Дэлхийн II дайнд хамгийн удаан хугацаагаар оролцсон Монгол хүн
2018/02/22
Дайн гэдэг хүсэх зүйл биш ч, тулаад ирвэл буцах юм биш буюу дэлхийн II дайнд хамгийн удаан хугацаагаар оролцсон Монгол хүн.
Түүнд ажилчин, далайчин, дайчин, дипломатч гээд хийгээгүй ажил байсангүй. Хэзээ ч төсөөлж байгаагүй улс оронд очиж, хэлмэгдэн шорон гянданд хүртэл орж, дайны талбарт үхэлтэй тулгаран бүр аль ч орны харьяат биш болж явсан ээдрээтэй түүхийн эзэн бол Должинсүрэнгийн Сүхээ /1913-2003/. Түүний орос нэр нь Димитрий Сергеевич Сухов. Д.Сүхээ нь 1913 онд одоогийн Дундговь аймгийн Дэрэн сумын нутагт төржээ. Сүхээ хийдэд шавилан сууж байсан тэрээр Улаанбаатарт Мал эмнэлгийн дэргэдэх морин хадуурчны түр сургууль төгсөж, Aж үйлдвэрийн комбинатын барилга барих ажилд хуваарилагдсан. Удалгүй ЗХУ-ын Кострома хотод суралцахаар явжээ. Төгсөхөд нь бусдаасаа илүү сайн сурсан гурван хүнийг Москва хотын арьс ширний дунд сургуульд сургах болсны нэг нь Сүхээ байсан юм. Ингэж тэрээр орос хэлийг гаргууд сайн сурсан байна. Түүний хэлний мэдлэгийг үнэлж, сурч байхад нь Монголын Элчин сайдын яаманд коминдатаар ажиллуулжээ.
Тэнд байхдаа матаасанд өртөж хоёр жил гаруй хугацаанд Печорийн лагерь, тэндээсээ Север, Двинскийн лагерьт хоригдож байгаад суллагдах болоход түүний паспорт олдсонгүй. Бичиг баримтгүй тул Монголын элчингээс зөвшөөрөл иртэл Орост нутаг зааж суулгажээ. Нутаг заагдан сууж байхдаа далайн тээвэрт явдаг байсан ба тэнгисийн хатуу ширүүн амьдрал, гэнэтийн аюултай нөхцөлд дасч, далайчны амьдрал түүнд таалагдаж байсан гэдэг. Хөлөг онгоцон дээр ажиллаж байхад Должинсүрэнгийн Сүхээ гэдгийг Димитрий Сергеевич Сухов болгон өөрчилжээ. Дэлхийн дайны гал ЗХУ-руу чиглэхэд хөлөг онгоцуудыг өөр чиглэлээр ашиглахаар болж, далайчид сайн дураараа цэрэгт явахад Д.С.Сухов ч фронтод явах хүсэлтээ өгчээ. Тэрээр Ленинград руу хуваарилагдаж, хүрэх замдаа дайсны агаарын довтолгоонд өртөн хэд хэдэн хүнээ алджээ. Үүний дараа Суховыг Балтийн тэнгисийн явган цэргийн буудлагын есдүгээр тусгай бригадад хуваарилжээ. Тэрээр Ленинград зэрэг олон газар тулалдаж явсан бөгөөд 1943 онд Сухов дайны талбарт хүнд шархдаж, цэргийн эмнэлэгт ухаан оржээ. Эмнэлэгт хэвтэж байгаад гарахдаа 1944 онд дахин фронт руу явах хүсэлт гаргасан ч түүний тархины доргилт сэдэрч бүх насаараа тахир дутуу болох магадлалтай тул эмч нар зөвшөөрсөнгүй. Удсан ч үгүй түүнд эх орондоо буцах зөвшөөрөл нь ирсэн байна. Энэ бол 1944 оны гуравдугаар сарын 23-ны өдөр байжээ. Зөвлөлт улсад суралцахаар мордож байсан жаахан хархүү 10 жилийн дараа ингэж Монгол нутагтаа хөл тавьжээ. Мөн тэрээр 1945 онд сайн дураараа цэрэгт татагджээ.Энэ хүсэл нь ч биелэгдэн Чөлөөлөх дайнд оролцон Хятадын зүүн хойд, Өвөр Монгол, Баргыг чөлөөлөлцсөн бөгөөд эх орныхоо энх цагийн бүтээн байгуулалт, хөдөлмөрт ч гар бие оролцож явсан юм.
Эх сурвалж: Дэлхийн фото танин мэдэхүй
zochin · 2018/02/22
tegeed zailuul yamar ch gaviya shagnal odon medal bhgui yu, aldar gaviya tuulsan amidraliig n sain survaljilj zaluu ued taniulah yumsan da