Ардчилал бий болсноос хойш Монголд Хязгаарлагдмал Казино байгуулах тухай аль эртнээр яригдаж эхэлсэн ч өдийг хүртэл дорвиотой алхамд хүрээгүй л байгаа.

Казино гэх энэ нэр томъёо Монголчуудад одоо л сонсогдож байгаа хэрэг биш. 1999 оны сүүлчээр бид Казиногийн тухай хуультай болсон ч удалгүй цуцлагдаж богинохон насалсан түүхтэй. Уг хуулиас болж УИХ-ын зарим гишүүн болох одоогийн  "дээлээ нөмөрсөн". Тухайн үед хууль цуцлагдсан ч 330-аад хууль бус казино ажиллаж байсан гэдэг тоо баримт байдаг. Хууль бус далд бүхний дагавар бас хууль бус л байдаг. Казиногийн хууль богинохон насалсан нь тухайн үед Монголд энэ төрлийн бизнес хөгжих ямар ч нөхцөл боломж, эрх зүйн орчин нь бүрдээгүй байсан гэж үзсэн гэдэг.

Казино гэдэг үг монголчуудад сөрөг утгаар тусдаг байсан цаг саяхан. Одоо ч нийгмийн тодорхой хэсэгт энэ сэтгэлгээ арилаагүй байна. Казино хэмээгчээс үлдсэн мөр нь дандаа бараан байсан учир арга ч үгүй биз. Мөнгөний уурхай, хууль бусаар мөнгө угаах газар мэтээр голдуу сөрөг талаас нь ойлгоход энэ түүх “тусалсан”. Тэгсэн ч дэлхийн жишгийг дагаж мөнгөний уурхай ажиллуулах сонирхол УИХ-ын гишүүдээс хэдэнтээ цухалзаад авав.

Манай улсад казиногийн “замнал” 1998 оноос эхэлсэн. 

ГУРВАН ГИШҮҮН “ДЭЭЛЭЭ НӨМӨРСӨН НЬ”

1998 он. Энэ он УИХ-ын түүхэнд онцгойгоор тэмдэглэгдэнэ. Анхны, бас одоогоор сүүлийн удаа УИХ-ын гур ван гишүүн казиногийн асуудлаар “дээлээ нөмөрсөн” учраас тэр. Хуулиар хориогүй бүхнийг зөвшөөрсөнд тооцдог жишгээр 1990-ээд оны дундуур Монголд “Чингис” зочид буудал зэрэг 3-4 газар казино ажиллаж эхэлжээ.

Хуульгүйгээр, дураар ажиллаж байсан тэднийг цэгцлэх, казиногоос олох орлогоор эдийн засгаа тэтгэх зэрэг зорилгоор 1998 онд анх АН-ын Х.Байгаль, Д.Баттулга, С.Батчулуун нар ын гурван гишүүн Казиногийн тухай хуулийн төслийг санаачилсан байна. Ардчилсан хүчин анх удаа эрх барьж байсан үе шүү дээ. Казиногийн хуулийг ч батлаад авав. Түүнийг батлахын тулд нэлээд лобий хийсэн гэдэг. Монголд казино байгуулах монополь эрхийг Малайзын нэгэн компанид өгөхөд уг лобий чиглэгджээ.

/Чингис зочид буудал - Тус казинод ажиллахаар бэлтгэгдсэн диллер оюутнууд "цалин мөнгөний төлөө хичээл сургуулиа хүртэл орхин зүтгэсэн нь талаар болов" хэмээн жагсаал хүртэл зохион байгуулж, нийгмийн дунд бас нэгэн дуулиан тарьж байсан билээ./

 

Уг компани нь “Чингис” зочид буудалд казино байгуулахаар хөрөнгө оруулалтаа хийгээд эхэлтэл “Тэдний лобийгоор хууль санаачилж батлуулсан байна” гэх маргаан МАХН-ын зүгээс гарчээ. Тэр үед УИХ-ын гишүүн байсан Ц.Шаравдоржийг казино байгуулахын эсрэг голлох үүрэгтэй ажилласан гэдэг юм билээ.

Уг асуудлаар АН, МАХН-ын нэр бүхий гишүүдийг шалгахад АН-ын дээрх гурван эрхэм “тунаж” үлдсэн аж. Казиногийн асуудлаар тэдний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн ч дараа нь татвар гэх мэт огт өөр асуудлаар ял оноон шоронд суулгасан түүхтэй. Эдгээр эрхэм хэдэн сар ял эдлээд гарсан. Удалгүй нэг нь өөд болсон. УИХ-ын гурван гишүүн “дээлээ нөмөрч”, Казиногийн тухай хуулийг хүчингүй болгосноор асуудал дууссан.