Монгоп Улсын ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэж буй багш нар цалингаа нэмүүлэхээр өөрсдийн эрх ашгийн төлөө ажил хаялт зарлаж явснаас сурагчдынхаа төлөө дуугарч байсныг санахгүй юм.

Багш нар нэгдэн "Гурван ээлжээр хичээллэх хүндрэлтэй байна", "Сурагчдын эрх ингэж зөрчигдөж байна", "Сурах бичиг хүрэлцэхгүй байна" гэх мэтээр сурагчдынхаа сурах эрхийн төлөө ганц удаа ч болов яагаад дуугардаггүй юм бол. Бүрэн дунд боловсрол эзэмшихээр суралцаж буй хүүхдүүдэд дээр дурдсанаас гадна тулгамдаж буй асуудал олон бий. Тухайлбал, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид тэр дундаа бага ангийнхны үүрж буй цүнх стандартад нийцэж байгаа эсэх асуудал. Одоогоос олон жилийн өмнө найман настай хүүхдийг нэгдүгээр ангид элсүүлдэг байлаа. Тэр үеийг одоогийнхтой харьцуулахад найман нас гэдэг тийм ч бага биш. Мөн тухайн үед хуруу дарам цөөхөн хичээл ордог, сурах бичиг нь ч бага учраас цүнхний талаар асуудал үүсдэггүй байсан байж болох юм. Харин нийгэм өөрчлөгдөж, улс орон хөгжихийн хэрээр олон улсын жишигт нийцүүлэн эхлээд долоо, одоо бүр зургаан настайдаа сургуулийн босгоор алхаж байна. Энэ нь зөв шийдэл байж болох ч бусдыг нь мөн адил олон улсын жишигт нийцүүлэх нь зүйтэй болов уу. Тодруулбал, бага ангийн сурагчдын ширээ сандал, цүнх, сурах бичиг гэх мэт. Эдгээрээс энэ удаад сурагчийн цүнхийг онцолж байна. Сурагчид хэчнээн кг жинтэй цүнх үүрдэг, стандарт бус цүнх эрүүл мэндэд хэрхэн сөрөг нөлөө үзүүлдэг, олон улсын жишиг ямар байдаг талаар хөндөж, асуудлыг шийдвэр гаргах төвшинд хүргэхийг зорилоо.

 

Өөрөөсөө том цүнх үүрч, түүнийгээ дааж ядан яваа хүүхдийг хараад хүмүүс өхөөрддөг. Гэтэл тэрхүү цүнхийг ямар материалаар үйлдвэрлэсэн, хичээлийн хэрэгсэл агуулахаас гадна ямар эрсдэл дагуулдгийг тэр бүр мэддэггүй. Бага ангийн сурагчид өдөрт дунджаар 4-5 цагийн хичээлд суухдаа цүнхэндээ ийм тооны ном, дэвтрээс гадна үзэг, балны сав, ном тогтоогч, аяга таваг, бэлтгэлийн хувцас зэргийг багтааж үүрдэг. Энэ бүгд нийлээд ойролцоогоор 5-6 кг болдог бөгөөд түүнийг хичээлийн жилийн турш үүрдэг. Бага ангийнхан ийм хэмжээний жинтэй цүнх үүрснээр мөр, нуруунд ачаалал өгч улмаар гэмтэл үүсэх гол шалтгаан болдог байна. Хүнд цүнх үүрэх нь хүүхдийн биеийн хөгжилд сөргөөр нөлөөлдөг талаар УНТЭ-ийн мэдрэлийн эмч ярилаа. Тэрбээр "Сурагчдын цүнх зохистой хэмжээнээс илүү хүнд байх нь бие бялдрын өсөлт хөгжилд сөрөг нөлөө үзүүлэхээс гадна нурууны өвчлөлд хүргэх магадлал өндөртэй. Хүүхдийн нас хэдий чинээ бага байх тусам ясжилтын үйл ажиллагаа явагдаагүй байдаг. 18 нас хүрч байж хүний ясжилтын үйл ажиллагаа явагддаг. Энэ хугацаанд зөвхөн хүнд цүнх үүрэх төдийгүй нуруунд хэт ачаалал өгөх нь хүүхдийн мөр, нуруу, биеийн өсөлтөд сөргөөр нөлөөлдөг. Сүүлийн үед бага ангийн хүүхдүүд хүнд цүнх үүрч байгаа учраас бөгтөр болох эсвэл нурууны яс хазайх тохиолдол гарах болсон. Тиймээс тухайн хүүхдийн насанд нь тохирсон жинтэй цүнхийг зөв үүрүүлж сургах хэрэгтэй. Нуруунд нь аль болох бага ачаалал өгөх цүнхийг сонгох нь зүйтэй" гэлээ. Сүүлийн үед хүүхдүүд нурууны өвчлөлтэй болж байгаа нь нэг талаараа бага наснаасаа хүнд цүнх үүрсэнтэй холбоотой аж. Тухайн үед нь ямар нэгэн өвдөлт зовиур мэдэгддэггүй бөгөөд нэлээд хугацааны дараа нуруу нь муруйж, хазайсан үед эмнэлэгт ханддаг тохиолдол цөөнгүй гардаг байна. Тиймээс хүүхдийн үүрч буй цүнх нуруунд нь ачаалал өгч байгаа эсэхийг хэрхэн шалгах талаар эмч ийн зөвлөлөө. Тодруулбал, хүүхдээ сургуульд нь хүргэж өгөхдөө цүнхийг нь хоёр гарт нь бариулаад хэсэг явуулсны дараа гарыг нь шалгаж үзэх хэрэгтэй юм байна. Хэрэв, хоёр гарт нь үүргэвчний ором гарч, улайсан байвал энэ хэмжээгээр хүүхдийн нуруунд ачаалал өгч, цүнх нь хүндэдсэн гэсэн үг аж. Үүнээс гадна хүүхэд "Хүзүү өвдөөд байна" гэвэл "Хүүхэд байж битгий сонин юм яриад бай" хэмээн загнахынхаа оронд эмчид хандахыг санууллаа. Учир нь, хоёр мөрөндөө үргэлж хүнд ачаа үүрч явснаас болж эхний зовиур ийн илэрч байгааг эмч тодотгов.

 

ОЛОН УЛСАД ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСЛЭЛД ТУЛГУУРЛАН ЦҮНХ ҮЙЛДВЭРЛЭДЭГ

 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-аас хүүхдийн биеийн жингийн арван хувиас хэтрэхгүй цүнх үүрүүлэхийг зөвлөдөг. Тиймээс энэхүү зөвлөмжийн дагуу зарим улс орон цүнхний стандартыг аль хэдийнэ мөрдөж, хүүхдүүдийн эрүүл мэндэд анхаарал хандуулж эхэлжээ. Тухайлбал, манай улсын хөрш Орос улс ерөнхий боловсролын сургуулийн сурагч ямар жинтэй цүнх үүрэх ёстойг ангиар нь ялгаж нарийвчлан тогтоожээ. Тодруулбал, I-II ангийнхан 1.5,III-IV ангийнхан хоёр, V-VI ангийнхан 2.5, VII-VIII ангийнхан 3.5 кг, IX-X ангийн сурагчид дөрвөн кг-аас илүүгүй жинтэй цүнх үүрэх ёстой аж. Австрали улсын нуруу нугасны мэргэжлийн багийнхан сургуулийн насныхны үүрдэг цүнхний жин тэдний нас, биеийн жин, өндөрт тохироогүйг тогтоожээ. 

 

Тодруулбал, сургуулийн сурагчдын 80 орчим хувь нь хүнд цүнх үүрдэг, түүнээс болж ядардаг, нуруу өвддөг болохыг тогтоосон байна. Тиймээс тус мэргэжлийн багийнхан сургуулийн бага ангийн хүүхдүүд үүрэх цүнхний стандартыг гаргажээ. Шинэ Зеланд улс хөдөлмөрийн эрүүл мэнд, эргонометрикийн төвийн судалгаагаар сургуулийн сурагчдын 90 орчим хувь нь булчин өвдөх хам шинжтэй бөгөөд тэдний хүзүү, мөр, нуруу, аарцаг нуруу өвддөг болохыг тогтоосон байна. Энэ мэтээр хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа учраас зарим улс орон олон жилийн судалгааны үр дүн, шинжлэх ухааны үндэслэлд тулгуурлан сурагчийн цүнхийг үйлдвэрлэж эхэлжээ. Тухайлбал, Англи, Германд нуруунд хазайлт үүсэхээс урьдчилан сэргийлсэн тэнцвэржүүлэгчтэй цүнхийг албан ёсоор 6ага, дунд ангийн бүх сурагч үүрдэг бол Японд хүнд зүйл хийхэд мөр нуруунд даралт өгдөггүй, усны хамгаалалттай цүнх үйлдвэрлэдэг байна. Тэр ч байтугай тухайн цүнхийг үйлдвэрлэхдээ байгалийн гамшгийг тооцоолсон учраас үерийн үед хөвөгч болж сурагчийн амь насыг хамгаалах үүргийг давхар гүйцэтгэдэг аж. Харин АНУ-д бага ангийн сурагчдыг автомашины осолд өртөхөөс сэргийлэхийн тулд тусгай цацруулагч бүхий материалаар цүнх үйлдвэрлэдэг байна. Энэхүү цүнх нь манан, цасан шуурга зэрэг байгалийн үзэгдэл болон автомашины гэрлийн гялбаанд ч тод харагдаж хүүхдийн амь нас эрсдэхээс сэргийлдэг аж. Мөн Канад, АНУ-ым зарим мужид цас их ордог учраас хүүхэд халтирах, савж унасан тохиолдолд доргилт бууруулдаг цүнх худалдаалдаг байна. Эдгээр улс оронд тогтсон стандартыг баримталдаг тусгай оёдлын газрууд ажилладаг бөгөөд бага, дунд, ахлах ангийн гэсэн гурван төрлөөр сурагчийн цүнх үйлдвэрлэдэг байна. Тэдэнд брозентэн материал, чанаргүй будаг ашиглахгүй байх  шаардлага тавьдаг аж. Тэр ч бүү хэл, цэвэр арьсан цүнх хүнд учраас хүүхдийн биеийн хөгжилд сөргөөр  нөлөөлнө гэж үздэг учраас АНУ, Япон зэрэг улс орон ийм матермал ашиглахыг мөн хоригложээ. Энэ бол тухайн улс орны түүх, хөгжлийн хуудсыг үргэлжлүүлэх хойч үеийнхээ эрүүл мэндэд анхаарал хандуулж, зохих арга хэмжээг авч буй бодит байдал юм. Гэтэл манай улсад энэ асуудал ямар төвшинд байгааг санахад илүүдэхгүй биз ээ. 

 

ХЭМЖЭЭНЭЭС ХЭТЭРСЭН ЖИНТЭЙ ЦҮНХ ҮҮРДЭГ

 

Манай улсын хувьд ямартай ч сурагчдын цүнх тэдний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдгийг судалгаагаар тогтоосон нь эхний алхам юм. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид тэр дундаа дунд, бага ангийнхан ДЭМБ-ын зөвлөдөг хэмжээнээс хэтэрсэн жинтэй цүнх үүрдэг байна. Тодруулбал, Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын цүнх түүний бие махбодод үзүүлэх нелеөг 2016 онд судалжээ. Судалгааны дүнгээр бага ангийн сурагчдын дийлэнх буюу 91.5, дунд ангийн сурагчдын 17.1 хувь нь биеийн жингийн арван хувиас хэтэрсэн жинтэй цүнх үүрч байгаа учраас нуруу, нугалам, хүзүү, мөр нь өвддөг болохыг судалгаагаар тогтоожээ. Тэдний цүнхний жингийн 30 гаруй хувийг сурах бичиг, дэвтэр, бал зэрэг хичээлийн хэрэгсэл, үлдсэнийг нь цүнхний цэвэр жин эзэлдэг аж. Сурагчдын 40 гаруй хувь нь сургуульдаа ирж, буцахдаа алхдаг, 30 гаруй нь автобус, нийтийн тээврийн хэрэгсэл, үлдсэн нь хувийн автомашинаар явдаг байна. Үүнээс харахад манай улсын зургаан настнууд олон улсын жишгээс 2-3 дахин хүнд цүнх үүрч байгааг дахин тодотгоё. Гэхдээ гээндээ ч, гоондоо ч бий гэдэг шиг эцэг, эхчүүд цүнх сонгохдоо алддаг байж болох ч энэ  өөр ямар нэгэн сонголтгүйтэй холбоотой болов уу. Учир нь дээр дурдсанчлан бусад улс оронтой адил манай улс сурагчдын нас, биеийн жин зэрэг онцлог, цаг агаарын нөхцөл байдалд тохирсон цүнх үйлдвэрлэдэггүй. Ихэвчлэн зураг, өнгөнд нь голлон анхаарч, том хэмжээтэй цүнх гаднаас оруулж ирдэг. Тиймээс хүүхдүүд цүнхний зургийг, эцэг эхчүүд ном, дэвтэр багтахыг нь бодолцож сонголт хийдэг байна. Уг нь 25 кг жинтэй хүүхэд гурав, 25-35 кг жинтэй хүүхэд 4.5 кг жинтэй цүнх үүрвэл хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж Мэргэжлийн хяналтын газрынхан үздэг байна. Сурагчдын цүнх болон номын жин, хэмжээ, стандартад анхаарал хандуулах цаг болсныг дээрх судалгаа болон бодит байдал бидэнд сануулсаар байна. Юун түрүүнд ДЭМБ-ын зөвлөмжийг дагах, улмаар өөрийн улсын дагаж мөрдөх стандартыг тогтоох хэрэгтэй. Түүнчлэн цаашид монгол хүүхдийн нас, биеийн жин зэрэг онцлог, цаг агаарын нөхцөлд тохирсон цүнх үйлдвэрлэх нь зүйтэй. Энэ асуудалд салбар яам, багш, эцэг, эх анхаарал хандуулж, олон улсын жишигт нийцүүлэн шийдвэрлэхгүй бол ирээдүйн хөгжлийг бүтээлцэх хүүхдүүд эрдэм ном сурах биш, эрүүл мэндээрээ хохирохвий.

 

С.Юмсүрэн

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин