300 гаруй жилийн түүхтэй Романовын удмын сүүлчийн эзэн хаан II Николай өөрийн эрх мэдлийг 1917 онд большевикүүдэд алдсанаас хойш нэг жилийн дараа тохиолдсон эмгэнэлтэй хэргийн зангилаа бага багаар тайлагдсаар байна.

1918 оны долдугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө Романовын гэр бүлийг большевикүүд сэрээж, аюулгүй газарт хүргэж өгөх гэж байгаа учир хурдан хувцаслахыг тушаажээ. Цэргүүд тэдний гэр бүлийн тогооч, эмч, дагалдан явагч барлаг болон зарц бүсгүйг хамтад нь дагуулан явсан байна. Николай (50 нас) энэ үед өөрийн ганц хүү болох Алексейг (13 нас) гартаа тэврэн явжээ. Тийнхүү очих газраа буюу Ипатиев нэртэй байшинд ирэхэд ялын тогтоолыг хоёр удаа чангаар уншсаны дараа, буун дуу тасхийжээ.

 

II Николай хааныг буудан хороосон бол, түүний охид болох Анастасия (17 нас), Татьяна (21 нас), Ольга (22 нас), Мария (19 нас) нарыг жадлан хөнөөжээ. Үүний дараа хотын гадна байрлах орхигдсон уурхайд аваачиж, цогцсуудыг шатаасныхаа дараа хүчилд уусгаж, улмаар уурхайн цооногт булсан байна.

1979 онд тэдний булш олдох хүртэл улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалж, энэ хэрэгтэй холбоотой ямар нэгэн мөрдлөгө хийгдээгүй гэдэг. Гэтэл 1991 онд Зөвлөлт Холбоот Улсын анхны Ерөнхийлөгч Борис Ельциний шийдвэрээр амь үрэгдэгсдийн цогцост шинжилгээ хийж, мөрдлөг хийх боломж нээлттэй болжээ. Ингээд 1991 онд шарилыг ухан гаргаж, ДНХ шинжилгээний дээж авсны дараагаар Санкт Петербургийн сүмд зүй ёсоор нь оршуулсан байна.

Орос, АНУ, Их Британи зэрэг улсуудын мэргэжилтнүүд 10 жилийн туршид судалгаа явуулсны дараа дээрхи булшны эзэд нь II Николай хаан, түүний эхнэр Александра, охидууд Ольга, Татьяна, Анастасия болон тэдний гэр бүлийн дөрвөн үйлчлэгч нар мөн байх магадлал маш өндөр гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Засгийн газрын зүгээс энэ хэрэгтэй холбоотой ганц мөр Правда сонинд хэвлэгдэн гарсан нь “Николай Романов цаазаар авахуулсан бөгөөд түүний гэр бүл аюулгүй газар байгаа” гэсэн байлаа.

Хэрэгтэй холбоотой бичиг баримтууд олдсоны дотор 1917 оны гуравдугаар сарын хоёрны өдөр буюу түүний засгийн эрхээ шилжүүлсэн үеийн огноо бүхий II Николай Хааны өөрийн гараар бичсэн өдрийн тэмдэглэл багтжээ. Уг тэмдэглэлд бичихдээ: “Би урвалт, хулчгар зан болон хууран мэхлэлтээр хүрээлэгджээ” гэсэн байж.

Романовын гэр бүлийг хороосон газар болох Ипатиевийн байшин

Хожим 1977 онд Коммунист Намын шийдвэрээр Ипатиевийн байшинг мөргөлийн газар болохоос сэргийлэн нурааж, суурин дээр нь Цусан дээрхи Сүм нэртэй дуганыг барьсан нь одоогийг Екатеринбург дэх хамгийн том сүм болжээ.

Харин Оросын тагнуулын газар сүүлийн үед хийгдсэн ДНХ шинжилгээний баттай хэд хэдэн дүгнэлтийг зарлажээ. Үүнд:

Николай Хааны гавлын яс

1. 1881 онд нас барсан II Николай хааны өвөө болох II Александр Хааны хувцсан дээрхи цусны ДНХ 1991 онд уурхайгаас ухaж гаргасан эрүүний хугархай хэсгийн ДНХ-тэй тохирчээ.

2. 1891 онд Япон улстай хийсэн дайны үеэр II Николай xааны өмсөж явсан цамцан дээрхи цусны толботой дээрхи яс тохирч байжээ.

Николай Хааны гавал яс баруун талд, Александра Хатны гавал зүүн талд

3. Шинжилгээний дээжүүдээс болон цусны толбоноос тун ховор тохиолддог генийн мутац болох гетероплазм олдсон нь ч илүү баттай болгож өгчээ.

4. Английн Хатан xаан Викториягийн үр удам болох нэрээ нууцалсан хүнээс авсан дээжний ДНХ булшнаас олдсон өөр нэгэн эрүүний ясны ДНХ-тэй тохирчээ. (Николай xааны xатан Александра нь Виктория xатан xааны ач охин байсан бөгөөд, Германы хаант улсын гүнж байсан юм).

Ингэж уурхайн цооногоос олдсон цогцсууд Николай Хаан болон түүний Хатан Александра нарынх болох нь тогтоогджээ.

Николай хааныг буудсан гар буу

Хэрэв та анзаарсан бол, 1991 онд цогцсуудыг ухан гаргах үед Романовын удмын хоёр хүний цогцос олдоогүй бөгөөд, тэдгээр нь Ханхүү Алексей болон түүний эгч Гүнж Мария нарын цогцос байжээ.

Ханхүү Алексей болон түүний эгч Гүнж Мария

2007 онд 46 настай барилгачин залуу Сергей Плотников халгайгаар хучигдсан хөндийд хайлт хийж байхдаа түүний багаж нь ямар нэгэн хатуу зүйлд хүрэхийг мэдэрчээ. Тэрээр түүх сонирхогч бүлгэмийн гишүүн бөгөөд сүүлийн гурван зуны туршид Романовын удмын хоёр хүүхдийн булшийг хайж байсан гэнэ.

Тэрээр хэлэхдээ: “Бидний хамгийн анх олсон зүйл хэн нэгний аарцагны яс байсан бөгөөд үүний дараа гавлын ясны хэлтэрхий олсон. Бидний бодлоор тэр гавал хүүхдийнх гэмээр жижиг хэмжээтэй байсан. Ингээд бид мэргэжлийн археологичдод хандсан. Би тэдний булшийг олсондоо маш их баяртай байгаа. Энэ бол амьдралд ганц л тохиох зүйл. Би хэзээ нэгэн цагт Романовын хүүхдүүд бүгд хамтдаа байх болно гэж мэдээд байсан юм” гэж ярьжээ.

Тэрээр цааш ярихдаа: “Тэднийг тийм ч хялбар замаар алаагүй байх. Тэдний цогцсын үлдэгдэл хэсгүүд маш их гэмтэлтэй байсныг нь хүчилд уусгаж, шатаасан байснаас нь илхэн харж болохоор байсан. Керосиний төрлийн шатамхай бодис ашигласан нь гарцаагүй. Тэдний ясанд сумны нүх байгаагүй” хэмээн ярьжээ.

Ингээд археологичид болон шүүх эмнэлгийн мэргэжилтнүүд судалж үзээд, дээрхи цогцсуудыг 10-13 настай эрэгтэй хүүхэд болон 18-23 настай эмэгтэй хүнийх гэдгийг тогтоожээ. Ойр орчмын талбайд малтлага хийж үзсэнээр, хэдэн миллиметрээс хэдэн сантиметр хүртэл хэмжээтэй нийт 44 ясны хэлтэрхий, хүхрийн хүчил хадгалж байсан Япон шаазан лонх, калибр бууны гурван сум, даашинзны тасархай, болон модон хайрцагтай төмөр утас зэргийг олжээ. Хүүхдүүдийн цогцсыг олсон газар гэр бүлийн бусад гишүүдийг 1977 онд олсон газраас холгүй, Екатеринбургээс 9 километрийн зайд байжээ.    

Ерөнхийлөгч В.Путины Засгийн газрын шийдвэрээр гүнж болон ханхүүгийн албан ёсны шинжилгээ судалгааг эхлүүлжээ. ДНХ шинжилгээгээр хүүгийн шаналж байсан өвчин болох Гемофилли хэмээх цусны өвчин илэрсэн нь цогцсын эзнийг бататгасан хэрэг болсон юм. Чухам энэ л өвчнөөс болж Николай хааныг нэгдүгээр дайнд явсан хойгуур хүүгийнхээ өвчинд санаа зовсон эх Александра лам Григорий Распутиний хүүг нь эмчлэх нууцлаг зан үйлд итгэснээсээ болж улсынхаа сайдаар томилсон нь өөрийн гэр бүлд тохиолдсон эмгэнэлт явдлын цондон болсон гэж үзэх хүмүүс ч байдаг билээ. 

Үүнээс гадна хүүгийн генийг судалж, түүний Ү хромосом нь өмнө нь олдсон Николай Хааны хэмээн үзэж буй ястай харьцуулснаар эцэг хүү мөн болохыг баталсан аж.

2011 онд Оросын тагнуулын газар хүүхдүүдийн цогцос мөн болохыг албан ёсоор зарласан байна.