Төсвийн тухай хуулийг өөрчилнө
2018/01/13
Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Х.Нямбаатар гишүүн боловсруулжээ. Түүний боловсруулсан саналаар бол Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь дөрвөн зүйлтэй.
Төслийн 1 дүгээр зүйлд: Аймаг, нийслэлийн төсвийн татварын орлогод хамааруулж байгаа газрын төлбөрийг сум, дүүргийн төсвийн татварын орлогод хамааруулахтай холбогдсон өөрчлөлтийг Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлд, түүнчлэн Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд төвлөрүүлж байсан газрын тосны нөөц ашигласны төлбөрийн орлогын 30 хувийг тухайн сумын орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлэхтэй холбогдсон өөрчлөлтийг Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлд тус тус оруулахтай холбогдсон нэмэлтийг,
Төслийн 2 дугаар зүйлд: Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн “хүн амын унд, ахуйн хэрэгцээний зориулалтаар ус, рашаан ашигласны төлбөр” гэсэн 23.8.9 дэх заалтыг “байгалийн нөөц ашигласны төлбөр” болгон өөрчлөн найруулах заалт,
Төслийн 3 дугаар зүйлд: Дээр дурдсан өөрчлөлттэй холбоотойгоор Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн “үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашигласан усны төлбөр” гэсэн 23.6.5 дахь заалт, “агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамж” гэсэн 23.8.4 дэх заалт, “байгалийн ургамал ашигласны төлбөр” гэсэн 23.8.6 дахь заалт, “ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөр” гэсэн 23.8.7 дахь заалтуудыг хүчингүй болсонд тооцох,
Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр төслийн 4 дүгээр зүйлд тусгасан байна.
Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орохоор байгаа аж.
Газрын төлбөрийг сум, дүүрэгт төвлөрүүлснээр тухайн орон нутагт орлогын тогтвортой эх үүсвэртэй болох, санхүүгийн чадал боломжоо нэмэгдүүлэх ахиц дэвшил гарах, төсвийн хэт төвлөрлийг бууруулах гэнэ.
Газрын төлбөрийг сум, дүүрэгт төвлөрүүлснээр тухайн орон нутагт орлогын тогтвортой эх үүсвэртэй болох, санхүүгийн чадал боломжоо нэмэгдүүлэх ахиц дэвшил гарах, төсвийн хэт төвлөрлийг бууруулах болно гэж төсөл санаачлагч үзэж бйгаа. Өөрөөр хэлбэл Газрын төлбөрийн орлого нь орон нутгийн татварын төрөлд хамаарч, аймаг, нийслэлийн төсөвт төвлөрдөг. 2016 онд газрын төлбөрөөр 53.4 тэрбум төгрөг аймаг, нийслэлийн төсөвт төвлөрсөн бөгөөд орон нутгийн татварын орлогын 6,7 хувийг бүрдүүлж байна. Нийт дүнгээр төдийлөн өндөр биш боловч орон нутаг өөрийн тогтвортой орлоготой болох, түүнийг төлөвлөх, цуглуулах, төвлөрүүлэх, захиран зарцуулах төсвийн удирдлагыг бие даан хэрэгжүүлэхэд газрын төлбөрийг сум, дүүргийн төсөвт төслөрүүлэх юм байна.
Орон нутгийн амьдралтай хамгийн ойр дөт энэ төрлийн татварын орлогыг сум, дүүрэг өөрийн мэдэлд авснаар орон нутгийн өөрийн орлого нэмэгдэх төдийгүй нутаг дэвсгэрийнхээ төрийн мэдлийн газрын зохицуулалт, удирдлага, зохион байгуулалтыг гардан хэрэгжүүлэх, газар ашиглалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх, нөхөн сэргээх ажлыг илүү бодитой, чанартай гүйцэтгэх боломж нэмэгдэнэ. Ингэснээр иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн эрхээ эдлэх боломж дээшилнэ гэдгийг төсөл санаачлагч хэлсэн.
Газрын тосны нөөц ашигласны төлбөрийн тодорхой хувийг газрын тосны олборлолт явагдаж байгаа тухайн орон нутаг болох сумын Орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлснээр газрын тосны үйлдвэрлэлийн нөлөөлөлд өртсөн тухайн орон нутгийн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, зам харилцаа, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхэд хөрөнгө бий болж, тухайн орон нутгийн иргэдийн амьдрал сайжирна.
Монгол Улсын нутаг дэвсгэрт газрын тосны олборлолт, ашиглалтын үйл ажиллагаа Монгол Улсын Засгийн газартай байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу Дорнод аймгийн Матад сумын нутаг дэвсгэрт байрших Тосон-Уул XIX, Халхгол сумын нутаг дэвсгэрт байрших Тамсаг XXI, Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт байрших БХГ-97 талбайнуудад тус тус явагдаж байна.
Өнгөрсөн хугацаанд буюу 1996-2016 онд 41.6 сая баррель буюу 5.6 сая тонн түүхий тос олборлон, экспортолж улсын төсөвт 1.18 их наяд төгрөг төвлөрүүлсэн хэдий ч тухайн үйл ажиллагаа явагдаж байгаа орон нутагт газрын тосны орлогоос нэг ч төгрөг хувиарлагдахгүй явж иржээ. 2017 онд газрын тосны борлуулалтын орлогоос 233.5 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрнө. Дорнод аймгийн Матад, Халхгол сумын нутаг дэвсгэрт байрших Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбайгаас Монгол Улсын газрын тосны нийт олборлолтын 92 хувь буюу жилд дунджаар 1 000 000 /нэг сая/ тонн түүхий газрын тосыг олборлон экспортод гаргаж, улсын төсөвт жилдээ 150.0-230.0 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлдэг байна.
Газрын тосны олборлолт, ашиглалтын үйл ажиллагаа нь байгаль орчин, мал аж ахуй, хадлан, бэлчээр, газар тариалангийн үйл ажиллагаанд тодорхой хэмжээнд сөрөг нөлөө үзүүлж байгаа тул сүүлийн жилүүдэд нутгийн иргэдээс тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудыг орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах, газрын тосны орлогын тодорхой хувийг орон нутагт хуваарилах эрх зүйн орчин бүрдүүлэх шаардлагуудыг удаа дараа тавьж, тайван жагсаал, цуглаан зохион байгуулах, газрын тосны экспортын үйл ажиллагааг тодорхой хугацаагаар зогсоох зэргээр эсэргүүцлээ илэрхийлсээр байна.
Монгол Улсын хилийн дагуу байршилтай, төвөөс алслагдмал Халхгол, Матад сумдын нутагт амьдарч байгаа иргэд, малчид газрын тос олборлох үйл ажиллагааны сөрөг нөлөөлөлд өртөн амьдрах орчин нь доройтолд орж байгаагаас иргэдийн шилжилт хөдөлгөөн нэмэгдэж, хязгаар нутаг эзгүйрэх байдал үүсэж болзошгүй байгаа тул нутгийн иргэдийн аж амьдралыг дэмжих төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, хүрээлэн байгаа орчныг хамгаалах, нөхөн сэргээх, зам харилцаа, дэд бүтцийг даруй сайжруулах шаардлага зайлшгүй тулгарч байна.
Түүнчлэн Монгол Улс газрын тос боловсруулах үйлдвэр барьж, газрын тосны бүтээгдэхүүний хараат байдлаас гарч, улмаар хямд үнэтэй шатахуунаар иргэдээ хангах зорилт тавин ажиллаж байгаа өнөө үед газрын тосны олборлолтыг хэвийн явуулах, газрын тосны эрэл, хайгуулыг эрчимжүүлж нөөц нэмэгдэх боломжтой эсэхийг тогтоох зайлшгүй шаардлагатай юм.
Иймд сум, дүүргийн эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэх, хөгжлийг дэмжих төрийн бодлогыг хэрэгжүүлэх, орон нутгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулах, хуулиуд хоорондын зөрчлий арилгах үүднээс Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан гэв.
Хуулийн төслийг байнгын хороо, УИх-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх эсэхийг УИХ-ын даргын зөвлөл шийдвэрлэх болно. Хуулийн төсөлтэй холбоотой мэдээллийг бид эргэж мэдээлэх болно.