Энэ оны эхээр УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооныхон БХЯ, ЗХЖШ-д ажиллах үеэр тус салбарын генералууд “ЦАХ-дынхаа нийгмийн хамгааллыг сайжруулахад шаардлагатай байгууламжуудыг барихад төсөв хүрэлцэхгүй байна”  хэмээн уйлан дуулан гомдоллож захирагчдагсадынхаа төлөө санаа тавьсан дүр эсгэж матрын нулимс унагаацгаасан аж.

Энэ салбарт үнэхээр төсөв хүрэлцдэггүй нь үнэн боловч дээрх байгууламж болох албан тушаалын орон сууцнуудын ихэнхийг өөрсдөө хувьдаа завшицгаасан. Хамгийн сүүлд 2010, 2012 болон 2015, 2016 онд ашиглалтад орсон 63, 50, 300 айлын нийт 5 орон сууцанд БХЯ, ЗХЖШ-ны генерал хурандаа нар нилээд орсон байна.

 

15 дугаар хороололд орон сууцтай,  сүүлд орлогын ямар эх үүсвэрээрээ хаустай болсон нь тодорхой бус 2009-2015 онуудад ЗХЖШ-ын дарга асан бэлтгэл дэслэгч генерал Ц.Бямбажав, 2009 онд мөн дүүрэгт Жуковын музейн хажууд шинээр ашиглалтанд орсон 48 айлын орон сууцанд орсон  ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга хошууч генерал Р.Сүхбат, мөн тэр байрнаас  аваад зарчихсан өдгөө хауст амьдардаг БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга бригадын генерал Г.Сайханбаяр, 16 дугаар хороололд байртай БХЯ-ны газрын орлогч дарга хурандаа Х.Нямчулуун, 15 дугаар хороололд байртай мөн яамны Санхүүгийн хэлтсийн дарга Д.Ганхуяг, 1 дүгээр хороололд байртай 2009-2016 онд ЗХЖШ-ын дэд даргаар ажиллаж байсан бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай гээд цааш нь бичээд байвал хөврөөд л байна.

2000–аад оны эхээр мөнгө чанга, байр хямд байхад Гадаадад энхийг сахиулах ажиллагаанд ажиллагчаар яваад ирсэн бэлтгэл хурандаа Р.Даваадорж, хурандаа Д.Энхбаатар нар орох оронгүй гэж үү? Мөн фэйсбүүк хуудсан дээрээ тансаг хаусандаа баян хангалуун амьдарч байгаа зургаа тавьсан  ЗХЖШ-ын Эрүүл мэндийн хэлтсийн дарга, хурандаа Л.Ганчимэг байргүй болоод байр авсан юм байх юм. Гадаадад цэргийн атташегаар ажиллаж байгаа бригадын генерал Д.Баярсайхан, хурандаа О.Ариунаа,О.Баяр-Очир, Д.Ганбаатар, Л.Батцэнгэл нар байр сууцгүй юм гэнэ ээ.

Энэ мэтээр “байр сууц”-гүй генерал хурандаа нарын яагаад байр сууцанд орсон шалтгааныг тоочвол ихээхэн баримт хөвөрнө.

БХЯ-наас албан тушаалын зарим орон сууцыг хувьчлахаар болж засгийн газраар шийдвэр гаргуулах гэж “Цэргийн орон сууц” хөтөлбөр боловсруулсан байна. Хувьчлагдах гэж буй байрнуудын жагсаалтад 2008 оноос хойш ашиглалтад орсон Хан-Уул дүүрэгт 2 сууц, Баянзүрх дүүргийн Улаанхуран дахь 63 айлын 10 давхар 3 сууц, Их засаг их сургуулийн хажуу дахь 50 айлын 1 орон сууц, Жуковын музейн ард баригдсан 300 айлын 3 блок сууцнууд хувьчлалд хамрагдах аж.

”Орон сууцныхаа нөхцөлийг сайжруулсан” гэх  генерал хурандаа нарын ихэнх нь авсан байрандаа амьдрахгүй, түрээсэлж,  дамлан зарж ашиг олж байна.

Хамгийн сүүлд 2015 оны эцсээр ашиглалтад орсон 300 айлын байрыг анх барихад тухайн үед буюу 2010 онд 10 тэрбум төгрөг төсвөөс гарсан. Гэвч мөнгө нь хүрэлцээгүй тул орохоор нэрээ өгсөн  орсон офицер ахлагч нараас баригдаж байх үед нь  тус бүрээс нь 5 сая төгрөг авч сантехникийн асуудлыг нь шийдсэн гэнэ.Нэмж засгийн газраас 1 тэрбумыг өгсөн. Анх баригдахад олгосон 10 тэрбум төгрөг хаачсан бэ? Газарт орсон уу, тэнгэрт ууршсан уу? Энэ асуултад БХЯ-ны хурандаа Х.Батсайхан л хариулах байх даа.

Гэвч энэ 300 айлын сууцанд орсон зарим этгээдүүд нь урьдчилж өгсөн 5 сая төгрөгөөр авсан байраа 8 саяар дамлан зарсан сурагтай.

Хаа хамаагүй энгийн нэгэн хүн батлан хамгаалах салбарт ажилладаг хэн нэгний өмнөөс мөнгийг нь төлж авсан гэнэ.

БХЯ, ЗХЖШ-ын томоохон дарга нар энэхүү гэмт үйлдлээ зөвтгөж цэргийн алба хаагчдаа хөнгөлөлттэй үнээр буюу 1 метр квадратыг нь 850,000 төгрөгөөр буюу “хямд үнээр хувьчилж олсон мөнгөөр нь  дараагийн байр сууцнуудаа барих”  гэж байгаа мэтээр тайлбарладаг.   

БХЯ, ЗХЖШ, анги байгууллагын удирдлагад ажилладаг генерал хурандаа нар хямд үнээр байртай болонгуутаа цаашаа түүнийгээ зах зээлийн үнээр дамлаж ашиг хонжоо олох гэсэн атгаг санаа нь нуугдаж байгаа юм. Дамлаад ч зарсан байна. 2009 онд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд Жоби-72-ын ард БНХАУ-ын БХЯ-ны буцалтгүй тусламжаар  баригдсан 48 айлын сууцанд орсон тухайн үеийн  БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга генерал М.Борбаатар агсан, ТЗУГ-ын дарга асан одоо СБТГ-ын дарга бригадын генерал Г.Сайханбаяр нарын томоохон албан тушаалтнууд зах зээлээс маш хямд үнээр авсан байрнуудаа дамлаад зарчихсан. Өмнөх тогтолцооны үед тухайн үедээ батлан хамгаалах салбарт ажиллаж байсан хүмүүст гэхдээ нөгөөх л генерал офицерууд түлхүү улсын хөрөнгөөр баригдсан орон сууцанд орж орон сууц хувьчлалаар хувьдаа үнэ төлбөргүй авцгаасан.

Аливаа юманд хэмжээ гэж байдаг бол дарга нарын шуналд хязгаар үгүй бололтой. Ер нь энэ увайгүй явдал аль эртнээс “удамшсан”. Аль 1980-аад оны дундуур  онд ЦНДС-ийн захирал байхдаа байртай болсон нэгэн генерал 1990-ээд оны эхээр Батлан хамгаалахын тэргүүн дэд сайд ЗХЕШ-ын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглан дахиж байр авч байсан.Түүнийг нь мэдсэн нөгөө дэд сайд / Одоо МҮОНТВ-ийн зөвлөлийн гишүүн / нь түүнд энэ явдлаа болихыг хэлэхэд “Чамайг авахыг чинь хэн байг гэсэн юм” гэж өөрийгөө зөвтгөж байсан гэсэн. Тэр явдлаас хойш энэ салбарт ийм байдал хавтгайрсан.

Харин ч хөнгөлөлттэй үнээр хувьчлуулахыг хүсэж байгаа нь цаашид татвар төлөгчдийн мөнгөөр орон сууцыг иймэрхүү тодорхой бүлэг этгээдүүд хямдхан авч завших, дамлан худалдах мөн жинхэнэ зорилтот бүлэг болох алба хааж байгаа офицер ахлагч нарыг алба хаах хугацаандаа амьдрах орон байргүй болгох муу үр дагавар  бий болгох нигууртай.

Насаараа даргын тушаалаар томилогдон хөдөө хөхөрч гадаа гандчихаад эцэст нь орох оронгүй үнсэнд хаясан шалз шиг хаягдсан олон мянган эгэл жирийн офицер ахлагч нар зөндөө бий.Тэдний зарим нь тэтгэвэртээ гараад ангийнхаа мэдлийн албан тушаалын хуучин муу  / гадаа гарч ил жорлонд засдаг, усаа худгаас зөөдөг/ бүр хүн амьдрахыг мэргэжлийн хяналтын  байгуулагаас ашиглахыг хориглосон байранд амьдарч л байна.Түрүүчээсээ тэдгээр байрнуудаас шатсан. Хэдэн жилийн өмнө 084 дүгээр ангийн ийм хуучин байр шатсан бол саяхан 167 дугаар ангийн 9 айлын байр шатсан хэрэг гарсан. Зарим цэргийн алба хаагчдад голдуу ахлагч нарт тусламжийн гэр олгосон болж амьдрал ахуйг нь харж үзсэн болдог.

Баянзүрх дүүргийн  4 дүгээр хорооны нутагт Сансар  хотхон нь нийслэлийн дахин төлөвлөлтөд орсон боловч тус хотхон дахь хүн амьдрахыг хориглосон 084 дүгээр ангийн мэдлийн албан тушаалын нэг давхар сууц нь БХЯ-ны харьяа хувьчлагдаагүй гэсэн шалтгаанаар тэрхүү дахин төлөвлөлтөд ороогүй аж.Тус байран оршин суугч ахлагч голдуу цэргийн алба хаагчид тус байраа хувьчлуулж дахин төлөвлөлтөд орохыг хүсэж БХЯ, ЗХЖШ-т олонтаа хандсан боловч дарга нар бие биен рүүгээ бичиг шидэлцэж асуудлыг шийдэж өгөхгүй чирэгдүүлж байна.

Хариуцсан салбарт нь насаараа зүтгэсэн офицер ахлагч нарт ангийнх нь мэдлийн муухан сууцыг хувьчлахын төлөө хуруугаа ч хөдөлгөөгүй атлаа татвар төлөгчдийн мөнгөөр баригдсан тохилог сууцыг хямд авч завших гэж байгаа ичих булчирхай нь ажиллахаа больсон БХЯ, ЗХЖШ-ынхан хүний ёсны хувьд нүгэлтэй ичгүүртэй үйлдэл хийх гэж байна.

Тэдний энэ үйлдэл нь цаанадаж Авлигын эсрэг хуулийг зөрчсөн албан тушаалынхаа байдлыг ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэсэн гэмт хэрэг наанадаж захирагдагсадаа бүр татвар төлөгч жирийн иргэдийг доромжилсон ёс зүйгүй явдал юм.

Татвар төлөгч та бидний мөнгөөр төрийн албан хаагчдын түр зуурын зөвхөн алба хаах хугацаанд нь амьдруулахаар босгосон орон сууц маш хямд өртгөөр хувьчлагдах гэж байгаа нь хэр шудрага явдал бол?!

Бид өөрсдийнхөө төлөө хуулинд заасан нийтлэг үйлчилгээ авах гэж л татвар төлдөг.Тэрнээс бус хэн нэгэн ёс зүйгүй авлигачин төрийн албан хаагчийг үнэгүй байраар хангах гэж татвар төлдөггүй.

Татвар төлөгчдийн мөнгөөр хэн нэгэн төрийн албан хаагчдад зориулж хямдхан байр барих илүүдээ гарсан мөнгө манай төрд байхгүй.

Дараагийн дугаарт бидэнд ирсэн гомдол мэдээллийн дагуу   Жуковын музейн дэргэдэх 48 айлын сууц, Их засаг их сургуулийн хажуудах 50 айлын  сууцанд оршин суугчдын жагсаалтыг гаргана. Мөн батлан хамгаалахын  нэр дээр гадаадын цэргийн академи дээд сургуульд элсэгчдийг сонгон шалгаруулалтыг будлиантуулдаг болон БХЯ, ЗХЖШ-ын дарга нар болон ангиудын захирагч нарын захирагчдагсадаа ажлын байрны бэлгийн дарамтад оруулдаг, архидан согтуурдаг  ёс зүйгүй явдал, захирагчдагсадаа үг хэлээр доромжилдог бүдүүлэг харилцаа, төсвийн хөрөнгө мөнгө завшдаг явдлын талаар  нийтлэх болно.    

А.Баярмаа