Форум амжилттай өндөрлөв
2018/03/30
“Нэн түрүүнд Хөдөлмөрийн аюулгүй байдал-Хамтын оролцоо -2018” форум Эрдэнэт хотноо хоёр хоногийн турш чуулж амжилттай өндөрлөв. Тус форум нь “Vision Zero” буюу “Ослыг тэглэх алсын хараа” хөдөлгөөнд нэгдэх уриан дор зохион байгуулагдаж, хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөрийн эрүүл мэнд, хөдөлмөрийн таатай байдлыг бүрдүүлэн гэмтэл ослыг тэглэх гол зорилго дор нэгдлээ.
Форумын эхний өдөр үргэлжилсэн “ХАБЭА-н сайн туршлага, Vision Zero хөдөлгөөн” сэдэвт хуралдааны үеэр МОШПА-ийн Орхон салбарын тэргүүн, гадаад хамтын ажиллагааны зөвлөх Ц.Оргил “Монгол улс Vision Zero хөдөлгөөн нэгдэх нь” илтгэлээ тавьсан юм. Тэрээр өөрийн илтгэлдээ: “Үйлдвэрлэлийн осол ба мэргэжлээс шалтгаалах өвчин бол хувь тавилан биш, мөн гарцаагүй тохиолдох зүйл ч биш юм. Аливаа осол өвчин нь заавал тодорхой шалтгаантай байдаг. Хүчирхэг бөгөөд үр ашигтай урьдчилан сэргийлэх соёлыг бүрдүүлэх замаар эдгээр шалтгааныг арилгах, аливаа хохирлоос урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой ” гэлээ.
“Нэн түрүүнд ХАБ-Хамтын оролцоо” чуулганы төгсгөлд Эрдэнэт үйлдвэр ХХК, Оюу толгой ХХК болон Монголын Мэргэшсэн ХАБЭА-н Мэргэжилтнүүдийн Холбоо, Олон Улсын нийгмийн хамгааллын ассоциацийн Уул уурхайн салбар байгууллагууд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурснаар форум амжилттай өндөрлөлөө.
Д.Пүрэвжаргал