Тогоонтөмөр хаан Хятадаас хөөгдөн ирснээс Лигдэн хутагтыг таалал төгсөх хүртэл хаан ор залгасан 22 хаадын үеийг Монголын түүхнээ Бага хаадын үе хэмээн тэмдэглэн үлдээсэн байдаг.

"N энтертаймент"-ийн хамт олон энэхүү Монголын түүхийн цагаан толбыг хүүхэд залууст ойлгомжтой хийгээд орчин цагийн өнгө аясыг шингээн, аль болох наалдацтайгаар хүргэхийн тулд түүхэн сэдэвт 20 ангит кино бүтээжээ.

Уг киноны зохиолч, продюсер Ален Арман энэхүү бүтээлээ долоон жилийн турш бичихдээ, 200 гаруй эр сурвалж, ном судар шагайсан гэдэг

Тэрбээр “Бид түүхэнд байсан үгүй нь мэдэгдэхгүй, Солонгосын нэг тогооч хүүхний нэрийг байтугай амьдралыг нь хөгшин, залуугүй түүх мэт мэддэг атлаа, бүхэл бүтэн Монголынхоо 22 хааны нэрийг ч бүтэн мэддэггүй байсныг сэргээн сануулахыг хичээлээ. Монголын түүхийн цагаан толбо болсон энэ үеийг уран сайхны аргаар бүтээхдээ алдсан будилсан зүйлс байж магад. Шүүмжилж эсэргүүцэх нөхдүүд ч зөндөө гарах биз. Хамгийн гол нь ачааны хүндийг анхдагч нь үүрдэг жамыг ухаарч, үүнээс хойш манай залуучууд ийм төрлийн түүхэн сэдэвттэй кино, сериалууд олныг бүтээх санаа, гарц, урам болохын учир бидэнд буй" хэмээн зохиолынхоо эхэнд дурьджээ.
 

Энэ кино 500 орчим хүний хөлс, хөдөлмөрөөр бүтсэн бөгөөд уг кинонд АЖ А.Энхтайван /Чингис хаан/, АЖ Н.Сувд /Мандухай хатан/ нар өөрийн уг дүрээрээ тоглосон хийгээд найман аймгийн театрын жүжигчид оролцон тоглосноороо онцлог бүтээл болсон аж.

Киноны гол утга санаа нь Монголчуудын эв нэгдэлгүй, эрх мэдэл, эд хөрөнгөнөөс болж сарниж бутарч, доройтсон гашуун түүхийг сануулахын зэрэгцээ өнөөдөр гадаадын олон ангит кинонд тархиа угаалгасан монголчууддаа өөрсдийнх нь асар их түүхийн нэгээхэн хэсгээр дамжуулан хүргэхийг гол зорилгоо болгожээ.
 
Энэхүү кино нь энэ сарын 20-нд телевизээр олны хүртээл болох бөгөөд аль сувгаар олон түмэнд хүргэхээ одоохондоо нууцалж байгаа юм байна.
 
Д.Ана