“Эрдэнэт хурд-2018” төвийн бүсийн хурдан морины уралдаан, даншиг наадамд улс, аймгийн алдарт цолтой 128 бөх барилдсанаас Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат, “Увс нуур” дэвжээ, “Сүлд” спорт хорооны бөх Улсын заан Нэгдэлийн Жаргалбаяр түрүүлж, Ховд аймгийн Зэрэг сумын харъяат “Монтел” констракшн, “Алдар” спорт хорооны бөх, Улсын харцага Баярхүүгийн Бат-Өлзий үзүүрлэж, Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат “Хантайшир” дэвжээний бөх, Монгол улсын Гарьд Жанцангийн Бат-Эрдэнэ, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харъяат, “Хонгор нутаг” дэвжээ, “Алдар” спорт хороо, “Эрин” группын бөх аймгийн Хурц арслан Болдын Эрдэнэхүү нар шөвгөрөв. “Эрдэнэт хурд-2018” төвийн бүсийн хурдан морины уралдаан, даншиг наадмын үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн Улсын заан Н.Жаргалбаярын аав болох Монгол улсын начин Довчингийн Нэгдэл нь тухайн үедээ Эрдэнэт хотын наадамд гурван удаа түрүүлж байсан түүхтэй. 

     Азарганы уралдаанд нутаг нутгийн 80 гаруй хурдан азарга 22 километрийн зайд уралдсанаас Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харъяат Монгол улсын алдарт уяач  Түвдэнжаажидын Батзоригийн цавьдар азарга түрүүлж, Төв аймгийн Баян сумын уугуул, Монгол улсын алдарт уяач Э.Анарын бор халзан азарга аман хүзүүдэж унасан хүүхэд, уясан эзэн, хурсан олон наадамчдаа баясгалаа. Харин адуу адууны эрмэг нь болсон Соёолон насны морьдын уралдаанд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, Монгол улсын тод манлай уяач Төмөрбаатарын Галбадрахын хонгор халзан соёлон түрүүлж, Завхан аймгийн Завханмандал сумын уугуул, аймгийн алдарт уяач Цэрэндоржийн Мөнххуягийн цавьдар соёолон аман хүзүүдлээ. Их насны морьдын уралдаанд эх орны дөрвөн зүг, найман зовхисоос цугласан шигшмэл хурдан хүлгүүд тоосоо өргөж Төв аймгийн Батсүмбэр сумын уяач Б.Саянсанаагийн хээр морь түрүүлж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Эрдэнэт хурд” гал, аймгийн алдарт уяач Л.Отгонтэнгэрийн бор морь аман хүзүүдэв. Хязаалан насны морьдын уралдаан Хүрэн шандын хөндийд тоосоо өргөхөд Төв аймгийн Баян сумын уугуул Б.Нямжавын хээр үрээ түрүүлж, Улаанбаатар хотын харъяат, уяач Т.Энхмөнхийн хар үрээ аман хүзүүдлээ. Шүдлэн насны морьдын уралдаанд Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул, аймгийн алдарт уяач  Б.Ганзоригийн хээр үрээ түрүүлж, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уугуул Н.Мөнхбатын цавьдар шүдлэн удааллаа. Хурдан дааганы уралдаанд Өмнөговь аймгийн Хүрмэн сумын уугуул, Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн захирал, Монгол улсын алдарт уяач, Хоохорын Бадамсүрэнгийн хээр даага түрүүлэн ирж уясан эзэн, унасан хүүхэд, хурсан олноо баярлууллаа. Үндэсний сурын эрэгтэй харваанд Хангарьд спорт злубын харваач, Монгол улсын Үндэсний сурын дархан мэргэн Шагжсүрэнгийн Даваахүү 39 оноотой тэргүүлж, “Хангарьд” спорт клубын харваач, даяар дуурсах мэргэн Лхамжавын Отгонбаяр дэд байрыг эзлэв. Үндэсний сурын эмэгтэй харваанд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын уугуул, “Мон-Дэ” компанийн харваач, Монгол улсын мэргэн Бадам-Очирын Пунсалдулам түрүүлж, “Хангарьд” клубын харваач Эрдэнэбатын Заяа удааллаа.

             

Фото: Б.Баттөгс