Вагон үйлдвэрлэх төсөл боловсруулна
2018/01/18
Эрдэнэт үйлдвэрийн Засвар механикийн заводын инженер техникийн ажилтнууд саяхан Улаанбаатар төмөр замын харьяа Зүүнхараагийн вагон депод ажилласан байна. Тэд дотооддоо ачааны вагон үйлдвэрлэх төсөл боловсруулах талаар ажлын хэсгийнхэнтэй хэлэлцжээ.
Монгол улсад ачааны вагон үйлдвэрлэх судалгааны ажил өнгөрсөн оны дөрөвдүгээр сард эхэлсэн юм. Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэг болон Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн удирдлагын шийдвэрээр судалгааны ажлын хамтарсан хэсэг байгуулагдаж, Засвар механикийн заводын нөхцөлд ачааны вагон үйлдвэрлэх боломж бий эсэхийг судласан байна. Ингэснээр тус заводад вагоны бүх төрлийн жижиг болон зарим томоохон эд ангиудыг үйлдвэрлэх бүрэн боломжтой. Үүнийг түшиглэн цаашид вагон үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь зүйтэй гэж дүгнэжээ.
Тэгвэл тус ажлын алба бүтэц дотроо вагон үйлдвэрлэлийн төсөл боловсруулах Дэд хэсгийг бий болгож, ирэх дөрөвдүгээр сард вагон үйлдвэрлэх төслийг боловсруулж, дуусгахаар шийдвэрлэсэн байна. Ачааны вагон үйлдвэрлэж эхлэхэд хөрөнгө оруулалт, техник технологийн чиглэлээр шийдэх асуудлууд олон бий. Эдгээрийг шийдэхийн тулд нэн түрүүнд төслөө боловсруулж, хөрөнгө санхүүжилт, эдийн засгийн үр ашгаа тодорхойлох шаардлагатай. Энэ удаагийн томилолтын ажлын үр дүнд ажлын дэд хэсгийнхэн төсөл боловсруулж ,танилцуулах хугацааг товлож, санал бодлоо нэгтгэсэн байна. Төсөл боловсруулах явцын мэдээллээ онлайн видео хурлаар солилцох, нягт хамтран ажиллахаар ярилцжээ.