Өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй Монгол Улсын 0-18 насны бүх хүүхэд хүүхдийн мөнгө болох 20 мянган төгрөгийг сар бүр авах эрхтэй. Ингэхдээ энэ мөнгийг хүний хөгжил сангаас биш зөвхөн улсын төсвөөс олгохоор шийдвэрлэсэн. Харин эдийн засгийн байдал хүнд байгаа энэ үед зорилтот бүлгийн 660 мянган хүүхдэд сар бүр мөнгийг нь бэлнээр шууд өгнө.

Үлдсэн 40 хувьд нь эдийн засаг сайжрахаар буюу 2019 онд нөхөн олгож, тухайн хүүхдийн нэр дээрх данс руу шилжүүлэхээр болсноо Ардын Засгийн газраас мэдэгдэж байлаа.

Гэвч эрх баригчид хэлсэн амандаа хүрсэнгүй. Мэдээж МАН амлалтаа зөрчсөн анхны тохиолдол нь энэ биш. Хэдий тийм ч хүүхдийн мөнгөн дээр ингэж луу унжиж, молиго үмхүүлнэ гэж эцэг, эхчүүд төсөөлөөгүй.

Эдийн засаг сэргэхтэй зэрэгцэн хүүхдийн мөнгөний олголтыг нэмэгдүүлэх санаачилга гарсан ч ОУВС гэх хар мангасыг урдаа барьж, элдэв тайлбар хийсээр 80 хувьд нь олгох шийдвэрийг УИХ-аас баталсан. Ингэхдээ 80 хувьд нь олгох тогтоолын төслийг энэ оны дөрөвдүгээр сард өргөн барьсан тул 1, 2, 3 дугаар сарын мөнгийг нөхөн олгохгүй гэх тайлбартай.

Товчхондоо, нэг хүүхдийн 60 мянга буюу 228 мянга хүүхдийн 13.6 тэрбум төгрөг сураггүй болов. Энэ мөнгийг өнөөх 80 хувь болгон нэмэгдүүлж оруулж ирсэн хүүхдүүдийн мөнгө рүү шилжүүлсэн гэх албан бус мэдээлэл бий. Эдийн засаг сэргэж, хөрөнгө оруулагчдын анхаарал нэмэгдсэн, гадна, дотноос зээл тусламж авсан сайхан мэдээллүүдийг амны уншлага болгосон У.Хүрэлсүхийн Засгийн газрын хүүхдийн мөнгөн дээрх залилан энэ.

Түүнчлэн хүүхдийн мөнгийг 100 хувь олгох боломжтой гэх тайлбарыг өмнөх Засгийн газарт ажиллаж байсан нам нэгт нөхөд нь хэлж байсан. Мэдээж, нэгнийгээ дэгээдсэн тэдний үг дараагийн Засгийн газарт өс санасан, муухай харагдуулах гэсэн улс төр байхыг үгүйсгэхгүй. Гэвч хүүхдийн мөнгийг 100 хувь олгох боомж бийг эдийн засагчид ч хэлдэг.
Тийн атал Засгийн газраас 80 хувь гэдэг 100-аас ялгаагүй хэмээн учирлаж байлаа. Учир нь хүүхдийн мөнгөө огт авдаггүй хэсэг, мөн хэдэн саяар тоологдох хөрөнгөтэй айл гэхчлэн цөөн тооны хүмүүс үлдсэн 20 хувьд хамрагдаж байгаа талаар тайлбарласан юм. Гэвч тэдний тайлбар мөн л мэхлэлт байж.

60 хувьд олгодог байхад өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаагаар 554 оноос доош оноотой айлын хүүхдүүд авдаг байсан. Харин 80 хувь болсноор энэхүү босго оноо 670 болсон. 5 ам бүлтэй айлын ганц нөхөр нь ажил хийдэг, эхнэр нь жирэмсний амралттай, ипотекийн зээлээр орон сууц авсан айл өнөөх 80 хувьд нь хамрагдсангүй. МАН-ын Засгийн газар ардын хүүхдүүдийг алагчлаад зогсохгүй, ард түмнээ мэхлэх боллоо.

niigmiintoli.mn