Хүүхүүд цахим тоглоомод донтох, цахим гэмт хэрэгт өртөх тохиолдол эрс ихэссэнийг мэргэжлийн байгууллагууд онцолдог.

Тэгвэл хүүхдийг энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэдний эрүүл мэндийг хамгаалах, хичээл сурлагад нь анхаарал хандуулах зорилгоор Засгийн газраас хичээлийн цагаар ухаалаг утасны хэрэглээг хязгаарлах тогтоол гаргасан нь “нүдээ олсон” шийдвэр байв. Уг тогтоолыг өнгөрсөн сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд тогтоолын хэрэгжилт ямар байгааг сурвалжиллаа. Ингэхдээ ерөнхий боловсролын сургуулиудаас төлөөлөл болгож Д.Сүхбаатарын нэрэмжит II сургууль болон Монгол III сургуулийг сонгов.

II сургуулийн хашаанд орсон бол утсаа унтраах эсвэл дууг нь хаана

Д.Сүхбаатарын нэрэмжит II сургуульд очиход хичээлийн их завсарлагааны үе таарлаа. Сургуулийн гадна хүүхдүүд хөөцөлдөн тоглож, ахлах ангийнхан нь бөөгнөрөн хааяадаа чанга инээлдэн цагийг өнгөрөөнө. Харин бага ангийнхан гүйлдэж, дэггүйтнэ.

Хэдийгээр тэнд үймээн шуугиан ихтэй байсан ч нэг ч хүүхэд ухаалаг утас барьж харагдсангүй. Энэ үеэр тус сургуулийн Дотоод хяналтын менежер Л.Батбуянгаас тогтоолын хэрэгжилтийн талаар тодруулахад, “Манай сургуулийн хувьд Засгийн газрын тогтоолыг сайн хэрэгжүүлж байгаа. Сурагчид сургуулийн хашаан дотор орж ирээд л гар утсаа унтраадаг болсон. Ангидаа орохдоо утсаа багшдаа хураалгадаг. Багш нь шүүгээндээ хийж цоожлоод хичээл тарахад буцааж өгч байна. Энэ нь ихэнх ангиудад бүрэн хэвшил болсон. Хичээл дээр утсаа оролдох цөөн тохиолдол гарч байгаа ч утсыг нь хураан авч, эцэг эхийг нь дуудан Засгийн газрын тогтоолыг танилцуулдаг. Улмаар тухайн хүүхдүүд дахин гар утас оролдох үйлдэл гаргаагүй. Харин эцэг, эхчүүд хичээлийн үеэр хүүхдүүдтэйгээ холбогдох шаардлага гарвал хэрхэн холбогдох талаар асуудал гарч байгаа. Тиймээс бид эцэг, эхчүүдийг эхлээд сургуулийн утас руу холбогдохыг, цааш нь жижүүр багшаар дамжуулан хүүхэдтэй нь яриулж байна. Энэ тогтоол хэрэгжиж эхэлснээр манай сургуулийн сурагчдын анхаарал төвлөрөлт нь ихээр нэмэгдсэн” гэлээ. Харин энэ талаар сурагчид “Бид сургууль руу орохдоо утасныхаа дууг хаах, эсвэл унтрааж орж ирж байгаа. Ийм тогтоол гарсан болохоор хичээлдээ анхаарахад илүү нөлөө үзүүлж байна. Өмнө нь утсаа хураалгадаггүй байхад түүнд их сатаардаг байжээ. Харин одоо зөвхөн хичээлээ хийж байна” гэж байна.

 

Монгол III сургуулийн сурагчид ухаалаг утаснаас татгалзаж товчлууртай утас барьж байна.

 

С.Сосорбурам: Товчруултай утас ашиглах уриалга гаргаж байна

Бид Монгол III сургуульд очлоо. Сургуулийн үүдэнд утсаар ярьж байгаа хоёр ч хүүхэд таарав. Гэхдээ тэд хоёулаа товчлууртай утас барьсан байлаа. Тэднээс ухаалаг утасны хэрэглээг хязгаарлах тогтоолын талаар тодруулахад ихэнх хүүхэд гар утас ашиглахгүй байгаа ч ахлах ангийнхан сургуулийн булан тохойд очиж утсаар ярьдаг юм. Тиймээс тогтоолын хэрэгжилт ямар байгааг тус сургуулийн нийгмийн ажилтан С.Сосорбурамаас тодрууллаа.

-Хичээлийн цагаар ухаалаг утасны хэрэглээг хязгаарлах Засгийн газрын тогтоол өнгөрсөн сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Тогтоолын хэрэгжилт ямар байна вэ? 

-Манай сургуулийн хувьд энэ тогтоолыг хэрэгжүүлж ажиллаж байна. Ингэхдээ ухаалаг утас биш товчлууртай утас ашиглах уриалга гаргаж байгаа. Энэ шийдвэрийг бага, дунд, ахлах ангийн сурагчдын эцэг, эхчүүдийн дунд зөвлөгөөн хийж гаргасан. Тиймээс эцэг, эхчүүд их дэмжиж, хүүхдүүдээ товчлууртай утастай болгож байна.

-Хүүхдүүд ухаалаг утас хэрэглэхгүй байснаар ямар эерэг хэр гарч байна вэ?

-Үр дүн сайн байна. Жишээ нь, хүүхдүүдийн анхаарлыг сарниулагч хамгийн том зүйл нь гар утас байсан нь батлагдсан. Одоо хүүхдүүд хичээлдээ илүү их анхаардаг болсон.

-Хүүхдүүд ухаалаг утас ашигласан тохиолдол илэрч байна уу?

-Цөөн тохиолдол гарч байгаа. Утасныхаа дууг нь хааж, нууж ашиглах тохиолдлууд гарсан. Тэр бүрт нь тогтоолын талаар тайлбарлаж, утсыг нь авч байгаа. Хамгийн гол нь эцэг, эхчүүд өөрсдөө хүүхдийнхээ эрүүл мэндийг бодож хаана ч ухаалаг утас ашиглуулахгүй баймаар байна. Гэтэл эсрэгээрээ хүүхдээ хүнээс дутаахгүй гэж ухаалаг утас өгснөөр хүүхдийн эрүүл мэндийг хохироох, улмаар гэмт хэргийн золиос болгох юм.

Харин тус сургуулийн сурагч Б.Нарангэрэл “Бид ухаалаг утас ашигладаг байхдаа хичээлийн цагаар интернэт орох, зургаа авахуулах гэх мэтээр их сатаардаг байсан. Одоо энэ асуудал бараг байхгүй. Товчлууртай утсаа ашиглаж байгаа. Мэдээж ухаалаг утас биш болохоор онцгүй санагдаж байгаа гэв.

Хүүхдүүд “Сургуулийн орчинд ухаалаг утас ашиглахгүй байх шийдвэр сайн хэрэгжиж байна”. Төр засгийн шийдвэр гарч, багш нарын хяналтад орсон ч хүүхдүүдийнхээ эрүүл мэнд, ирээдүйн төлөө эцэг, эхчүүд ч анхаарах шаардлагатайг багш ажилтнууд хэлж байна.

Сонирхуулахад, манай  улс цахим хэрэглээгээрээ Азидаа тэргүүлдэг бөгөөд  улсын хүн амын 80.6 хувь нь интернэт, 99.7 хувь нь гар утас хэрэглэдэг гэсэн судалгаа гарчээ. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Дэлхий банктай хамтран 2017 онд явуулсан судалгаагаар хот, хөдөө, орон нутгаас сонгосон  ерөнхий боловсролын 14 сургуулийн 8-17 насны 1278 сурагчаас асуумж авахад 71.8 хувь нь гар утастай гэсэн байна. Мөн тэдний 54.6 хувь нь цахим орчинд аялах боломжтой ухаалаг гар утас хэрэглэдэг аж. Мөн нийслэл дэх нийт сурагчдын 96.9 хувь, хөдөөгийн сурагчдын 93 хувь нь цахим хаягаа тогтмол хэрэглэдэг байна.

М.ДУЛАМСҮРЭН

Үндэсний шуудан сонин