2015 онд хүүхдээ хаяж төөрүүлэх гэмт хэрэг 15 бүртгэгджээ. 2016 онд 8 хүүхдийг эцэг эх нь хаяж төөрүүлсэн байх юм.  2018 он гарсаар нэг эх хүүхдээ төөрүүлсэн хэргээр ял аваад байна.Тэдэнд хуулийн хариуцлага хүлээлгэж эрүүгийн хуулийн 117-р зүйлд зааснаар шийтгэсэн. Хүүхдээ төөрүүлсэн, хаясан, айлд орхисон аль аль нь дээрх зүйл ангиар хариуцлага хүлээдэг. Гэхдээ сэтгэл зүйтэй нь ажилладаг тогтолцоо байдаггүй бөгөөд дээрх зүйл ангиар нэг бүсгүй ихэр хүүхдээ айлд үлдээсэн хэргээр ял сонслоо.

 

Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймгийн Хонгор суманд 1990 оны 5 сарын 03-ны өдөр төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдрах, одоо Дорнод аймгийн Хэрлэн сумд түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл,  Д овогт Х.Ц нь 2017 оны 3 сарын 19-ний өдөр Хүүхдийн эрхийн тухай болон Гэр бүлийн тухай хуулиар хүлээсэн хүүхдээ асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийж хүүхдийн тэтгэмжийн мөнгө болох 1 800 000 төгрөгийг авч Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт оршин суух Л.Ч-ийн гэрт 1 сар 20 хоногтой 2 ихэр нярай хүүхдээ орхин хаяж явсан байна.

Ингэхдээ тэрбээр өөрийг нь тэжээж тэтгэж, зөв замд нь оруулах гэж хичээсэн хүнд хүүхдүүдээ үлдээжээ. Энэ талаар хүүхдүүдийг нь өнгөрсөн хугацаанд харж хандаж байсан Л.Ч: 2016 оны 5 сарын 8-ны өдөр Шүр захаас тамхи аваад гарч ирэхэд Ц явж байгаа харагдсан. Тэгээд би “юун хүүхэд энд архи уугаад явж байгаа юм бэ?” гэж асуухад Ц надад бүх амьдралаа ярьсан. Би тухайн үед Ц-г өрөвдөөд өөртөө хань татаж хамт амьдарсан. Хамт амьдраад 7-8 сар болоход энэ хүн янз бүр болдог байсан. Би хамт амьдарч байх хугацаандаа Ц-г бичиг баримттай болгож өгсөн. Ц нь 6-7 сар болоод жирэмсэн гэдгээ надад хэлсэн. Тэгээд 3 сарын 19-ний өдөр буюу бүтэн сайн өдөр Ц нь халамжийн 40000 төгрөгөө авахаар банк явсан. Ирэхдээ их хэмжээний мөнгөтэй ирсэн. Би юун их мөнгө бэ? гэж асуухад ихэр хүүхдүүдийн 2000000 төгрөг орсон байхаар нь авлаа гэж хэлсэн. Хүүхдүүдийнхээ мөнгийг авсан өдрөө Ц нь намайг ажилдаа явсан хойгуур хүүхдүүдээ манайд орхиод авдар дотор байсан мөнгөө аваад явсан байсан. Би хашаа явсныг нь мэдээгүй болохоор араас нь их хайсан. Сүүлдээ Цагдаагийн газар болон холбогдох байгууллагуудад хандсан. Хамгийн гол нь би яагаад хүүхдүүдээ орхиод явсан талаар их гайхдаг байсан. Бид хоёр муудаж маргалдаж байгаагүй. Ц-г Улаанбаатар хотод байхад нь манай эгч хайж олоод уулзсан байсан. Ц нь манай эгчид хэлэхдээ “би хүүхдүүд дээрээ очмоор байна. Надад мөнгө төгрөг байхгүй” гэж хэлсэн байсан. Тэгээд манай эгч замын зардлын мөнгийг нь өгөөд Ц-г хооллож ундлаад Дорнод аймаг руу явуулсан байсан. 2017 оны 3 сард Цэнгэлмаа 2 хүүхдээ манайд орхиж яваад 11 сард Улаанбаатараас ирсэн.” Гэж  ярьсан байдаг.

Ихэр хүүгээ айлд үлдээсэн Ц-ийн талаар Шүүх сэтгэц эмгэг судлалын 2017 оны 11 сарын 09-ний өдрийн 52 тоот дүгнэлтэд: “ 1.Х овогтой Ц-ийн сэтгэцийн байдалд архины шалтгаант хараат байдлын хам шинж хэмээх өвчин тогтоогдож байна. 2. Архины шалтгаант хараат байдлын хам шинж хэмээх өвчин тогтоогдож байна. 3. Х.Ц нь өөрийн үйлдэл, эс үйлдлийнхээ учир холбогдлыг ойлгож, үнэн зөвөөр тайлбарлаж, мэдүүлэг өгөх болон хэрэг хариуцах чадвартай байна” гэжээ.

Тиймээс шүүхээс Х.Ц нь Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 26.4-т заасан үүргээ гүйцэтгэхээс зайлсхийж, 1 сар 20 хоногтой Ц.С, Ц.Ц нэртэй 2 ихэр нярай хүүхдээ хохирогч Л.Ч-р асрамжлуулах зорилгоор санаатай үлдээж явсан болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүнийг төрүүлсэн хүүхдээ хаясан гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх үзжээ. Өөрөөр хэлбэл шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал /одоо 5 сартай жирэмсэн/ зэргийг харгалзан шүүгдэгчид 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 117 дугаар зүйлийн 1-д заасан 3 сар 1 хоногийн баривчлах ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзсэн юм.

Ингэснээр архины хамааралтай бүсгүй төрүүлсэн ихэр хүүхдүүдээ орхисон ч жирэмсэн  тул хариуцлагаас мултарлаа.

Энэ бүхнээс дүгнэхэд бага насны хүүхдийг хаяж төөрүүлэх нь хүүхдийн амь насанд шууд заналхийлж байгаа хэрэг. Тиймээс хуулийн хариуцлага хүлээлгэх нь зүйн хэрэг. Гэхдээ асран хамгаалагчийг нь шоронд хорилоо гээд хүүхдийн амьдралд өөрчлөлт гарахгүй. Тиймээс албадан сургалтанд хамруулж хүүхдээ хайрлахад сэтгэл зүйн туслалцаа үзүүлэх хэрэгтэй. Амьдралын хар бараан дундаас хүүхэд гэдэг гэрэл гэгээг олж харахад сэтгэл зүй туслана гэдгийг мэргэжлийнхэн сануулж байна.