Төр намуудыг санхүүжүүлэх үү
2018/03/17
Гурван сая гаруй хүн амтай ч гуч орчим улс төрийн намтай манай улсад намуудын үйл ажиллагааг сайжруулж, үүрэг хариуцлагыг нь өндөржүүлэх шаардлага үүссэнийг үе үеийн улстөрчид хэлдэг. Үүний илрэл нь өнгөрсөн оны Ерөнхийлөгчийн сонгуульд 100 мянга гаруй иргэн цагаан сонголт хийсэн нь намуудад хатуухан сануулга өгсөн үйл явдал юм.
Сүүлийн үеийн судалгаа ч нам дэмждэг иргэдийн тоо буурч буйг харуулсаар байгаа. Тухайлбал, “МЭК” компанийн сонгуулийн насны 800 хүнд түүвэрлэн хийсэн судалгаагаар өнгөрсөн оны долдугаар сард 28 хувь нь нам дэмжээгүй гэсэн бол энэ үзүүлэлт аажмаар өсч, өнгөрсөн сард 64 хувь болжээ. Өөрөөр хэлбэл, долоон сарын хугацаанд аль нэг намыг дэмждэггүй хүний тоо хоёр дахин өссөн байгаа юм. Улс төрийн намын нэр хүнд ийнхүү унаж буй шалтгааныг иргэд авлига, хүнд сурталтай, гишүүд дэмжигчдээ сонсдоггүй, дотооддоо ардчилалгүй, бүтэц зохион байгуулалт нь муу зэргээр дурджээ. Харин ийм байдлыг арилгахын тулд УИХ-ын гишүүд хууль эрх зүйгээ өөрчлөхөөр төлөвлөж байна. Тодруулбал, УИХ-ын дарга М.Энхболдын захирамжаар Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсгийнхэн уг хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцүүлэх учиртай.
Улс төрийн намын тухай хуулийг анх 1990 онд баталж, 2005 онд шинэчилж байжээ. Үүнээс хойш тус хуульд өөрчлөлт оруулж, шинэчлэн найруулаагүй байгаа юм. Гэхдээ энэ нь хуулийг өөрчилж, шинэчлэхээр оролдоогүй гэсэн үг биш. Намын хуулийг өөрчилж, шинэчлэхээр нэр бүхий гишүүд, мөн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хуулийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн барьсан ч буцаасан байдаг. Тодруулбал, 2012 онд УИХ-ын гишүүн асан З.Алтай, Л.Гантөмөр нарын гишүүд Намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьжээ. Тэрхүү төслийн онцлог нь нам гишүүнчлэлтэй байхыг хориглож, зөвхөн УИХ, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрхтэй байхаар санал оруулж байсан юм. Харин хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэлгүй буцааж байлаа. Үүний дараа 2013 онд УИХ-ын гишүүн Р.Бурмаа, Г.Уянга тэргүүтэй гишүүд тус хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төсөл боловсруулж байв. Хуулийн төслийн гол нэмэлт нь сонгуулиар сонгогдсон хүмүүс намын тухайн шатны байгууллагын удирдах байгууллагын гишүүн болохыг хуульчлах байжээ.
Гэвч мөн л төслийг хэлэлцэх шаардлагагүй хэмээн буцаасан. Сүүлд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж намуудын үүрэг хариуцлагыг өндөржүүлж, санхүүжилтийг ил тод, гишүүнчлэлийг тодорхой болгохоор 2016 онд хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьж байв. Хуулийн төсөлд санхүүжилтийн тайлангаа өгөөгүй, зөрчил гаргасан бол татан буулгаж, хариуцлага тооцохоор тусгаж байлаа. Санхүүжилтийн хувьд улс төрийн намуудад улсаас олгох мөнгөний зориулалтыг зааж 30 хувиас доошгүй болгох, мөн 30 хувиас доошгүйг гишүүд, иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэх, 10 хувиас доошгүйг намын бүтцийн нэгж дэх сонирхлын бүлгүүдийн улс төрийн оролцооны эрхийг хангахад зарцуулах саналтай байв. Гэхдээ энэхүү хуулийн төслөөр жижиг намуудыг дэмжээгүй, шахаж байгаа тухай шүүмжлэл тэр үед гарч байсан юм. Харин одоо боловсруулж буй хуулийн төсөлд парламентад суудалгүй ч бусад сонгуульд амжилттай оролцсон бол санхүүжилтийг нь 100 хувь төрөөс олгох санал оруулж байгаагаараа өмнөх хуулийн төслөөс онцлог юм байна. Энэ талаар хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Санхүүжилтийн хувьд 100 хувь төрөөс олгох саналтай байгаа. Гэхдээ сонгуулийн үр дүнд тавьсан босго буюу сонгогчдын нэг хувиас дээш санал авсан намуудад төрөөс санхүүжилтийг нь 100 хувь олгоно. Ингэснээр парламентад суудалгүй, бусад сонгуульд амжилттай оролцсон намуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх, төлөвшүүлэх, хяналтыг нь сайжруулах үүднээс ийм санал гаргаж байгаа. Гэхдээ төсөв санхүү хүндрэлтэй байгаа учраас гишүүд, дэмжигчдийн хандив, тусламжийг тодорхой хэмжээнд хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй” гэв. Одоо үйлчилж буй хуулиар намын санхүүжилтийг гишүүд, дэмжигчдийн хандив, хууль ёсны үйл ажиллагаанаас олсон орлого болон төрийн санхүүжилтээс бүрдүүлдэг.
Энэхүү хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийнхэн судалгаа хийж, эрдэмтэн, судлаачдын саналыг тусгахын тулд өчигдөр хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. Хуулийн өөрчлөлтөөр намын үүрэг, хариуцлагыг өндөржүүлж, санхүүжилтийг нь хаанаас олгохыг тодорхой болгож, цаашдаа бодлогын нам руу шилжих талаас нь өөрчлөх тухай УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хэлэлцүүлгийн үеэр хэлэв. Өөр нэг өөрчлөлт нь бодлогын намыг төлөвшүүлэх үүднээс удирдлагуудын саналаар биш, иргэд, намын гишүүдийн саналаар нэр дэвшүүлэх тогтолцоог хуульчлах гэнэ. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигчдээ удирдлага нь бус жирийн гишүүдийн саналаар тодруулах юм байна. Харин намуудын хариуцлагын хувьд санхүүгийн тайлангаа хугацаандаа өгөөгүй, зөрчил гаргасан тохиолдолд санхүүжилтийг нь олгохгүй байх, сонгуульд оролцох эрхийг нь хязгаарлах зэрэг санал гарчээ. Мөн бодлогын намыг хөгжүүлэхийн тулд намын дэргэд Судалгаа хөгжлийн төв байгуулахаар санал оруулж байгаа аж. Гэхдээ эдгээр нь зөвхөн санал төдий бөгөөд хуулийн төслийг батлах эсэхийг УИХ-ын хаврын чуулганаар шийднэ. Ямартай ч нийгэмд намчирхал, хэт улстөржилт бий болж, сонгууль дөхөхөөр л идэвхиждэг, үүрэг, хариуцлагагүй олон намыг цэгцлэхийн тулд хууль эрх зүйн орчныг сайжруулах нь зүйтэй гэдгийг УИХ-ын гишүүд хэлж буй.
Үндэсний шуудан сонин