Ц.Цолмон: УИХ-ын гишүүдийн гар утасны хэрэглээнд нэг ч төгрөг зарцуулдаггүй
2018/01/08
УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонгоос цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.
-УИХ-ын гишүүдийн утасны зардалд жилд 34 тэрбум төгрөг зарцуулж байна гэсэн мэдээлэл сүүлийн хэд хоног яригдлаа. Энэ талаар танаас тайлбар авах гэсэн юм.
-Худал мэдээлэл байна. 2017 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлээд гишүүдийн утасны зардалд төсвөөс мөнгө олгоогүй. Мөн 2018 онд ч төсөвлөөгүй. Уг нь Монгол Улсын Их Хурлын тухай хуулиар гишүүдийн холбооны зардлыг төрөөс хариуцахаар заасан байдаг. Өмнөх УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд гишүүдийн гар утасны зардлыг төсөвт тусгаж, санхүүжүүлдэг байсан. Харин 2017 оны 01 дүгээр сараас гишүүд өөрсдөө гар утасны төлбөрөө төлж байгаа.
-34 тэрбум төгрөг гэдэг нь хаанаас гарсан тоо юм бол?
-76 гишүүн 34 тэрбумаар утсаар ярина гэж юу байх юм бэ. Нэг гишүүнд жилд 447.0 сая төгрөг ногдох нь. Сард 37.0 сая төгрөгөөр утсаар ярьдаг хүн гэж яаж ч бодсон байхгүй. УИХ-ын гишүүд ийм их мөнгөөр утсаар ярьдаг юм байна шүү гэж худал цуурхал зохион байгуулалттай тарааж байна гэж ойлгож байна.
УИХ-ын бүтэн жилийн төсөв, өөрөөр хэлбэл гишүүд, тэдний зөвлөх туслах, намын бүлгийн ажилтан, УИХ-ын Тамгын газрын ажилтан, албан хаагчдын 2017 оны бүтэн жилийн цалин, хөрөнгө оруулалт, орон нутгийн томилолт, УИХ дээр хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрийн зардлын нийлбэр л 34 орчим тэрбум төгрөг байсан юм.
-УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний үүргийг хавсран гүйцэтгэж байгаа хүн давхар цалин авдаг юм шиг, бас аль нэгээс нь татгалзах тухай яриа гараад байсан. Яаж шийддэг вэ?
-Бас л худлаа мэдээлэл. УИХ-ын гишүүн сайдаар ажиллах болбол цалинг нь Засгийн газар хариуцдаг. УИХ-аас цалин огт авдаггүй.
-Ямар зорилгоор ийм мэдээлэл гарч байна гэж та үзэж байна?
-Мэдээж иймэрхүү мэдээллийг тодорхой зорилготой л тарааж байгаа. Үүний цаана зорилготой, зохион байгуулалттай, санхүүжилттэй хэсэг бүлэг хүн ажиллаж байгаа гэж бодож байна. УИХ-ын гишүүдийн үйл ажиллагааг харлуулах, эдийн засаг хүнд үед иргэдийг бухимдуулах, хагалан бутаргах, талцуулах, нийгмийн сэтгэл зүйг тогтворгүй болгох зорилгоор л ийм үйл ажиллагаа явуулаад байна даа гэж харж байна. Хэрэв ийм маягийн мэдээлэл тараахаа зогсоохгүй бол хуулийн дагуу холбогдох хүмүүстэй хариуцлагын асуудал ярих болно.
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг