ИТХ-ын дарга С.Амарсайхан Замын цагдаагийн уулзварын гүүрэн гарц болон Яармагийн шинэ гүүрний ажлыг газар дээр нь шалгаж, гүйцэтгэлийн ажлыг хангалтгүй байна гэж дүгнэн, хүн хүчээ нэмж 24 цагт бүрэн хүчээр ажиллахыг үүрэг болгов.

Замын цагдаагийн газрын уулзварын гүүрэн гарц нь БНХАУ-ын 30 орчим сая долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгө оруулалтаар 1.6 жилийн хугацаанд баригдаж дуусахаар төлөвлөж эхэлсэн бүтээн байгуулалтын ажил юм. Нийт 100 гаруй монгол, 80 БНХАУ-ын иргэн ажиллаж байгаа бөгөөд монголчууд өдрийн найман цагаар, хятад ажилчид 24 цагийн турш ажилладаг байна.

Гүйцэтгэгч компаниуд төлөвлөгөөний дагуу ажил явагдаж байгаа гэсэн хэдий ч өнгөрсөн хугацаанд хийсэн байх ёстой ажлууд цагтаа хийгдээгүй, гүүрэн гарцны ажил удаашралтай, одоогийн байдлаар талбай дээр бүтээн байгуулалтын ажлыг хангалттай хийж эхлээгүй байгаа юм. Жишээлбэл, нийт 98 ширхэг гадсан суурийг 40 метр гүнд өрөмдөх ёстой байтал одоогийн байдлаар 48-ыг өрөмдөөд байна.

Үүний шалтгаан нь үйл ажиллагаанд хэрэглэж байгаа 3 өрөмийн машины 1 нь эвдэрсэн, 2-ыг нь түрээслэж байгаа боловч мөн л байнга эвдэрдэг. Гэхдээ техникийн асуудлаас болоод одоогоор ажиллахгүй байгаа гэхээсээ илүүтэй шугам сүлжээний ажил хийгдэж байгаатай холбоотойгоор хүлээгдэж байгаа гэв.

Энэ үеэр НИТХ-ын дарга С.Амарсайхан “Замын цагдаагийн уулзварын гүүрэн гарцны ажил их удаашралтай байна. Эвдэрсэн, ажилладаггүй өрмийн машины асуудлаа шийдээгүй, зарим туслан гүйцэтгэх компаниудын ажлын хөлсийг нь өгөөгүй, шаардлагатай санхүүжилтийг өөр төсөл хөтөлбөрт зориулсан гэх мэт асуудлууд байна. Тиймээс гэрээг дахин дүгнэх шаардлагатай. Ирэх оны ёсдүгээр сард энэ гүүрэн гарцыг ашиглалтад оруулна гэсэн график гаргаж, түүний дагуу ажил явж байгаа гэсэн ч бодит байдал дээр ажил бүрэн хийгдэхгүй цаг хугацаа алдаж байна" гэлээ.

Өнөөдөр газар дээр нь шалгаад төлөвлөснөөс багадаа 3 сарын өмнө ажлыг дуусгах бүрэн боломж байна гэж дүгнэлээ. Иймд гүүрэн гарцын ажлыг хугацаанаас нь өмнө буюу 3-4 сарын өмнө дуусгах чиглэлээр судалгаа тооцоогоо дахин хийж, танилцуулах үүрэг өглөө. Нийслэлийн иргэдийн хувьд гурван сар битгий хэл гурван минут, секунд ч үнэтэй байна. Замын түгжрээ асуудал нийслэлчүүдийг бухимдуулж байхад зам барилгын гүйцэтгэгч компани бид хугацаандаа багтааж ажлаа хийж л байвал болно гээд цаасан дээр хэдэн сар хоног тавьчихаад асуудалд хойрго хандаж болохгүй гэсэн юм.

Тэрбээр гүүрэн гарц барьж буй гүйцэтгэгч компанийн ажлыг хангалтгүй гэж үзэн, хугацаатай үүрэг даалгавар өгөв. Нэгдүгээрт, долдугаар сарын 7-ны дотор холбогдох албан тушаалтнууд ярилцаж 2019 оны 9-1-ний дотор хүлээлгэж өгнө гэсэн хугацааг 3-4 сараар нааш татаж тавдугаар сард хүлээлгэж өгөхөөр хөтөлбөр графикаа дахин өөрчлөх.

Хоёрдугаарт, хятад талын компани техник технологи, хүн хүч, дадлага туршлагын давуу талтай гэж  ажил гүйцэтгэх гэрээ хийсэн хэрнээ Монголд байгаа өрмийн машин нь л энэ гээд яриад сууж байгаа учраас гэрээний нөхцлийн дагуу түргэн хугацаанд техник технологийн бүрэн бүтэн байдал, чанар стандартыг хангаж ажиллахыг тус компанийн удирдлагуудад даалгалаа. Даалгасан үүргийг түргэн, чанартай гүйцэтгэх, гүйцэтгэллд нь хяналт тавьж ажиллахыг НАЗХГ-ын хяналтын удирдлага, хяналтын инженерүүдэд  хатуу анхаарууллаа.



Мөн дараагаар нь НИТХ-ын дарга С.Амарсайхан Яармагийн шинэ гүүрний ажлын явцтай танилцлаа. Тэрээр “Яармагийн гүүрний гүйцэтгэл чанартай сайн хийгдэж байна. Гэхдээ өндөр үнэ өртгөөр хийж байгаа гүүрний гэрэлтүүлэг нь өнгө үзэмж, чанар стандартын хувьд шаардлага хангахгүй байгаа асуудал байна. Тиймээс гэрэлтүүлгийг дахин өөрчлөн гэрлийн чанар, загвар хийцийг шинэчлэх тал дээр анхаарах ёстой, наадмаас өмнө гүүрний автомашин зорчих хэсгийг хэсэгчлэн нээхээр болж байгаа" гэв.

Яармагийн гүүрийг урьдчилсан байдлаар энэ долоо хоногт багтаан нээх юм. Гүүрний ажлыг бүхэлд нь энэ оны сүүлээр эцсийн байдлаар хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгааг гүйцэтгэгч компанийн удирдлагууд онцлон илэрхийлж байв.

НИТХ-ын ХМОНХТ