Хуучин цагийн анчид хосоороо болон зулзагатайгаа яваа ирвэстэй таарвал агнахыг цээрлэдэг байсан гэдэг. Мөн хэжмиг буудаж шархдуулахаас ихэд болгоомжилно. Учир нь ирвэс маш өширхүү, ижлийнхээ, үр зулзаганыхаа, шархныхаа өшөөгөө авч байж л санаа нь амардаг гэнэ.

Баруун Алтайнхны дунд яригддаг ийм нэгэн хууч яриа бий.

Нэгэн анчин хос ирвэсний нэгийг нь буудчихаад нөгөөг амжилгүй алдчихжээ. Орой нь гэртээ хоолоо идээд хоймроо сууж байх үед юм гэнэ. Тэр цагийн оройн хоол чанасан мах л байж таарна. Гэнэтхэн гэр дээр нь епхийтэл хүнд амьтан үсэрч гарах шиг болж, тооноор нь араа шүдээ гялалзуулсан нэг том толгой ороод иржээ. Яах ийхийн зуургүй өнөө амьтан дахин нэг үсэрч, анчин эрийн яг өмнө буусан байна.

Амаа ангайлган ухасхийх мөчид анчин хутгагүй гараа амруу нь лавхан шаагаад хэлнийх нь унгинаас атгаад авчээ. Хэлнийхээ унгинаас атгуулсан ямар ч амьтан хий огиод хазаж чаддаггүй юм гэнэ. Ирвэсийг огиж байх хооронд нөгөө гартаа хоол идэж байсан хутгаараа цээжинд нь дүрж аюулгүй болгожээ.Сийрэг ч, самбаатай ч анчин байж. Баргийн эр ингэж самбаачилж чадахгүй дээ.

Бас нэг ийм яриа байдаг. Нэгэн анчин хоёр зулзагатайгаа яваа ирвэсний нэг багийг нь намначихаад нөгөө хоёрыг нь алдчихжээ. Тэр хавиараа нэгжиж хайгаад олсонгүй. Ирвэсийн өширхүүг сайн мэдэх учир хэдэн уул, хөндий гатлан нүүдэллэж, нутгаа сольжээ. Нэгэн удаа ангаас эргэж иртэл гэрийг нь тойрсон ирвэсийн мөр байна гэнэ. Сэжиг авсан анчин морио хол уяад, сэмхэн гэтэж тотгоороо шагайвал эхнэр хүүхдийг нь зооглочихсон цатгалан ирвэс орон дээр нь хэвтэж байжээ. Тотгоороо буудаж ирвэсийг намнасан ч голомтоо самруулсан сайх анчин удалгүй тэнэж яваад хальсан гэдэг. Иймэрхүү хууч яриа нэг бус. Ер нь ирвэсийг хараалч ч гэдэг