Өнгөрсөн өдрүүдэд манай улсын зам, тээврийн салбарт болж өнгөрсөн бараан үйл явдлуудаас харахад энэ салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх гарц, гаргалгааг зөв тодорхойлох шаардлагатай байгааг анхааруулж байна.

Байгалийн давагдашгүй хүчин зүйл болох хүчтэй аадар борооны улмаас төмөр зам эвдэрч осол гарсан болон Зам тээврийн хөгжлийн яамны хэлтсийн дарга нар ажлын байран дээрээ архидан согтуурч, албан тушаалаас болж маргалдсанаас үүдэн нэгнээ хөнөөсөн зэрэг аймшигт үйл явдлууд болсны дараа томилгоо хийгдэж эхэллээ. Энэ бүхнээс харахад тус салбарын боловсон хүчний асуудлыг эрх барьж байгаа нам доторх фракцаас шийдвэрлэж байгаа нь тодорхой гэдэг нь улам ойлгомжтой болж байх шиг.

Үүнийг дурдаж онцолж бичихийн цаад учир "Чоно борооноор" гэдэг шиг энэ аадар борооноос үүдсэн үйл явцыг далимдуулан Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар УБТЗ-ын тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Л.Халтарыг улс төрийн намын шийдвэрээр дэвшүүлж, 2018-8-15-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар албан тушаалд нь томилсон байх юм.

Монгол Улсын Засгийн газар нь Орос-Монголын хамтарсан Удирдах зөвлөлөөс томилсон орлогч даргыг Дэд сайдаар томилж байгаа нь УБТЗ ХНН-ийн эрхэд халдаж байгаа хэрэг биш гэж үү гэдэг асуулт эндээс гарч ирж байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг бэхжүүлэхийн төлөө ихээхэн анхаарал тавьж ажиллах ёстой" гэснээр Зам тээврийн хөгжлийн яамыг удирдаж байгаа Сайд, Дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, холбогдох газрын дарга нарыг өнөөдрөөс үүрэгт ажлаас нь ёс зүйн хариуцлага тооцож, ажлын алдаа дутагдал гаргасан үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлж буйгаа өөрийн биеэр мэдэгдсэн.

Гэтэл сахилга дэг журмын асуудпыг шийдэх зарчмын шийдвэрээ гаргасан Засгийн газрын тэргүүний мэдэгдэлтэй зэрэгцэн Зам, тээврийн яамны Дэд сайдаар төмөр замын салбарын Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Л.Халтарыг томилж байгаа нь харин ч албан тушаал дэвшүүлж, Засгийн газрын хуралдаанаар түүнийг оруулахдаа шууд хариуцаж байсан ажлыг нь мэдэн будилж, УБТЗ-ын Нийгмийн асуудал хариуцсан орлогч байсан мэтээр танилцуулж "зөөллөж" оруулж ирж, Дэд сайдаар томилсон нь агуулга, логикийн хувьд ойлгомжгүй "сигнал" болж олон нийтэд түгээд байна.

Энэ асуудлыг тойрч, сошиал орчинд үзэл бодлоо илэрхийлж, Төмөр замын салбарт удаа дараа осол болсны дараа орлогчийг Дэд сайд болгох нь зөв зүйтэй эсэх талаар "саяхан болсон ослын хэрэгт Л .Халтар дарга хариуцлага хүлээхгүй юм уу", "төмөр замыг нэлээд самарсан хүн одоо авто, нисэх, усан замуудад ээ дээ...", урьд нь"Цог" байсныг "Саарал.." болголоо, хэзээ цагаан болох вэ?" гэх мэтээр нийтэлж байгааг бодууштай.

Одоо зам, тээврийн салбарыг толгойлох сайдад Ж.Энхбаяр, Л.Оюун-Эрдэнэ нар нэр дэвших сураг таамаг гарч байгаа нь Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын төвшинд шийдвэрлэсэн улсын хэмжээний төмөр замын бүтээн байгуулалтуудыг хэрхэн яаж хэрэгжүүлэх бол?

Салбарыг удирдах чадварлаг боловсон хүчин биш, харин нам доторх бүлэглэл өөрсдийн хүнээ хэрэгцээтэй газрууддаа томилж байгааг энгийн иргэд яаж хүлээж авах вэ?

Төмөр замыг "Вант улс" гэж өөрсдийгөө хөөргөж байдаг газар удаа дараа осол болсны дараа УБТЗ-ын тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч даргыг Зам, тээврийн салбарын Дэд сайд болгосныг Орос ах нар маань яаж хүлээж авах бол...?

 

Б.ДОРЖ 

сонин.мн