөлмөрөө товч тодорхой бичсэн, холбогдол бүхий гэрэл зургаас гадна гадаад паспорт, ажлын пропуск, сургуулийн үнэмлэх, элдэв урилга оруулсан бүтээл хийжээ. Түүнийг хийхдээ дунд сургуулийн зураг хөдөлмөрийн хичээлдээ өргөн хэрэглэдэг байсан “Для черчения” гэсэн зузаан цаастай, тус бүр нь 20-30 хуудастай 7-8 дэвтэрт багтаан хийжээ. Тийм зүйлийг залхуугүй хөдөлмөрч, нягт нямбай хүн л хийж чадна шүү дээ.
Бидний ахас дээдэс дотор ийм л нэгэн хүн аж төрж байсан бөгөөд одоо биднийг ямаршуухан байдалтай байгааг тэнгэрийн орноос харж байгаа даа гэж бодон энэхүү дурсамж – тэмдэглэлийг бичиж Ч.Цэдэн гуайн хуучин бичгээс шинэ үсэгт буулгасан Хятадын эртний сонгодог “Сүн улсын хүйтэн уулын бичиг” бүтээлийн уялга үг болгов. 
Бурхны оронд байгаа буурал Чойжавын Цэдэн агсны дурсгалд буян болтугай.

Баз хүргэн дүү нь болох, Соёлын гавъяат
зүтгэлтэн сэтгүүлч, зохиолч Б.Монголхүү