​Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр төрийн ордны зүүн талын хэвлэх үйлдвэрийн газрыг хууль бусаар өөрийн болгосон гэх зүйл заалтаар өнгөрсөн хугацаанд чамгүй их зовлон бэрхшээлийг үүрлээ. 

Тэр бүхнийг өнөөдөр даван туулж, Монголын улс төрд эрүүл саруул ухаанаар эргэн ирэх тухай яриаг тойрон хүрээлэгчид нь өгөх болов. Ингэж Н.Энхбаяр төвтэй улс төр дахин сэргэх цаг хугацаа ойртохтой зэрэгцээд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр хачин жигтэй зарлиг гаргажээ. 

Зарлигийн утга нь Хангарьд ордонд төрийн агентлагуудыг багтаах тухай. Дараагийн агуулга нь Төрийн ордны зүүн талын хуучин хэвлэх үйлдвэрийн газар дээр хувийн хэвшлээр байшин бариулж, тэрхүү байшинд яамдыг оруулах. 
Тэрбээр энэ зарлигийг гаргах үндэслэлээ өөрийн санаачилсан “Том төрөөс ухаалаг төр рүү” гэх уриагаараа тайлбарласан байна билээ. 

Төрийн хүнд суртлыг багасгах, албан хаагчдыг нь цөөлөх, холын зайг нь ойрын болгох гэх мэтээр. Улмаар өөрийн зарлигийг ягштал мөрдөж, ёсчлон биелүүлэхийг Ерөнхий сайд Н.Алтанхуягт үүрэгджээ. 

Хэрэв биелүүлэхгүй бол Ерөнхийлөгч маань их удахгүй Засгийн газрын хуралдаанд урилгагүй зочилж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр Н.Алтанхуягийг ичиж улайтал нь загнаж таараа. Өнгөрсөн удаагийн туршлагуудаас харахад шүү дээ. 

Тэгвэл Ерөнхийлөгчид ингэж зарлигдах эрх бий юу. Тэр дундаа Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг амь насаа золиосолж, олон арван хоног өлсгөлөн зарлуулж зовоож шаналган байж булааж авсан газрыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарж, борлуулах зарлиг гаргах нь ямар учиртай юм бол. Энэ бол түүний зарлигийг тойрч гарах эхний асуулт. 

Учир нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Н.Энхбаяраас хамаагүй илүү аймаар гэж боддог олон хүнд түүний энэ удаагийн зарлиг аянгын харанга шиг буусан нь дамжиггүй. Тэр дундаа засаглал хоорондын тэнцвэрийг хангаж, тэдгээрийн эрх мэдлийн хуваарилалтыг ойлгодог мэдлэг, мэдээлэлтэй иргэдийн хувьд шүү дээ. 

Гэтэл тэрбээр эрх мэдлээ давуулан эдлэх дуртай хальсан, халгисан хувь хүний араншингаараа улс төрийн шоу хийхээр шийдсэн нь энэ. Тийм ч учраас төрийн албаны бүтэц бүрэлдэхүүн рүү дайрч, өөрийгөө ард олонд ухаантай удирдагч болгон харагдуулахыг чухалчилсан биз. Яг л сурсан зангаараа. 

Гол нь Ерөнхийлөгч хүн гэдэг эв нэгдлийг эрхэмлэж, түүнийгээ хангахын төлөө ажиллах ёстой бэлгэ тэмдэг. Өөрөөр хэлбэл гоё сувинер гэсэн үг. Энэ үг зарим хүнд хэтэрхий хатуу мэт санагдаж болох. Гэсэн ч нөхцөл байдалд үүнээс өөр дүгнэлт хийвэл өргөсөн болж мэднэ. 

Хувь хүн нь өөрөө өөрийгөө Монгол Улсын Ерөнхийлөгч гэдгээс илүүтэй “Хангарьд ордны танхим зохион байгуулагч”, “Улаанбаатар хотын Газрын албаны байцаагч”, “Худалдан авах ажиллагааны газрын менежер” болж жүжиглээд байхад яалтай ч билээ. 

Монгол Улсын түүхэнд онцгой сайн Ерөнхийлөгч болж үлдэхийг хүслээ, хүслээ гэхэд ядаж худлаа пиар хийж, улстөржиж, намаа талцуулж тоглодоггүй байвал болоо биш үү. Тэгж чадахгүй бол ядаж сайхан сувинер мэт үлд, Ерөнхийлөгч өө. 

Тэгээд ч Н.Энхбаяраас булаасан газрыг Ц.Элбэгдорж зарж борлуулах зарлал тараагаад байх нь хувь хүний тань хувьд сайхан сонсогдож байгаа бол үүнээс өөр эрх мэдлийн солиорол үгүй биз ээ.

Г.Отгонжаргал