Сүүлийн жилүүдэд манай улсад гэр бүл салалтын тоон үзүүлэлт нэлээд өндөр хувьтай болсон нь нүдээр харах хэн нэгэнд ч илхэн харагдаж байгаа асуудал болоод байна.

Гэр бүл салалтын уршигаар олон мянган айл өрх тарж бутран хичнээн олон хүүхэд эцэг эхгүй өсч байгаа нь харамсмаар. Жишээ нь 2016 онд л гэхэд 18 мянга гаруй гэр бүл салж, 13400 хүүхэд өнчирч хоцрон айл гэр болж тоглосон залуусын нэг ёсондоо хохирогч болоод байна гэхэд буруудахгүй. 

Монгол Улсын хэмжээнд тухайн тоо баримтаар өдөрт 10 гэр бүл гэрлэлтээ цуцлуулж, 40 хос гэрлэлтээ бүртгүүлдэг. Гэрлэлтээ бүртгүүлж буй нас 20-29 насныхан 72 хувийг эзэлж байна. Цуцлалтын тоо энэ байдлаар үргэлжлэх бол өдөрт гэр бүлээ батлуулж буй 40 хосын 10 нь салах эрсдэлтэйг тоо баримт сануулж байна.

Гэр бүл салалтын шалтгааныг маш олон талаас тайлбарладаг. Хэт залуудаа гэрлэх нь салах магадлалтай ч гэж үздэг.

Гэр бүл салалтын сэдэл: Гэрлэлтээ цуцлуулагсдын өөрсдийнх нь хэлж байгаа субьектив үзэл бодол.
 
Гэр бүл салалтын шалтгаан: Гэр бүл салах шалтгааныг объектив болон субьектив хүчин зүйлд хувааж болно.        
 
Объектив хүчин зүйл: 

- Эдийн засгийн нөхцөл

- Амьжиргааны доогуур түвшин

- Орон байрны хангамж хэрэгцээ муу

- Холимог гэр бүл олшрох

- Гэр бүлийг төрөөс дэмжих дэмжлэг сул

- Архидалт өндөр зэрэг орно.
 
Субъектив хүчин зүйл: 

- Гэр бүлийн сэтгэл санаа, ашиг сонирхол

- Хайр дурлал

- Нэр төр

- Гэр бүлийн дотоод эв нэгдэл суларсан

- Гэр бүлийн гишүүд харилцан сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэхгүй байх

- Үзэл бодол үл тохирох

- Залуу үеийг гэр бүлийн амьдралд бэлдэж чадаагүй зэрэг орно.
 
Гэр бүл салалт хүүхдэд нөлөөлөх нь 

Гэр бүл салалт бол зөвхөн нэг болоод өнгөрөх үзэгдэл, үйл явдал биш. Энэ нь гэр бүлийн цаашдын амьдралд гүн гүнзгий сүүдрээ тусган үлдээдэг.

Судалгаанаас үзэхэд салалтын дараах урт хугацааны нөлөөлөл нь охидоос илүү хөвгүүдэд илүүтэй тусдаг байна. Салалтын дараа эцэг охин хоёрын харилцаа нь эцэг хүүгийнхээс харьцангуй илүү тогтвортой байгаа нь ажиглагддаг. Нэгэн судалгаанаас үзэхэд ийм гэр бүлийн охид илүү хөнгөн хуумгай, бэлэвсэн эхнэрийн өрх гэрт өссөн охид золбоо муутай, аливаа зүйлд уруу татагдаж, өртөмтхий болдог талтай байдаг ажээ.

С.Отгон