Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн болон түүний удирдлагын багийхан “нөхөрсөг” хэмээх шар нохой жилийн ажлаа ахмад настнууд, эмэгтэйчүүд, залуучуудын төлөөлөлтэй хийх уулзалтаар эхэллээ. Дөчин жилийн ойтойгоо золгож буй Эрдэнэт үйлдвэрийн  тулгын чулууг тавилцсан ахмадуудаа хүлээн авч, тэдний санал бодлыг сонссон нь уг цуврал уулзалтын түрүүч байв.
     Уулзалтанд үйлдвэрийн Ахмадын хорооны Нэгдсэн зөвлөлийн  гуч гаруй  гишүүд оролцож, компанид харьяатай олон зуун ахмадынхаа дуу хоолойг удирдлагуудад хүргэлээ. Ахмадын хорооны Нэгдсэн зөвлөлд үйлдвэрийн цех нэгж бүрийг төлөөлсөн ахлагч нар нэгддэг аж.
     “Түүхт ойн өмнө ахмадуудынхаа үгийг сонсож, санал санаачилгыг нь бодлого хөтөлбөртөө тусган хэрэгжүүлнэ. Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн ойг зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдсан.  Бид ойн хүрээнд үе үеийн ахмдуудынхаа үүх түүх, амжилт бүтээлийг бахархлын товчоон болгон үлдээхийн тулд та бүхнийгээ хүлээн авч уулзаж байна. Ирэх 5 дугаар сард 1000 ахмадын уламжлалт чуулга уулзалтыг зохион байгуулна” хэмээн Ерөнхий захирал уулзалтын зорилгыг тодотгов.  
     Уулзалтын үеэр Ахмадын хорооны дарга Д.Байгал өнгөрсөн онд хийсэн ажлын товч тайланг танилцуулж, шинэ оны төлөвлөгөө болон удирдлагуудад тавих саналаа багцлан дэвшүүллээ. Ахмадуудаа эрүүл аж төрөх хэв маягт хэвшүүлэх, буруу зуршил болон хөдөлгөөний хомсдолоос хамгаалах, урлаг спортоор дэмжих гээд олон талт хөтөлбөрийг тус хорооноос зохион байгуулж байна. Үйлдвэрийн зүгээс үзүүлдэг  олон дэмжлэгт  ахмадууд талархаж буйгаа илэрхийлж, цаашид ахмадаа сонсож, хамтран ажиллах хүрээ илүү өргөжинө гэдгийг уулзалтын үеэр онцоллоо.