Орхон аймагт сар шинийн баярын өмнө хэд хэдэн удаа хурдан морь сонирхогч, уяачид сунгаан зохион байгуулсан.

Энэ нь ямар нэгэн зөвшөөрлийн бус гэдгийг албаныхан хэлж байна. Тэгвэл Орхон аймгийн Жаргалант сум, Булган аймгийн төв, хүрээлэн буй сумдад малын гоц халдварт шүлхий өвчин илэрч, дэгдэлт хурдацтай тархаж байгаатай холбоотойгоор, Орхон аймаг хурдан морины уралдаан зохион байгуулахыг түр хугацаагаар хориглолоо.

Дээрх аймагт энэ сарын 15-нд Жаргалант суманд малын гоц халдварт шүлхий өвчин илэрч, хөл хорио тогтоогоод байгаа. Мөн өнгөрсөн баасан гарагт Булган аймгийн төвд, ойрын өдрүүдэд Булган аймгийн зарим суманд өвчний шинж тэмдэг илэрч буйгаас хамааран хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглох захирамж гаргахаар боллоо.

Хүйтний улиралд хурдан морины уралдаан зохион байгуулснаар уралдааны үеэр болон хурдан морины үсэргээ, сунгааны үеэр хүүхэд мориноос унаж бэртэл, гэмтэл авах, гар, хөл, хацраа хөлдөөх, амь насаа алдах, хөгжлийн бэрхшээлтэй болох зэргээр унаач хүүхдүүд сэтгэл санаа, бие махбодь, эрүүл мэндийн хувьд ноцтой хохирол амссан тохиолдлууд ихээр гарсан нь хүүхдийн эрхийг ноцтойгоор зөрчиж буй хэрэг гэж хүний эрхийн үндэсний комиссоос үзэж цаашид энэ төрлийн арга хэмжээ зохион байгуулахгүй байх талаар засгийн газарт зөвлөмж хүргүүлээд байгаа билээ.

Нөгөө талаар орон нутагт одоо үүсээд байгаа малын гоц халдварт өвчний дэгдэлт өндөр эрсдэлтэй цаг үед, урьдчилан сэргийлэх хүрээнд заавал хийгдэх ажлын нэг учир ийнхүү хориглох болжээ.