УИХ-ын гишүүн Х.Болорчулуунтай ярилцлаа.


-Захиргааны ерөнхий хуульд хүмүүс анхаарал хандуулж байна. Захиргааны ерөнхий хуульд заавал нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага байгаа юм уу. Хэрэв уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулбал Засгийн газар хэмжээлшгүй эрхтэй болчих юм биш үү?

-Энэ асуудал хоёр талтай. Захиргааны хэргийн шүүхийг байхгүй болгох алхам хийгдэх гээд байна. Нэг талдаа Захиргааны хэргийн шүүх байснаар захиргааны чиглэлээр мэргэшсэн шүүгчид ажиллана гэсэн сайн тал байгаа. Гэсэн ч нөгөө талдаа Захиргааны хэргийн шүүх маань захиалгын шүүх болчихоод байгаа юм. Тухайлбал, аймагт гуравхан шүүгч байдаг. Тэд эрх мэдэлтэй аймаг, орон нутгийн удирдлагуудтай ямар нэгэн байдлаар холбоотой болчихсон байдаг л даа. Улсын хэмжээнд ч гэсэн ийм зүйл бий. Иргэний журмаараа явбал ямар шүүгч даргын асуудлыг хэлэлцэхэд орох нь тодорхой бус байж байгаад асуудал шийднэ. Хамгийн гол нь аль ч шүүх хараат бус байх ёстой. Гол зарчим энэ.

-Ганц хоёр шүүгчийн асуудлаас болж Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Засгийн газрын ямар ч алдаатай шийдвэрийг хэн ч хэлэлцэхгүй байх энэ зарчим руу орох нь буруу юм биш үү. Цаашлаад Захиргааны шүүхгүй болох хэмжээнд хүрэх нь тэгээд зөв үү. Захиргааны хэргийн шүүхээр хууль бусаар ажлаас халагдсан иргэд, газар, лицензийн маргаан, аймаг, сум, дүүрэг, Засгийн газрын алдаатай шийдвэрийг залруулах боломж юм биш үү?

-Захиргааны хэргийн шүүх татан буугдлаа гэхэд ажлаас халагдсан иргэд, дарга нартай холбоотой маргааныг огт хэлэлцэхгүй гэсэн үг биш. Хөдөлмөрийн хуулийн хүрээнд Иргэний хэргийн шүүхээр явчих бүрэн боломжтой. Гэхдээ Захиргааны хэргийн шүүхийг татан буулгахгүй байлгүй дээ.

Та ганц хоёр шүүгч гэж хэллээ. Тэр ганц хоёр шүүгчээ тодорхой болгох ёстой. Үнэхээр хэн нэгний эрх ашгийн төлөө шийдвэр гаргадаг шүүгч байгаа бол зайлах хэрэгтэй. Дарга нар, албан тушаалтнуудын нөлөөнд ордог тийм шүүгч байгаад яах юм.

-Таны ярьж байгааг сонсоход энэ хуулийн төслийг дэмжих ч юм шиг, дэмжихгүй ч юм шиг ойлгогдоод байна. Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжих үү?

-Дэмжих, үгүйг чуулганы хуралдаанаар хэлэлцээд, санал хураахад харахгүй юу.

-Хаврын чуулган баасан гаригт өндөрлөнө. Хэлэлцэх хууль маш их байна. Хууль бөөндөнө гэдэг нь болох юм биш биз. гишүүд хуулийн төсөлтэйгөө танилцаж амжиж байгаа юм уу?

-Ямар ч байсан хуулийн төслүүдтэйгээ танилцаж байна. Нэг дор олон хууль ингэж орж ирж байгаа нь тийм ч зохистой зүйл биш.

-УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ 60 тэрбумын асуудалтай холбоотойгоор УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардаж байна. Огцрох хүртэл нь чуулганы хуралдаанд суухгүй гээд байгаа. Түүний хувьд Нийтийн сонсгол хийж энэ асуудлыг ярилцах ёстой гээд гарын үсэг цуглуулж яваа юм билээ. Таны байр суурь ямар байгаа бол?

-Би нийтийн сонсгол явуулахыг дэмжиж гарын үсэг зурсан. Нийтийн сонсгол хийхэд юунаас нь айгаад байгаа юм. 60 тэрбумд нэр холбогдсон хүмүүс болон хууль хяналтын байгууллагынхантайгаа хамт сууж байгаад ил тод, нээлттэй ярилцъя л даа. Иргэдээс, Их хурлын гишүүдээс нуугаад байх зүйл байхгүй.

-Нийтийн сонсгол хийхээр хэдэн гишүүн гарын үсэг зурсан бэ. 17 гишүүн гэж яригдаад байсан нэмэгдсэн үү?

-60 тэрбумаар нээлттэй сонсгол явуулахаар гарын үсэг зурсан гишүүдийн тоо 19 хүрсэн байх.

-Нийтийн сонсголоо хаврын чуулганаар хийж амжихгүй байх тийм үү. Ирэх намрын чуулганаар хийх юм уу?

-Нийтийн сонсгол хийх товыг УИХ-ын дарга М.Энхболд гаргана. Өөртэй нь холбоотой асуудлыг хэлэлцэх гэж байгаа. Гэсэн ч товыг Их хурлын дарга өөрөө гаргана л даа.

-Таван толгой төслийн эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх хүрээнд 30 хувийг нь дотоодын болон олон улсын хөрөнгийн биржид арилжаална гэж байна. Тиймээс Таван толгойн асуудал УИХ-аар хэлэлцэгдэж байгаа. Та Таван толгой төслийг дэмжиж байгаа юу?

-Таван толгой дээр IPO гаргаж болно. Гэхдээ олон улсны хөрөнгийн бирж дээр IPO гаргахдаа аль болох нэгж хувьцааныхаа үнийг үнэд хүргэх ёстой. Үүний тулд ажиллах, сурталчлах шаардлагатай. Бэлтгэл ажлаа базаасны дараа бүх зүйл эхлэх хэрэгтэй юм. Тэгэхгүйгээр юугаа ч бэлдээгүй байж хувьцаа гаргаад үнэ өснө гэж байхгүй.

Таван толгой, Оюу толгойг бид олон жил ярьсан. Ярьж, ярьж байгаад хамгийн муу хувилбарыг сонгосны хамгийн том жишээ бол Оюу толгой. Өнөөдөр Монгол Улсад ямар ч ашиггүйгээр л ажиллаж байна. Таван толгой дээр алдах эрх байхгүй. Тал бүрээс нь сайтар ярилц. Зарим гишүүний хэлж байгаа үг хардлага биш. Санамж өгч, сайн ажиллах хэрэгтэй. Таван толгойг хөдөлгөнө, эхлүүлнэ гэж ярьж болохгүй. Таван толгойг бид ашиглаж байгаа. Татварын ашиг нь 700 тэрбум бараг хүрч байна. Татвар төлөлтөөрөө Монгол Улсад хоёрдугаарт ордог аж ахуйн нэгж шүү дээ. 1.5-6 тэрбум ам.доллар гэж үнэлсэн нь бага байна. Яг энэ байдлаараа цааш явна гэвэл хувьцаа гаргах хэрэг байгаа ч юм уу. Хувь гишүүний зүгээс 30 хувьд нь 10 тэрбум ам.доллар асуудалгүй орж ирэх ёстой гэж боддог. Бид өөрсдийнхөө баялгийг үнэд оруулах ёстой. Ялангуяа Таван толгойн орд шиг ийм том орд дэлхийд тун ховор шүү.

-Хаврын чуулганаар баталж амжих юм уу. Бүлэг дээрээ тохиролцсон уу?

-Бүлэг дээр Таван толгой бүлэг ордын асуудлыг хэлэлцье гэдэг л шийдвэр гарсан. Түүнээс биш эцсийн байдлаар Таван толгойг шийдсэн юм байхгүй.

Э.Энхболд

Өдрийн сонин