“Голомт” харилцагчаа доромжилж, цагдаа шиг загнав
2013/03/25
Монгол Улсын иргэнийг “Голомт” банк эрэн сурвалжлав. Зургийг нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж, онц ноцтой гэмт хэрэгтэн хайж байгаа мэт аяглалаа. Тэгээд үүнийхээ төлөө уучлал гуйх нь бүү хэл, харин ч бүр ардын дайсныг ялсан баатар мэт байх аж.
Одоогоос сар гаруйн өмнө “Голомт” банкны нэг салбарын теллер мөнгө солиулахаар ирсэн харилцагчдаа үйлчилжээ. Гэхдээ тэрбээр өөрөө хариуцлага алдсаны улмаас нэг сая төгрөг илүү тоолж өгөөд явуулчихсан юм байж. Харин “Голомт” банкныхан энэ хэргийн бурууг мөнөөх харилцагчдаа тохсон байна. Теллертээ бол ер нь хир халдаахгүй бололтой шүү. Ингээд тус банкнаас Эрүүгийн цагдаагийн газарт хүсэлт гаргаж, харилцагчийнхаа камерт бичигдсэн зургийг хэвлэлээр цацсан юм.
Өмссөн хувцас, гартаа барьсан цүнхнээс эхлээд нүдээ арчаад сайн харвал нүүрэн дээрх үрчлээс нь харагдахаар тод томруун гарсан тэрхүү зургийг хараагүй хүн бараг үлдээгүй биз. Таньдаг мэддэг хүн нь бол “Ямар ичмээр юм бэ” гэж хэлж ч мэдэхээр. Таньдаггүй нэгэн нь “Энэ хүнийг таних уу” гэж сураглаж болохоор.
Яг юу болсон талаар нь “Голомт”-ын олон нийттэй харицлах ажилтан н.Солонгоос асуулаа. Тэгтэл “Эрүүгийн цагдаагийн газраас тэр зургийг тараасан юм. Түүнээс хойш бид харилцагчтайгаа холбогдоод мөнгөө эргүүлээд авчихсан. Одоо ямар ч асуудал байхгүй” хэмээн хариулав. Харин “Голомт” банкны Маркетингийн хэлтэсийн захирал Н.Очирхуягаас тодруулахад “Бид энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ. Тэдний хэн нь ч нэг сая төгрөг илүү тоолж өгсөн теллерийн тухай дурьдсангүй. Түүнтэй хэрхэн хариуцлага тооцсон бэ гэдгээ ч хэлсэнгүй. Ийнхүү “Голомт” банкныхан нэгэн харилцагчаа сая төгрөгийн “гэмт хэрэгтэн” болгож орхив.
Нэгэнт л тус банкаар үйлчлүүлж байгаагаас хойш тухайн харилцагчийнх нь бүхий л мэдээлэл хадгалагдсан баймаар. Холбогдох утас, гэрийн хаяг, электрон шуудангийн хаяг, ажлын газар, тэр ч бүү хэл шаардлага гарвал холбоо барих боломжтой ойр дотны хүнийх нь талаарх бүхий л мэдээлэл банкинд байдаг. Гэтэл “Голомт”-ынхон энэ боломжоо ашиглахаас татгалзаж, асуудлыг хурдхан шийдэхийн тулд цагдаад хандсан хэрэг болж таарав уу. Ер нь энэ банкаар үйлчлүүлэх нь нэр хүндээ алдах баталгаа болох юм гэж үү.
Уг нь бүр нарийн ярих юм бол үйлчилгээний ажилтан нь хариуцлагагүй байгааг илрүүлж өгсөнд нь мөнөөх үйлчлүүлэгчдээ талархмаар санагдах юм. Гэвч тэгдэггүй хорвоо аж. Энэ асуудал ингээд нам гүм болж дууссан гэж “Голомт”-ынхон тайлбарлаж байгаа. Гэтэл нэр төрөө доромжлуулчихсан харилцагчаасаа уучлал гуйгаа болов уу. Хэвлэлээр зарлаж эрэн сурвалжилсан юм чинь бас хэвлэлээр уучлалын үгийг дайгаа болов уу. Үгүй л байх. Эрүүгийн цагдаагийн газрын эрэн сурвалжлах мэдээлэл дунд “Голомт” банкны зүгээс “Хэрэв та энэ хүнийг таньдаг бол илүү авсан мөнгөө буцаагаад өг гэж хэлээрэй” хэмээн олон нийтээс дэмжлэг хүсч байгаагаа албан ёсоор мэдэгджээ...” хэмээн онцолсон байна. Нэртэйгээр нь “Сая төгрөгийн “гэмт хэрэгтэн”-ийг олж өгсөн хүнд шагналтай” гээд биччихгүй яагаа вэ.
“Голомт” банк ч яах вэ, одоо ингээд нэг сая төгрөгөө олоод авчихдаг юм байж. Тэгвэл теллерийн буруугаас болж илүү мөнгө авчихсан харилцагч нь нэр хүндээ яаж сэргээх вэ. Өргөдөл бичээд, шүүхэд гомдол гаргавал сая байтугайг нь нэхэмжлэх эрхтэй болно. Ер нь хүний нэр хүндийг хэмжиж болдог юм уу. Боллоо ч ганц сая төгрөгөөр лав биш.
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн нэгдүгээр хэсэгт “Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн гэм хорыг арилгасныг үл харгалзан эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан, иргэнийг өөрийн зөвшөөрөлгүйгээр элдвээр дүрсэлж нийтэл, улмаар олон нийтэд үзүүлсэн тохиолдолд учирсан эдийн бус гэм хорыг нөхөн төлүүлж болохоор хуульчилсан. Тэгэхээр ажлаа хийж чадаагүй теллерийн гаргасан алдааны хариуцлагыг “Голомт” банкны харилцагч нэр төрөөрөө үүрч байгаа болж таарлаа. Ямар ч гэсэн энэ банк харилцагчаа доромжилж, цагдаа шиг загнав.
Т.Элиса