Сэргэхээ байсан хийморь
2018/06/06
Манай эрчүүд хийморио сэргээх гэдэг лут том ажилтай болоод удаж байна. Шинэ жилийн баяраас эхлээд л жилийн дөрвөн улиралд хийморио сэргээх “ажил” тасралтгүй хийдэг болсон.
Нэгдүгээр сарын 1-ний үүр цүүрээр “Оны хамгийн анхны нарыг харвал хийморь сэргэнэ” гээд л зүүн тийш давхицгаана. Төд удалгүй сар шиний баяраар мөн л “Хаврын тэргүүн сарын шинийн нэгний нар мандахыг харвал аз ирж, хийморь сэргэдэг” гээд л бие биенийгээ дуурайгаад уул, овоонд гараад хэсэг зогсоцгооно. Үүнээсээ хэдхэн сарын дара зуны эхээр бараг л сайн гэсэн бүхэнд хийморио сэргээж байгаа нь гээд аймаг, сум багийнхаа нутагт байх овоо, тахилга, шүтээнийг тахиж байгаа нь гэж хадаг яндар болж, боов боорцогхон хагшай өөд цацалж, бөх барилдуулж, морь уралдуулна.
Овоо, тахилга байхгүй бол хамжиж дэмжиж багаад босгоно. Энэ ажилдаа явахын тулд ажлаасаа чөлөө авч, сарынхаа цалингаар шатахуун, тос хийгээд л зарим нь бүр өр зээл тавьж байгаад явдаг ч гэх. Эхнэр, хүүхнүүд нь ч байгаагаа илүүчлээд чимэг, зүүлтээ ломбардаад явуулсан яриа ч цөөнгүй. Эндээс харвал манай эрчүүдийн хийморь сэргэвэл сэргэхээр, олон удаагийн давтамжаас нь бодвол “аймаар” хийморьтой болохоор авч үгүй бололтой юмаа. Хийморь сэргээх ажил жилийн дөрвөн улирлын турш үргэлжилдэг. Овоо, тахилганы их ажил дөнгөж дуусуут буу шийдвэм болсон эрчүүд хийморио “олох” эрэлд гарцгаадаг.
Өдийд бол уул, овоо тахих ажил эрчимжиж хот, суурингийхан хөдөөг, хөдөөгийн түмэн уул, толгодоо зорьж эхэлж байна. Нэг талаар “Монголд хийморь нь сэргэхээ байчихсан эрчүүд л үлдсэн юм уу” гэж бодогдохоор л олон удаа хийморио сэргээж байгаа харагдах юм.
Эх сурвалж: “Өдрийн сонин”
Зочин · 2018/06/07
yag unen