Зон олон монголчууддаа шинэ оны мэндийг “Хурд” хамтлагийн зүгээс хүргэж байна. Өнгөрсөн онд бидний 20-н жилийн ой болж өнгөрсөн билээ. Бид ойн жилдээ биднийг сонсдог дэмждэг бүх фенүүддээ зориулан нэлээд их ажил хийлээ.

   Монголын урлагийн түүхэнд анхны алтан пянзыг хэвлүүлж дэлхийд Монголын рок поп урлаг хэр хөгжиж буйг харууллаа. Дэлхийн одод сая саяар нь цомгоо борлуулж байж энэхүү пянзыг хэвлүүлэх эрх олж авдаг. Харин монголд бас энэ эрхийг эдлэх хамтлаг бий гэдгийг нотлон харуулсан “Хурд”-н алтан пянзыг АНУ-н Лос Анжелис хот дахь “Ерика” дуу бичлэгийн студэд хэвлүүлэн, дэлхий даяар салбартай гитар центерийн дурсгалын самбарт тавьлаа. Энэ бол Хурдыг сонсдог болон нийт Монголчууд та бүхний өгсөн урам зоригийн хүч юм.

   Бид бас бүх дуунуудаа багтаасан 12 CD бүхий “Black box”-г гаргалаа. Энэхүү “Black box”-т багтсан 178 дууны бүх үгийг багтаасан хурдын ьүүхэн зураг бүхий маш сайхан сэтгүүл хэвлүүллээ. Мөн Хурдын гарын үсэг бүхий “Хурд” брендийн гитар, футволк, гарын бугуйвч, зүүлт гэх мэт бэлэг дурсгалын зүйлсийг гаргасан билээ. Эдгээрийг худалдан авахыг хүссэн хэн бүхэнд боломж нээлттэй байгаа. Харин шинээр гарч буй 2014 онд Хурд хамтлаг дэлхийг тойрсон аялан тоглолтуудыг төлөвлөсөн байгаа. Энэхүү тоглолтын эхний буухиа Өмнөд Солонгост буй Монголчууддаа зориулагдаж байгаа билээ. Энэ сарын 30,31-нд Өмнөд Солонгосын Сөүл хотод болох тоглолтон дээр тэнд суугаа Монголчууд нутагтаа очсон мэт сэтгэл зүрхээрээ тайтгарч монголоороо омогших бизээ.