Саяхны бямба гарагт Технологийн сургууль дээр төгсөлтийн  уралдаант шалгалт болж байгаа мэт олон хүүхэд, залуус цуглажээ. Тэд тус сургуулийн нэрэмжит Математик-Байгалийн ухааны гуравдугаар олимпиадад оролцохоор Эрдэнэтээс гадна Булган, Хөвсгөл, Дархан-Уул, Сэлэнгэ аймгаас зорин ирсэн ахлах ангийнхан. Идэр есийн хүйтэнд олон хүүхэд, залуусын сонирхол хүслийг татсан энэхүү олимпиадын  талаар Технологийн сургуулийн Эрдэм шинжилгээ, дээд боловсролын сургалт хариуцсан дэд захирал Л.Наранцэцэгтэй ярилцлаа.

-Өргөн цар хүрээтэй  энэ олимпиадыг танай сургууль гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Олимпиадын гол зорилго юу вэ?
-Сурагчдын математик байгалийн ухааны хичээлд шимтэн суралцах сонирхлыг дэмжих,  өндөр мэдлэг, ур чадвартай инженер бэлтгэхэд хувь нэмрээ оруулах, аймаг улсын төрөлжсөн олимпиадын бэлтгэлийг эрчимжүүлэх, Технологийн сургуульд элсэн суралцагчдын  чанарыг сайжруулах зорилгоор манай сургуулиас гурав дахь жилдээ энэ олимпиадыг зохион байгуулж байна.

-Энэ удаагийн олимпиадад хэдэн сурагч оролцов?
-Олимпиад жилээс жилд  цар хүрээгээ  тэлэн өргөжиж  байна. Энэ жил Булган, Хөвсгөл, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн 95, манай аймгийн 14 сургуулиас 352, нийт 447 сурагч оролцож, оюун ухаанаа сорилоо.  Олимпиад 9, 10, 11, 12-р ангийн төрлөөр математик, хими, физикийн хичээлээр явагдсан. Ингэхдээ анги бүрд хичээл тус бүрээр эхний гурван байр, хичээлүүдийн нийлбэр дүнгээр эхний зургаан байрыг тус тус шалгаруулсан.

-Шагнал урамшууллын тухайд...
-Шалгарсан сурагчдыг медаль, мөнгөн шагналаар урамшуулсан. Бас  хичээлүүдийн нийлбэр дүнгээр эхний зургаан байрт  шалгарсан 12-р ангийн хүүхдүүдийг Технологийн сургуулийн бакалаврын хөтөлбөрт 10 кредитийн хөнгөлөлттэй суралцах эрхээр шагнасан. Мөн  хичээлүүдийн нийлбэрээр эхний зургаад шалгарсан 9, 10-р ангийн 12 сурагчид Технологийн сургуулийн 11, 12-р ангид сургалтын хөтөлбөрийн 30 хувийн хөнгөлөлттэй суралцах эрхийн бичиг гардууллаа.

-Аль аймаг сургуулийн сурагчид илүү амжилт гаргав?
-Ерөнхийдөө оролцсон хүүхдийн тоогоороо ч, авсан медалиараа ч манай аймаг тэргүүлж, 45 медаль хүртсэнээс 14-р сургууль 22, Технологийн сургууль найм, дөрөвдүгээр сургууль дөрөв, наймдугаар сургууль дөрөв, Орос 19-р сургууль гурав, 13-р сургууль хоёр, Орхон Эмпати сургуулийн сурагчид мөн хоёр медаль зүүлээ. Булган аймаг хоёр, Хөвсгөл, Сэлэнгэ тус бүр дөрөв, Дархан-Уул аймгийн сурагчид таван медаль хүртлээ. Хичээлүүдийн нийлбэрээр 9-р ангийн төрөлд Орхон аймгийн 14-р сургуулийн 9 б ангийн сурагч Цолмон, 10-р ангийн төрөлд Орхон аймгийн Технологийн сургуулийн 10 а ангийн Тэмүүжин, 11-р ангийн төрөлд Дархан-Уул аймгийн ахлах сургуулийн сурагч Тэмүүлин, 12-р ангийн төрөлд Орхон аймгийн Технологийн сургуулийн 12 а ангийн сурагч Сувданчимэг нар нэгдүгээр байр эзэлсэн байна.

-Энэ олимпиадын бусдаас ялгарах онцлог нь юу вэ?
-Математик, байгалийн ухааны олимпиад нь математик, физик, химийн хичээлүүдийн нийлбэр агуулгаар явагддагаараа онцлог. Сурагчдын  дээрх хичээлээр шамдан суралцах хүсэл сонирхлыг нь дэмжиж, ирээдүйд нарийн мэргэжлийн чадварлаг инженер болох хөрс суурийг бүрдүүлж өгдөгөөрөө давуу талтай.

-Цаг гаргасанд баярлалаа.


Я.ЭНХТУЯА