Монгол улсын зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотыг барьж байгуулахаас эхлэн 40 жилийн хугацаанд Эрдэнэт үйлдвэрийг гардан ажиллуулж байсан ахмад ажилчдын дунд урлагийн их наадмыг анх удаагаа зохион байгуулж байна. Ахмадуудынхаа урлаг соёлын түвшинг үйлдвэрийн түүхэнд дахин баталгаажуулахад  энэ удаагийн урлагийн наадмын үндсэн зорилго оршиж байна. Түүнчлэн ахмад настны нийгмийн идэвхитэй оролцоог дээшлүүлэх, соёл урлагаар манлайлж яваа ахмад уран бүтээлчдийг таниулах зорилго тавин ажиллаж байгаа талаараа зохион байгуулагчид онцлов.
     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 40 жилийн ойд зориулан зохион байгуулж буй тус урлагийн их наадмыг Ахмадын нэгдсэн Зөвлөл болон Уурхайчин соёлын ордон хамтран зохион байгуулж байна. Энэхүү урлагийн наадамд үйлдвэрээс тэтгэвэрт гарсан ахмадуудын дунд уртын дууч, уртын дууны хамтлаг, нийтийн богино дуу дуулаач, богино дууны цөөхүүл, гоцлол бүжигчин, бүжгийн хамтлаг, гоцлол хөгжимчин гэсэн долоон төрлийн уралдаан зарлажээ. Түүнчлэн ардын аман зохиол, магтаалын төрөлд багтах “Даалууны гуншин дуудагчдын” уралдааныг зарласан байна.
     Наадамд амжилттай оролцож медальт байруудыг эзэлсэн болон сонирхолтой үзүүлбэрүүдээс бүрдсэн Их наадмын ГАЛА тоглолт энэ сарын 27-ны өдөр болно.