Ашигт малтмал баяжуулалтын жишиг хөтөлбөр боловсруулах төслийг баталлаа
2018/02/09
Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын яамнаас зарласан Ашигт малтмал баяжуулалтын жишиг хөтөлбөр боловсруулах төсөл Азийн хөгжлийн банкны тэтгэлэгээр Технологийн сургуульд хэрэгжиж байна. Энэ хүрээнд судалгааны ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яам 2012 оноос Дээд боловсролын шинэчлэлийн төслийг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн. Монгол улсын их, дээд сургуулийн хөгжлийн стратегийн зорилго, зорилтуудыг болон үйл ажиллагааны хөгжлийг дэмжих, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцэхүйц, дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай төгсөгчдийг бэлтгэхэд дэмжлэг болох зорилгоор энэ төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Энэ төслийн хүрээнд анх удаа 2015 оны есдүгээр сард Дээд боловсролын байгууллагын хөгжлийг дэмжих тэтгэлэг, байгалийн ухаан, инженер технологи, хөдөө аж ахуйн чиглэлээр судалгааны өрсөлдөөнт тэтгэлэгийг тус тус зарлажээ. Тэтгэлэгт нийт 30 дээд боловсролын байгууллагаас 85 төслийн санал ирсэн байна. Сонгон шалгаруулалтын дүнгээр есөн их, дээд сургуулийн 18 төсөл шалгарч 1,797,000,000 төгрөгийн санхүүжилттэй тэтгэлэг авч байсан. Эрдэнэт үйлдвэрийн харьяа Шагдарын Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуульд ашигт малтмал баяжуулалтын жишиг хөтөлбөр 2015 оны 11-р сараас хэрэгжиж эхлэсэн. Хөтөлбөр боловсруулах явцад мэргэжлийн баг хамт олон ажиллаж, эхний шалгаруулалтандаа амжилттай оролцжээ.