Р.Эмүжин: Бөхийн өргөөний бөөрөнхий байшингаас болж Халх, Увсаараа талцаад л, чухам нэг зодолдож байна даа
2018/04/17
Яруу найрагч, сэтгүүлч Р.Эмүжин нийгэмд болж буй асуудлууд дээр өөрийн үзэл бодол, санал, шүүмжийг илэрхийлээд авдаг нэгэн.
Нэг нь бурхны оронд залраад байхад хэрүүл тэмцэл хийж басхүү нэгнийхээ аминд хүрэх шахсан хэмээх хэл аманд өртөөд буй “Бөхийн өргөө”-г тойрсон тамга тэмдэгний асуудлаас яруу найрагч бүсгүй яахан дутах билээ.
Өөрийн бодлоо ийн бичжээ: Халх, Увсаараа талцаад л, хайртай хайргүйгээрээ ялгараад чухам нэг зодолдож байна даа. Бөхийн өргөөг тойрсон энэ зодоон лав 20 шахам жил үргэлжилж байна. Монгол бөхчүүдийг эв нэгдэлгүй болгож, хагархай шаазан, хатавч туурганы хэрүүлтэй хутгаад байдаг ганц ганган шалтгаан нь Бөхийн өргөөний бөөрөнхий байшин.
Газар, байрлал энэ тэрийг нь оруулаад тооцвол одоо бол хэдэн тэрбумын хөрөнгө. Анх төрөөс 800 сая төгрөг гаргаж, ард түмнээсээ хандив цуглуулан байж шавыг нь тавин, шаврыг нь зууран босгосон энэ өргөө монголчууд бөхчүүдээ ямар их хүндэлж, яасан их хайрладгийн баталгаа болон сүндэрлэсэн.
Тэгэхнээ одоо бөхчүүдийн зодооны шалтгаан, хэрүүлийн шалтаг болж хувираад удлаа. Тухайн үед нийт 287 байгууллага, компани, 526 иргэн ажилчдынхаа цалин, амин зуулгаасаа хасч танан энэхүү хандивыг босгож байв. 20 жилийн өмнөх түүх шүү дээ. Картын барааны дараах хүнд үе, ганзагын наймааны хэцүү өдөр сарууд. Гэвч монголчууд нэгдэж чадсан л юм даа.
Төр, түмэн хоёр элбэж байгаад л бөхчүүдээ өргөөтэй болгож, бөхийн спортыг хөгжүүлэхийн тулд сэтгэл итгэлээ өгсөн юм даг. Монгол бөх спорт мөн үү, эсвэл үндэсний наадам төдий юу гэлцээд л хэвлэлээр мэтгэлцээн өрнүүлж, Японы сумо бөхийн төвшинд мэргэжлийн спорт болгон хөгжүүлэх боломж байгаа тухай дээр дооргүй дэндүү ихийг мөрөөдөцгөөсөн.
Гэтэл өнөөдөр монгол бөх талцсан, авилгадсан, ард түмний хайран дээр тоглосон хэвээр үлдэв. Монгол бөхийн өргөө ч маргааны шалтгаан, хагарлын хар чулуу болж хувирав. Бөхчүүдийг үеийн үед талцуулж байдаг, тарамдуулан унагадаг Берлиний хана юм уу хаашаа юм.
Яршиг зүгээр, 800 саяыг гаргаснаараа төр нь өмчөө мэдээд авчихвал өргөөгүй өнчин холбооны төлөө хоорондоо алалцаад байхгүй амар болж, энэ спорт хөгжлийн зам дээр гарах ч юм бил үү? Нүцгэн шалдан холбоонд хэн л шунав гэж. Бусад спортын холбоод түрээсийн байр дамжаад, булан тохойд толгой хоргодоод байгаа хэр нь хөгжөөд, тив дэлхийгээс алдар цол авчраад болоод л байж харагдах юм.
Төр нь өмчөө мэдээд Бөхийн өргөөгөө хандивласан олонтойгоо хуваагаад менежментийн хувьчлал маягаар авчихвал ядаж бөхөө дээдлэн хүндэлдэг түмний минь нүд, чих, сэтгэл, итгэл үнэмшил нэг амсхийхсэн дээ.
ТӨР, засагт гаргах хүсэлт · 2018/04/18
ХЭРҮҮЛийн алим болох ордонг нь төрийн дансанд бүртгээд ав. Хобоог байгуулалцаад өг. Дараа нь бөхийн холбоонд энэ ордонг нь түрээслүүл. Өөр арга алга.
Зочин · 2018/04/17
Баянмөнхийн хийж буй шунхлт үйлдэл