Технологийн сургуулийн нэрэмжит Хангайн бүсийн олимпиад боллоо
2018/01/30
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн дэргэдэх Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулиас Математик – Байгалийн ухааны Хангайн бүсийн олимпиадыг гурав дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.
Сурагчдын математик байгалийн ухааны хичээлд шимтэн суралцах сонирхлыг дэмжих, шинэ зууны өндөр мэдлэг, ур чадвартай инженер бэлтгэхэд хувь нэмэр оруулах, аймаг, улсын төрөлжсөн олимпиадын бэлтгэлийг хангах, эрчимжүүлэх, Технологийн сургуульд элсэн суралцагчдын чанарыг сайжруулахад олимпиадын зорилго чиглэгдсэн байна.
Тус олимпиадад Булган, Хөвсгөл, Дархан, Сэлэнгэ зэрэг аймгуудын 95 сурагч, Орхон аймгийн ерөнхий боловсролын арван дөрвөн сургуулиас 352 сурагч, нийт Хангайн бүсийн 5 аймгийн 447 сурагч оролцож оюун ухаанаараа уралдав. Олимпиад 9, 10, 11, 12-р ангийн төрлөөр математик, хими, физикийн хичээлүүдээр явагдсан бөгөөд анги бүрд хичээл тус бүрээр эхний 3 байр, хичээлүүдийн нийлбэр дүнгээр эхний 6 байрыг тус тус шалгаруулж медаль, мөнгөн шагналаар урамшууллаа. Мөн 12-р ангийн нийлбэр дүнгээр шалгарсан эхний 6 сурагч Технологийн сургуулийн бакалаврын хөтөлбөрт 10 кредитийн хөнгөлөлттэй суралцах эрхийн бичиг, 9, 10-р ангийн нийлбэр дүнгээр эхний 6 байрт шалгарсан 12 сурагч Технологийн сургуулийн 10, 11-р ангид сургалтын төлбөрийн 30 хувийн хөнгөлөлттэй суралцах эрхийн бичгээр тус тус шагнагдлаа.
Сурагчдын амжилтыг аймаг, сургуулиар тодруулбал, Орхон аймаг 45 медаль хүртсэнээс 14-р сургууль 22, Технологийн сургууль 8, 4-р сургууль 4, 8-р сургууль 4, Орос 19-р сургууль 3, 13-р сургууль 2, Орхон Эмпати 2 медаль, Булган аймаг 2, Хөвсгөл 4, Сэлэнгэ 4, Дархан-Уул 5 медаль тус тус хүртжээ.
Математик - Байгалийн ухааны олимпиад нь математик, физик, химийн хичээлүүдийн нийлбэр агуулгаар явагддагаараа бусад олимпиадаас онцлогтой. Сурагчдын эдгээр хичээлд шамдан суралцах хүсэл сонирхлыг дэмжиж, ирээдүйд нарийн мэргэжлийн чадварлаг инженер болох хөрс суурийг бүрдүүлж өгдгөөрөө давуу талтай гэж олимпиадын ач холбогдлыг мэргэжлийн хүмүүс үнэлсэн байна.