​Монголд хаалттай банк нэг биш нэлээн хэд бий. Үйл ажиллагааных нь цар хүрээ хязгаарлагдмал, хөрөн­гө оруулагчдынх нь тухай мэдээлэл хомс гэх мэт.

Тэд­гээрийн нэг нь Улаанбаа­тар банк. Улаанбаа­тар­чуу­дын хөрөн­гөөр үүд хаалгыг нь нээж, хотын хөгжлийг дэмнэж, дээш­лүүлэх үүрэг­тэй бай­гуу­лагдсан цаг нь 1998 он. Энэ үед төр, хувийн эзэмшлийн эзэм­ших хувь хэм­жээ эн тэн­цүү тавин хувьтай бай­сан. Ха­рин удаа дараа­гийн дүр­мийн сан нэмэх албан үүрэгтэй хол­боо­той­гоор улаан­баа­тар­чуу­дын хөрөн­гөөр байгуудагдсан “Улаанбаатар сан” ердөө хорин хувьтай үлдсэн нь сонин. Монголбанк арилжаа­ны банкны оршин тогтнох баталгааг хан­гах, цаашлаад зээлжих чадва­рыг нь нэмэх зорилгоор дүр­мийн санг нэмэх шийдвэрийг удаа дараа гар­гасан нь үнэн.

Харин энэ шийдвэрийг өөрсдөдөө ашигтайгаар эргүүлж, бүхэл бүтэн улаанбаатарчуудын хөрөнгөөр босгосон банкийг хялбар аргаар өөрийн болгох бизнес төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлсэн банкир бол Д.Эрдэнэбилэг. Тэрбээр Улаанбаатар банкны хамгийн том хувь эзэмшигч бөгөөд улсын хөрөнгийг өчүүхэн бага зардлаар өөрийн болгогч Ардчилсан намын санхүүжүүлэгчдийн нэг. Түүнчлэн олны өмнө ил гарч, өөрийгөө таниулахаас татгалздаг нууцлаг эр. Харин түүний машинуудыг бол Улаанбаатар банкны хашаанаас олон нийт үзмэр үзэж байгаа мэт харж сонжих нь бий. Тийм ч учраас Улаанбаатар банкны хувьчлал өөр шиг нь нууцлаг явагдах уу, аль эсвэл унадаг машин шиг нь ил тод байх уу гэдэг нь эргэлзмээр.

Төлөвлөгөө ёсоор бол Улаанбаатар банкийг энэ онд хувьчил­на. Ингэхдээ 50 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгөтэй банкийг хувьч­лах аж ахуйн нэгжийн жаг­саалтад гурван тэрбумаар оруулж ирсэн байгаа. Үүнийгээ хол­богдох албаны хүмүүс нь “Энэ бол зөвхөн бүртгэлийн үнэ. Өмч хувьчлалын үеэр яаж ч өсч болно” гэж тайлбарлаж буй. Угтаа улсын хөрөнгийг хувьчлах гэж байгаа бол анхнаасаа босго үнийг нь өндрөөр тогтоох замаар үнэгүйдүүлэх арга залиас ангижруулах учиртай. Гэтэл өнөөдрийн нөхцөл байдалд НИТХ-аас үл ойлгогдох тогтоол баталчихаад сууж буй. Үүгээр ч зогсохгүй тус банкаас салбарлаж үйл ажиллагаа явуулах болсон “Улаанбаатар даатгал” ХХК-д гэхэд “Улаанбаатар сан” анхандаа 40 хувийг эзэмшиж байсан. Гэтэл хөрөнгө оруулалт оруулаагүй гэдэг шалтгаанаар өнөөдөр ердөө хоёр­хон хувьтай үлдсэн. Энэ нь нөгөө л бодит үр дүн дээр суурилсан бодит луйврын үлгэр жишээ. Учир нь үе, үеийн нийслэлийн удирдла­гууд Улаанбаатар хотын банкийг зохиомлоор Д.Эрдэнэбилэгт үл­дээхийн тулд хөрөнгө оруулахаас тат­галзаж, үйл ажиллагааг нь дэмжээгүй байж болох. Цаашлаад сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Улаанбаатар банкнаас нэг ч төгрөгийн ноогдол ашиг аваагүй гэж байгаа. Үүнийг нь арилжааны банкуудын дүрмийн сангийн нэмэгдэлтэй холбон тайлбарлах нь бий. Тэгвэл эндээс “Улаанбаатар сан” өөрсдийн ноогдол ашгаа дүрмийн сандаа нэмэрлэж ирсэн юм бол яагаад хувь эзэмшил нь 20 хувь рүү ортлоо буурав гэдэг асуулт гарч ирнэ. Үүнд Улаанбаатар банкны хөрөнгө оруулаг­чид өнөөдрийг хүртэл тодорхой тайлбар хийгээгүй бөгөөд цаашид ч хийхгүй байж мэднэ. Иймд Улаанбаатар банкийг тойрсон маргаан ил болохгүй байсаар хувьчлагдахыг үгүйсгэх аргагүй. Нийслэлийн өмчийн харилцааны газрын орлогч дарга Т.Батдорж энэ талаар “Улаанбаатар хотын банк ашигтай ажиллаж байгаа ч дүрмийн санг нь нэмэгдүүлж чадахгүй байгаа учраас хувьцааг нь үнэ цэнэтэй байгаа дээр зарах хэрэгтэй” гэх тайлбарыг хэвлэл, мэдээллийнхэн болоод НИТХ-ын гишүүдэд хийж байсан. Өнгөрсөн хугацаанд яг ийм дүгнэлттэйгээр төрийн өмч үнэгүйдэж, бизнес эрхлэгчдийн халаасыг зузаатгасан жишээ Монголд олон. Тэр дун­даа ардчилагчид төр барьж байх хугацаандаа Монголын бүхий л үнэ цэнэтэй гэсэн үйлдвэрийг өөрсдөдөө хувьчилж, тэр нь дор бүрнээ үнэгүйдүүлэх замаар хэрэгжсэн нь бий. Өнөөдөр тэр жишээ давтагдаж, 50 тэрбум төг­рөгийн хөрөнгөтэй Улаанбаатар банкийг гурван тэрбумаар үнэлж, түүнийгээ цөөхөн тэрбумаар өс­гөж хувьчлах үүд хаалга нээгдлээ. Энэ бол тэдний арга заль. Яаж ч бодсон нэг банкийг хуваан эзэмшиж буй хамтрагчдын бизнес эрхлэгчийнх нь хөрөнгө өсөөд хувь нь нэмэгдээд байдаг хэрнээ төрийн мэдлийнх нь хувь багасаад, орлого нь буурдаг нь өөрөө гахширмаар. Үүнд нь үе үеийн хотын удирдлагуудаас тайлбар авч болох бөгөөд тэд төрийн мэдлийн хувийг бууруулах сонирхлоор үйл ажиллагаагаа хязгаарласан байж болох. Иймд Улаанбаатар банкийг хувьчлахаасаа урьтаад цаана нь үлдсэн нууцыг нээн илрүүлэхийн тулд хууль, хяналтын байгууллага нь зохион байгуулалттайгаар үйл ажиллагаагаа тийш нь чиглүүлэхэд буруудах юун. Хамгийн сонир­холтой нь Улаанбаатар банкны хувь эзэмшигчдэд болгомж олгох өр төлөөс нь Ардчилсан намын­ханд энэ удаагийн хувьчлалаар дуусахгүй бололтой юм билээ. Улаанбаатар хотын “А” зэрэглэлд авч үлдсэн газраа тэдэнд зарж байгаа-гаас бодоход шүү дээ. Энэ талаарх мэдээлэл үр­гэлжлэх болно. НИТХ-д уур­лаж, учирлан байж ордон барих газар авч үлдсэн Нийгмийн хам­гаа­лал, хөдөлмөрийн дэд сайд асан Д.Ням­хүү нарын хүмүүс намынхаа удирд­лагад гомдох л байх даа.