Сансрын нисэгч болох хувь хүн бүрт тохиохгүй. Тэгэхээр хүн төрөлхтний мөрөөдлийг биелүүлэн сансарт ниссэн тэд тун азтай. Нөгөө талаар сансарт нисэх нь багагүй эрсдэлтэй. Дайнд явахтай адилтгаж хэлсэн нь бий. Мөн эрүүл мэндээрээ дэнчин тавьдаг зоригтой хүмүүс гэдэг. Олон улсын шинжээчдийн гаргасан хамгийн хүнд хэцүү, аюултай мэргэжлийн жагсаалтын тэргүүнд сансрын нисэгч багтдаг.

Тэгэхээр тэд бол гарамгай гавьяатай баатар. Энгэрт нь гялалзах тэмдэг, одонгоороо бус, агуу үйлсээрээ, эр зоригоороо тэд шилэгдсэн баатрууд. 2018 оны гуравдугаар сард гаргасан статистикаас үзвэл дэлхийн хэмжээнд 565 хүн сансарт ниссэнээс 60 нь эмэгтэй. Дэлхийн тойрог замаар даялан, ажилласан тэдгээр хүний дунд Монголын цор ганц сансрын нисэгч Ж.Гүррагчаа багтсан гэхээр бахархахаас аргагүй.

Үүнээс гадна нэг нисэгчийн ард өөр нэгэн баатар байдаг. Тэд бол орлон нисэгч бөгөөд сансарт ниссэнээсээ дутахгүй баатарлаг. Магадгүй илүү мундаг. Яагаад гэвэл, нислэгийн өмнө хэдхэн хормын дотор л тэдний хэнийг нисгэхийг шийдэж, сонгодог. Энэ бол сэтгэл зүйн асар хат шаардсан мөч. Ингээд сонгогдсон нь баярлан нисэж, үлдсэнийх нь сэтгэлд ёстой л “дайн” болдог буй за. Тийм айхтар цохилтыг тэсээд үлддэг учраас орлон нисэгчдийг илүү гэж хэлнэ.

Өнгөрсөн 57 жилийн хугацаанд сансрын уудмыг эзэмших үйлсэд гар бие оролцож байгаад газар дээрээ бүр тодруулбал, хөлөг хөөрөх, буух үед осолдож амьсгал хураасан нисэгч 170, нислэгийн талбайд үүргээ гүйцэтгэж байгаад амиа алдсан инженер, техникийн ажилтан 180 бий аж.

Сансарт сонин, хачин явдал болдог талаар тэнд зорчсон хүмүүс дурссан байдаг. Нисэгчидтэй тохиолдсон хачирхалтай, бас хөгжилтэй явдлуудын талаар өөрсдийнх нь ярьснаар хүргэе.

 

Screen-Shot-2018-07-06-at-3_23_56-PM-800x656 Дэлхийн баатруудын “тэнэглэл”

САНСРЫН “КОНТРАБАНД”

1965 оны гуравдугаар сарын 23-нд дэлхийгээс хөөргөсөн Америкийн “Жемини-3” бол жолоодлоготой сансрын хөлөг гэдгээрээ анхдагч, дэлхийн тойрог замд мөн л анх шилжилт, эргэлт хийсэн гэхчлэн онцлох зүйл олонтой. Үүнээс гадна сансрын уудмыг эзэмших их түүхэн дэх “контрабандын хэргээрээ” тэд алдартай. Ийм тохиолдол үүнээс өөр гараагүй.

Багийн гишүүн, нисэгч Жон Янг үхрийн махан хавчуургатай сэндвич авч явсан нь тухайн үедээ чанд хориотой зүйл байсан юм. Сансрын нисэгчдэд зориулсан тусгай савлагаатай хоолонд дургүй тэрбээр нууцаар авч орсон сэндвичээ нислэгийн үеэр гаргаж, хөлгийн ахмад Виржил Гриссомдоо харуулж, “гайхуулчихаад” шуналтай нь аргагүй том хазжээ.

Тэгтэл нөгөөх тасарсан хэсэг сэндвич ходоод руу нь биш, хөлгийн дотор “аялж” гарчээ. Жингүйдлийн нөхцөлд тийм хоол идэх боломжгүйг ойлгосон тэрбээр “эд мөрийн баримтаа” халааслаад, буцсан гэдэг. Энэ талаар мэдсэн хэвлэл мэдээллийнхэн нэлээд сөрөг хандлагатай зүйлс бичиж, бөөн шуугиан дэгдээсэн бол НАСА-гийн удирдлага харин тун тайван хүлээн авч, сахилгагүй Жон Янгийн сансрын нисэгчийн эрхийг хасаагүй юм.

Сансарт хориотой бараа анх тээвэрлэсэн тэр нөхөр энэ нислэгээс хойш “Аполлон-10”-ын багийн гишүүнээр сонгогдсон түүхтэй.

 

274771-alexfas01 Дэлхийн баатруудын “тэнэглэл”

АНДУУРСАН НЬ

Сансрын нисэгч бол 15 давхар байшингийн дайтай том тэсрэх бөмбөг доторх давчуухан бүхээгт суугаад гайхамшигт үйл явдлыг бодитоор мэдэрдэг хүн гэсэн хошин яриа байдаг аж. Ганц л буруу үйлдэл хийвэл амиа алдах эрсдэлтэй учраас хөлгийг тэсрэх бөмбөгтэй зүйрлэсэн хэрэг.

Тиймээс “бөмбөг”-ийг осолдуулахгүйн тулд сансрын нисэгчид уйгагүй бэлтгэл хийж, хаана юу байгаа, тэдгээрийг хэрхэн ажиллуулах, ослын үед яах ёстой гэхчлэн өвч бэлтгэдэг. Хүн л юм хойно сансрын нисэгчид андуурч, эндүүрдэг аж. Гэхдээ тийм тохиолдол бараг гардаггүй. Нэг л буруу хөдөлгөөн амийг нь авч одох учраас мэдээж няхуур байгаа. Гэхдээ л нэг ийм айхтар андуурал болжээ.

Сансарт ниссэн хоёр дахь, дэлхийн тойрог замд хамгийн урт хугацаанд байсан анхны, бас сансрын хамгийн залуу (26 нас) нисэгч болсон Герман Титов бэлтгэл сургуулилалтынхаа үеэр нэг удаа удирдлага болон шүхрийн татлагыг андуурч татсан гэнэ. Сансарт хэрэв тэгсэн бол шууд сүйрэх байжээ.

 

7-s65-61859a Дэлхийн баатруудын “тэнэглэл”

САР ХҮРЭХ ЗАМД

1965 оны арванхоёрдугаар сард хөөргөсөн Америкийн “Жемини-7” хөлгийнхөн сарыг зорин нисэх замдаа нэлээд “онигоотой” явжээ. Фрэнк Борман, Жеймс Ловелл нар аяллын туршид шээсээ цуглуулах даалгавартай байв. Гэхдээ тэд шингэнээ хуримтуулах ёстой уутаа зохих “газартаа” барьж чадаагүйн улмаас олон удаа гадуур нь “авчихжээ”.

Хөлгийн бүхээгийн талбай 2.55 шоо метр. Тэнд 13 хоног, 19 цаг болохдоо тэд ийм “алдаа” нэлээд гаргаснаас болж бүхээгт хөвөх “усан” дуслууд нэмэгдсээр байжээ. Сансарт “жорлонд” амьдарсан талаараа тэд хожим бөөн инээд наргиантай хууч дэлгэсэн байна.

“Аполлон-10” хөлгийнхөн мөн л дэлхийн дагуул хүртлээ нэлээд “асуудалтай” тулгарчээ. Хөлөгт юу болсныг багийн гишүүн Томас Стаффорд, Жон Янг буюу нөгөөх “хулгайн бараа” зөөгч, Южин Сернан нарын яриа илтгэнэ. Зургаа хоногийн нислэгийн үеэрээ тэд юун тухай ярьж, хөөрөлдсөн нь цаг, минуттайгаа бичигдэн, Нислэгийг удирдах төвийн төхөөрөмжид хадгалагджээ. Ярианууд дундаас хамгийн “хурцыг” нь дэлгэе.

Т.Стаффорд: -Хэн ийм юм хийчихэв ээ?

Ж.Янг: -Хэн яасан гэж?

Ю.Сернан: -Юу гэнэ ээ?

Т.С: -Хэн ингэдэг байна аа. (Инээдээ барьж дийлсэнгүй)

Ж.Я: -Энэ одоо хаанаас гараад ирэв ээ?

Т.С: -Хурдлаарай, надад цаас аваад өгөөч. Энд б…с хөвөөд байна.

Ж.Я: -Би л лав тэгээгүй шүү, Энэ минийх биш.

Ю.С: -Наадах чинь минийх биш гэж бодож байна шүү.

Т.С: -Минийх бол их л наалдамхай байх ёстой… Алив энийг хаяадахаач. Ээ, бурхан минь.

(Тэд сансарт уйдаагүй бололтой бөөн инээдэм болов).

Нислэгийн туршид амны зугаа болсон ийм явдал дахин давтагдаагүй гэнэ.

Сансрын уудмыг эзэмших эхний он жилүүдтэй харьцуулахад орчин цагийн хөлгийн тохижилт, бие засах “арга технологи” нэлээд боловсронгуй болжээ.

Дээрх гурвын паян үүгээр дуусахгүй. Хөлгийн инженер Ю.Сернаны зүрхний цохилт нэг удаа минутад 129 болж нэлээд хэдэн минут сандаргажээ. “Аполлон-10”-ын удирдлагын самбарыг хянах үүрэгтэй хүн нь тийм байхад хөлөг нэг хэсэг “эзэнгүй” явсан гэж болно. Тэр үед нөгөөх хоёр нь сандарсандаа хараалыг ёстой нэг урсгаж өгсөн нь мөн л бичигдсэн байна.

 

pic_88 Дэлхийн баатруудын “тэнэглэл”

“БИД ЯГ ДЭЭРЭЭС, САНСРААС БУУЖ ИРЛЭЭ”

Цаг агаар, хөлгийн техникийн байдал, агаарын даралт зэргээс шалтгаалан сансрын хөлгийн буугч аппарат товлосноос тэс өөр газарт буух, “төөрөх” нь энгийн л үзэгдэл. Буугч төхөөрөмжийг хөлгөөс салгах явцад өчүүхэн төдий алдаа гарвал бүгд хумхын тоос болох эрсдэлтэй.

Сансрын хөлгийн гурван хэсгийн нэг болох буугч төхөөрөмжийг нөгөө хоёрынх нь голд байрлуулаад тусгай боолтуудаар бэхэлдэг. Сансрын хөлөг гурван хэсэг болон салж, буугч төхөөрөмж газардана гэсэн үг. Энэ үйл явц үнэхээр сүрдмээр, эрсдэлтэй. Энэ талаар Ж.Гүррагчаа баатар манай сонинд өгсөн ярилцлагадаа дурссан нь бий.

Тэгвэл 2008 онд сансраас эх дэлхийдээ эргэн ирсэн “Союз ТМА-11” хөлгийн багийн гишүүн ОХУ-ын нисэгч Юрий Маленченко, АНУ-ын эмэгтэй нисэгч Пегги Уитсон, БНСУ-ын И Со Ён нарт ийм явдал тохиолджээ.

Дэлхийн агаар мандалд орж ирсэн “Союз ТМА-11” хөлгийн буугч аппарат салахгүй уджээ. Техникийн асуудлаас болж тэд ослын үед хэрэглэх зориулалттай завиар буухдаа товлосон газраас 420 км алсад газардсан байна. Газардсаны дараа гал авалцжээ. Хөлгийн ахмад Ю.Маленченко хагас жилийн турш сансарт жингүйдлийн орчин ажиллаад дэлхийд буусан учраас хөдлөх тэнхээгүй болсон байж.

Энэ үеэр азаар тэр хавьд хоёр казах эрэгтэй явж таарсан байна. Шүхэртэй зүйл бууж, бөөн утаа маналзахыг хараад ирсэн тэдний нэг нь “Та нар хаанаас гараад ирэв” гэж асуужээ. Хөлгийн ахмад Юрий “Бид яг дээрээс, сансраас бууж ирлээ” хэмээн тун ойлгомжтой хэдэнтээ тайбарлахад нөгөөх хоёр нэг их сонирхсон шинжгүй “За тэр яах вэ, та нарын завины цаана юу байгаа юм бэ. Хаанаас ийм завь авав” гэж асуусан гэнэ.

Тэд сансрын хөлгийн талаар ямар ч ойлголтгүй, бас огт сонирхохгүй байгаа нь илт байж. Тэгсэн ч багийнханд тусалж, буугч төхөөрөмжөөс гаргажээ. Тэднээс дотор байгаа радио холбооны хэрэгсэл авч өгөхийг хүсэхэд “Асуудал байхгүй ээ” хэмээн дахин туслаад “сансрын гийчдийн” завийг нэгжиж, таарсан болгоноо халаасалж эхлэхэд Юрий зогсоох тэнхээ байсангүй. Ингэж байтал ашгүй “Союз ТМА-11” хөлгийнхнийг эрэн хайх багийнхан олж ирснээр казах эрчүүд “танхайрахаа” больсон аж.

Эх сурвалж: 

today-1 Дэлхийн баатруудын “тэнэглэл”