Монгол өв соёл, тэр дундаа өвөг дээдсийн минь өвлүүлэн үлдээсэн дуулах, хөгжимдөх урлаг дэлхийд гайхагдсаар буй. Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад эдгээр өв зүй ёсоор багтсан нь үүний илэрхийлэл байдаг. Хорвоог уяраадаг хоёрхон утастай морин хуураа, аялан исгэрэх агуу урлаг хөөмийгөө нэгэн зэрэг эзэмшин арав гаруй жил олонд сурталчлан, уран бүтээлээр бэлэг барьдаг хөөмийч бол Н.Ашид гэдгийг уншигч та бүхэн мэдэх биз ээ.

Тэгвэл Морин хуурын чуулгын хөгжимчин, хөөмийч Н.Ашид уран бүтээлийн бие даасан тоглолтоо хийхээр товоо гаргасан байна.

“Монгол хөөмий, хуурын түрлэг” нэртэй тоглолт нэгдүгээр сарын 23-нд Дуурь, бүжгийн эрдмийн театрт болох бөгөөд энэ нь түүний гурав дахь бие даасан тоглолт аж.

Ц.Ашид хуурчийн “Монгол хөөмий, хуурын түрлэг” тоглолтод шинэ бүтээлүүд түлхүү орох бөгөөд Төрийн шагналт, хөгжмийн зохиолч З.Хангалын “Ямааны боодог”, Төрийн хошой шагналт, Н.Жанцанноровын “Бурхан Халдун”, “Эх нутаг” болон Японы хөгжмийн зохиолчийн “Япон аяз” зэрэг хөөмийд зориулсан бүтээлүүд, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Мөнхболдын “Морин хуурт зориулсан концерт”-ын хоёр, гуравдугаар анги, Э.Чойдогийн “Монголын сайхан орон” киноны хөгжмийн хэсгээс авсан “Талын аялгуу”-г тэрээр гоцлон сонирхуулах юм байна.  Мөн ОХУ-ын “Байгаль” дуу бүжгийн чуулгын гоцлооч, Буриадын ардын жүжигчин, лимбэчин Баттүвшин, тус чуулгын уран сайхны удирдагч, хөгжмийн зохиолч, удирдаач Баттулга, цохивор хөгжимчин Слезнов нарын уран бүтээлчид урилгаар оролцоно.

Д.Ана