Монголчууд бид үнийн хөөрөгдөл дунд шинэ оноо арай гэж л угтлаа. Санхүүгийн нэг том дарамтаас дөнгөж мултарсан ч одоо уламжлал болсон цагаан сарын бэлтгэлдээ орохгүй бол болохгүй нь. Энэ жил цагаан сарын шинийн нэгэн энэ сарын 30-нд тохиож буй.

Тиймээс бидэнд гурван долоо хоног хүрэхгүй хугацаа үлдээд байгаа юм. Үүнтэй холбогдуулан өчигдөр “Хүчит шонхор” худалдааны төвөөр орлоо. Цагаан сар дөхсөн болохоор тус захын хашаанд хаа сайгүй л ууцны мах ярайтал өржээ. Том жижиг, тарган туранхай гээд ангилж өрсөн энэ олон ууцны хамгийн жижиг нь 130 мянган төгрөгийн үнэтэй байх аж. Гэвч энэ нь намрын хурганых уу гэмээр жижигхэн юм. Харин хамгийн том нь 400 мянган төгрөг байв. Зарим үед 450 мянга хүрэхээр 40 гаруй кг-тай том ууц хөдөөнөөс орж ирдэг гэнэ. Энэ үеэр ууцны үнийг иргэд асууж байх нь харагдах ч худалдан авч буй нь цөөн байлаа. Иргэд “Арай хэтэрхий үнэтэй юм аа, жаахан буулгах уу” гэхэд наймаачид “За яахав таван мянган төгрөг татъя. Түүнээс доош бол байхгүй” гэх ажээ. Ченжүүд бидэнд “Мөнгөтэй хүмүүс их болжээ. Хамгийн том ууцыг хайсан баячууд ч байх юм. Эцэг, эхийгээ дагуулаад ууцыг нь сонголцоод авч өгч байгаа залуус ч мэр сэр харагдсан. Хөгшчүүлийн тэтгэврийн мөнгө хамгийн жижиг ууцыг ч авч хүрэхгүй болохоор аргагүй биз” гэж байлаа. Үр хүүхэд нь тусалж дэмжиж чадахгүй буурлууд цагаан сараа хэрхэн угтах бол гэсэн бодол ч үүнтэй зэрэгцэн төрж байлаа. Тус захад өнгөрсөн жилийн энэ үеэс ууцны үнэ дунджаар 50-60, 2012 оныхоос бараг 100 мянган төгрөгөөр нэмэгджээ. Түүнчлэн иргэд цагаан сараар ууц биш үхрийн өвчүү тавих нь бий. Харин үхрийн өвчүү нэг кг нь 7500-8000 төгрөгийн үнэтэй байлаа. Ингээд бодохоор бүтэн өвчүү кг- аасаа хамаараад 150-180 орчим мянган төгрөг болж байгаа аж. Мөн буузны буюу үхрийн цул мах дуджаар 8500, хониных 7800 төгрөг байлаа. Таарсан иргэдийн олонхи нь “Бусадтай адил шинэлэхийн тулд цалингийн болон тэтгэврийн зээл авсан” гэх. Тэд зөвхөн ууцаа аваад болчихгүй. Буузны мах, гурил, тавгийн боов, чихэр, жимс, ногоо, цагаан идээ, хүнд өгөх бэлэг гээд энэ бүхэнд хэдэн сарын цалин тэтгэвэр шаардагдах нь гарцаагүй. Энэ жилийн хувьд Сүхбаатар, Дундговь , Өвөрхангай зэрэг аймгаас голчилон ууцны мах орж ирж байгааг ченжүүд хэлсэн юм. Өнгөрсөн жилүүдэд ууцаа том харагдуулахын тулд ус шахсан, эсвэл чанарын шаардлага хангахгүй, өвчлөлтэй гэх тохиолдол илэрч байсан. Харин энэ талаар тус захын малын их эмч Ш.Нямхүү “Бид зах дээр ирж байгаа бүх ууцанд мэдрэхүйн эрхтэний шинжилгээ хийдэг. 05.00 цагаас эхлэн хоёр эмч гадаах талбайд ажилладаг юм. Ялангуяа баяр ёслол ойртсон үед маш нарийн шинжилгээ хийхгүй бол элдэв муу мах дундуур нь шургуулах тохиолдол гардаг. Гэхдээ өнөө жил ийм зөрчил илрээгүй. Хяналт сайн тавьж байгаа” гэсэн юм. “Алтан тариа”-гийн 25 кг дээд гурил 27 мянган төгрөг болжээ Энэ жил гурилын үйлдвэрүүдэд үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд 48.7 тэрбум төгрөг олгосон. Гэвч гурилын үнэ улам л өссөөр байна. Цагаан сараар иргэд бууз, тавгийн боов хийдэг тул гурилын эрэлт ихэсдэг. Ингэхдээ ихэвчлэн дээд зэргийн гурил худалдан авдаг байна. “Хүчит шонхор” захад “Алтан тариа” компанийн бүх төрлийн гурилын үнэ нэмэгдсэнийг наймаачид хэлж байлаа. Тус үйлдвэрийн 25 кг-аар савласан дээд гурил 27 мянган төгрөгөөр худалдаалагдаж байгаа аж. Энэ нь өнгөрсөн жилийнхээс гурав орчим мянган төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт юм байна. Харин нэгдүгээр зэргийн 25 кг гурил нь 24 мянган төгрөг байна.
 

ӨВГӨН БИД ХОЁР ТЭТГЭВРЭЭ НИЙЛҮҮЛЭЭД УУЦ АВДАГ

Сонгинохайрхан дүүргийн иргэн Г.ПАГМА: -Эмээ нь Баянхонгор аймгийн Галуут сумаас хүүхдүүдээ дагаж хотод ирээд хоёр жил болж байна. Өмнө нь хөдөө цагаан сараар үнэгүй л ууц тавьдаг байсан. Одоо бол хэрэглээний бүх зүйлийн үнэ өслөө. Олон хүүхэд төрүүлсэн тулдаа л цагаан сарыг өнгөрөөх юм. Хүүхдүүдийн болон улсын дэмжлэгийг хардаг. Түүнээс биш өвгөн бид хоёрын тэтгэвэр хаанаа ч хүрэхгүй. Хоёулаа тэтгэврээ нийлүүлж байгаад зөвхөн ууцаа л авдаг юм. Өнгөрсөн жил 30 гаруй кг-тай ууцыг 260 мянган төгрөгөөр худалдан авч байсан. Харин энэ жил 280 мянгаар авлаа. Ер нь ууцны үнэ өндөр байна. Гэхдээ бүх зүйлийн үнэ өссөн өнөө үед холоос ирдэг наймаачид бас үнээ нэмэхээс өөр аргагүй л байдаг байх. Өндөр настан бидэн дээр цагаан сараар олон түмэн, үр хүүхдүүд нийлсэн зуу гаруй хүн ирж золгодог. Тиймээс хэрэглээ байхад ёсоо дагахгүй, ууцаа авахгүй гээд яах ч билээ дээ. Үр хүүхдээ ирэхэд ууц тавиагүй, ширээ хоосон сууж байлтай нь биш. 
 
 
ЧЕНЖҮҮД ҮНЭ ХӨӨРӨГДҮҮЛЖ БАЙНА 

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумаас ирж ууц зарж буй малчин Д.МАЛЧИНСҮРЭН: -Одоо залуучууд мал маллахаа больж. Бүгд хот суурин газар бараадаад хэдэн хөгшид нь л малаа дагадаг болсон. Жишээ нь би дөрвөн хүүхэдтэй. Гэтэл нэг нь ч мал маллахын тухай ойлголтгүй. Ер нь хотын залуус хотод оруулаад ирсэн мах, цагаан сарын ууцыг бараг зүгээр авах гээд байх юм. Мөн биднийг махны үнэ өсгөлөө л гээд байна. Гадаа зогсч зардаг бид өөрсдөө хотноосоо шууд авчирдаг болохоор харин ч боломжийн үнээр худалдаалдаг. Харин ченжүүд заримаас нь бөөндөж аваад үнийг нь жинхэнэ хөөрөгдүүлэн зардаг. 250-300 мянган төгрөгөөр авсан ууцаа 400 мянган төгрөгөөс дээш гаргаж зарах нь ч бий. Миний хувьд 40 ууцтай ирээд ченжид өгөлгүй өөрөө зараад бараг дууслаа. Ер нь захынхан өөрсдөө махны үнийг их хөөрөгдүүлдэг юм байна. Өглөө орж ирсэн махыг хамгийн доод ханшаар нь бөөндөж аваад дотор орохоороо гадна зарж буй махнаас хамаагүй өндөр үнээр зардаг юм билээ. Гэтэл гадаа зогсч буй бид харьцангуй хямд үнээр худалдаалж байгаа биз дээ. Дээр нь бид нэг өдрийн 20 мянган төгрөгийн түрээс төлж зогсдог. Би нийт 800 мянган төгрөгийн түрээс төлж гэрээ хийсэн. 
 
ТЭТГЭВРИЙН МӨНГӨНДӨӨ БАГТСАН ЖИЖИГ УУЦ СОНГОЛОО 

Иргэн П.НЯМАА: -Ер нь ууцны үнэ их өндөр байна. Гэхдээ мөнөтэй хүмүүст бол боломжийн санагдаж байгаа байх. 180 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг мань мэт нь бол өндөр үнэтэй, том ууцыг дийлж авч чадахгүй шүү дээ. Тийм болохоор тэтгэврийн мөнгөндөө багтсан жижиг ууц сонгож байна. Шинэ жил, цагаан сар гээд баяр болгоноор өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хэтэрхий өсөх юм. Уг нь монголчууд нийтээрээ баярладаг ганц баяраар төр засаг үнэ ханшийг тогтворжуулах хэрэгтэй. Улам л өдөр ирэх тусам өсөөд байх шинжтэй. Миний хувьд цагаан сарын ууцнаас бусад хэрэглээг хүүхдүүд маань л бэлдэж өгдөг. 
 





ӨНГӨРСӨН ЖИЛ 200 МЯНГАН ТӨГРӨГӨӨР Л АВЧ БАЙСАН 
 
/Нэрээ хэлэхийг хүссэнгүй/ -Миний хувьд 180-200 мянган төгрөгт багтсан ууц авчих санаатай л явж байна. Гэтэл авмаар санагдсан ууц нь түүнээс дээш үнэтэй байж таарах юм. Өнгөрсөн жил 200 мянгад боломжийн ууц авч байсан. Харин энэ жил тэр хэмжээнийхээ ууцыг 300 мянган төгрөгөөс дээш үнээр авахаар байна. Буузны мах ч ялгаагүй үнэ нь өндөр тусч байна. Миний хувьд бол хувиараа бизнес эрхэлдэг болохоор цагаан сараа яаж ийгээд тэмдэглээд өнгөрүүлчих л байх. Харин орлогогүй, цалин багатай иргэдэд маш хүнд тусч байгаа нь ойлгомжтой. Жилдээ нэг тохиодог, айл хотлоороо орж гарч, золгодог ганц баяр болохоор аргагүйн эрхэнд л авна шүү дээ. Үүнийг төр засгийн удирдлагууд анхааралдаа авч, үнийг нь өсгөхгүй байхад арга хэмжээ авах хэрэгтэй болов уу. 
 
ГУРИЛЫН ҮНЭ УЛАМ Л ӨСӨӨД БАЙХ БОЛЛОО 

Баянзүрх дүүргийн иргэн Д.ДАМДИНЖАВ: -Одоохондоо махны жижиглэнгийн үнэ харьцангуй гайгүй байна. Цагаан сар дөхөх тусам өсөх л байх. Гэхдээ өнгөрсөн жилийн энэ үетэй харьцуулахад хамаагүй өндөр үнэтэй байгаа л даа. Бүх нийтээрээ баярладаг ганц цагаан сараараа ууцаа, буузны мах, гурилаа авахгүй гээд ч яахав. Харин наймаачид хүмүүсийн эрэлт хэрэгцээг далимдуулаад үнээ хэтэрхий өсгөхгүй байх хэрэгтэй. Ууцны үнэ одоогийн байдлаар янз бүр л байна. Мөнгөндөө тааруулаад авахад сонголт ихтэй л юм. Харин цаашид үүнээс илүү нэмэхгүй байвал зүгээр болов уу. Хэрэв нэмбэл олон айл цагаан сараа ууцгүй тэмдэглэх байх. Сүүлийн үед гурилын үнэ улам л өсөөд байх боллоо. Мөн цагаан идээ ч үнэ өндөртэй байна лээ. 



 
235 МЯНГАН ТӨГРӨГӨӨР СЭТГЭЛД ХҮРЭХГҮЙ УУЦ АВЛАА
 
/Нэрээ хэлэхийг хүссэнгүй/ -Энэ жил ууц болон буузны махны үнэ их өндөр байна. Ээждээ цагаан сарын ууцыг нь авч өгөх санаатай гарч ирсэн чинь мөнгө хүрэхгүй шинжтэй. Үнийг нь буулгуулан байж 235 мянган төгрөгөөр сэтгэлд нэг л хүрэхгүй ууц авлаа. Цагаан сар болоход 20 гаруй хоног дутуу байхад ийм өндөр үнэтэй байгаа юм чинь цаашид улам нэмэгдэх байх. Ер нь жил бүр үнэ нь өсч байна. Өнгөрсөн жилийн энэ үеийнхээс 30- 50 мянган төгрөгөөр илүү зарагдаж байгаа юм уу даа. Нөөцийн мах худалдаанд гаргалаа л гэх юм. Гэтэл махны үнэ тэнгэрт хадсан хэвээр байна. нөөцийн мах нь ч өөрөө дутахааргүй өндөр үнэтэй зарагддаг юм билээ. Худалдаад авах гэхээр яс ихтэй байдаг. 
 





ЦАГААН САРЫН ДАРАА ХООЛ ИДЭХГҮЙ, АМЬДРАХГҮЙ ЮМ ШИГ Л ЮМ БОЛЖ БАЙНА 
 
Сонгинохайрхан дүүргийн иргэн И.ДУЛАМ: -Ер нь цагаан сар болохтой холбогдуулаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ их өслөө. Миний хувьд цагаан идээгээ авч явна. “Хүчит шонхорт”-т харьцангуй хямд үнэтэй байна. “Хархорин” захад хэвэнд хийсэн ааруул 10-12 мянган төгрөг хүрсэн байхад энд 8-10 мянган төгрөг л байна. Хүн орж ирэхэд гар хоосон, ширээ хоосон суухгүйн тулд дөрвөн сарынхаа тэтгэврийг зээлж авсан. Цагаан сарын дараа хоол идэхгүй, амьдрахгүй юм шиг л юм болж байна шүү дээ. Ямар ч байсан уламжлал болсон цагаан сараа элбэг дэлбэг өнгөрөөхийг бодно доо.